Э.СОЛОНГО
Намрын адаг сар шувтарч байна. Өвөл хаяанд ирчихлээ. “Хэтэвчний хэмнэлт” энэ удаа орон байраа дулаалахаар зэхэж буй хүмүүст зориулж сурвалжлага бэлдлээ.
ХҮМҮҮС НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ БАЙНА
“Цайз” захад өвлийн нүүрсээ базаахаар ирсэн хүмүүс өвлийн түлшэнд 2-3 портер нүүрс шаардлагатай гэж үзэж байна. 30-40 ам метр талбайтай монгол гэрт өвлийн турш хоёр портер нүүрс хангалттай хүрэлцдэг байна. Харин 50-70 ам метр талбайтай байшинг гурван портер нүүрсээр халаадаг туршлагаасаа гэр хорооллынхон хуваалцлаа. Тэд тус захаас нэг портер нүүрсийг 180-250 мянган төгрөгөөр авч байна. Үндсэндээ өвлийн турш түлэх түлшээ 400-600 мянган төгрөгөөр шийдэж байгаа юм. Тэд нүүрсийг бусад халаалтаас ялгарах онцлогийг “Цаг зав, хадгалах агуулах сав шаарддаг. Халаалтын материалуудаас 100-200 мянган төгрөгөөр үнэтэй тусаж байна. Гэр оронд ч гэсэн бусад халаалтыг бодоход тав тухгүй байдаг. Гэхдээ эртнээс хэрэглэж ирсэн болохоор энэ өвөл дахин нүүрсээ авч байна” гэлээ.
ХАЛДАГ ХУЛДААСЫГ ЦАХИЛГААНЫ 50 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТ ДАГАЛДАНА
Цахилгаанаар халдаг хулдаас, хавтан шалны ам метр нь 33-50 мянган төгрөг. 30 орчим ам метр талбайтай гэрийн халаалтыг 900 мянган төгрөгийн халдаг хулдаас, хавтан шалаар шийдэх юм билээ. Эдгээр халаалтыг нэвтрүүлсэн компаниуд хулдаас, хавтан шалыг үнэгүй суурилуулдаг гэдгээ онцоллоо. Цахилгаанаар халдаг хулдаас, хавтан шал нэмэх 40-60 хэм хүртэл халдаг байна. Харин цахилгааны зарцуулалт нь сард 100-150 мянган төгрөг болно. Үүний 50 хувийг агаар бохирдуулахгүйгээр халаалтаа шийдсэн гэж үзэн төрөөс хөнгөлж байгаа юм.
ХАЛААЛТАА ХАНЫН ЖААЗААР ШИЙДЭЭРЭЙ
“Дэлгэр Онон партнерс” компани халаалтын нэгэн шинэ шийдлийг Монголд нэвтрүүлжээ. Гэр бүл, хайртай хүмүүс, төрсөн нутгийнхаа зурагтай жаазаар хувийн сууцыг халаах боломжтойг тус компанийнхан хэлж байна. Жаазанд суурилуулсан халаалтын төхөөрөмж цахилгаанд залгаснаар нэмэх 35 хэм хүртэл халах юм. Тухайлбал, 40 ам метр талбайтай гэр, байшинг 16 ам метрийн хэмжээтэй жаазанд халах хүчин чадал бий. Энэ жаазны нэг ам метр нь 26 мянган төгрөг гэхээр 40 ам метр талбайтай гэр, байшингийн халаалтыг 400 гаруй мянган төгрөгөөр шийдэх аж. Харин сард зарцуулах цахилгааний төлбөр 24-50 мянган төгрөгт хэлбэлзэх юм байна.