Ж.ЦОГЗОЛМАА

 Авлигатай, “хөөсөрсөн” төсвийн тухай яриа хүчээ авч байна.

Энэ оны төсвийн тодотголыг батлахдаа чамгүй сургамж авсан болохоор ирэх онд алдаагаа давтахгүй хэмээн Засгийн газар мэдэгдэж байгаа. 500 саяар барих байшинд таван тэрбум төгрөг нэхэж байгаа нөхдийн нуувчийг “сэтэлж” ирэх оны улсын “хэтэвч”-ийг элдэв цоорхойгүй батлах юм гэсэн.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Олон жил он дамжиж, тэр тоолонгоор төсөвт өртөг нь нэмэгдсэн объектууд маш олон бий. Энэ бүгдийг бид эргэн харж байгаа.

Төсөвт авлигын мөнгөө шингээдэг явдал газар авсан байна.  Тиймээс төсөв ерөнхийлөн захирагч нар болон бусад холбогдох албаны хүмүүсийг АТГ-т шалгуулах зүй ёсны хэрэг” гэж мэдэгдлээ. Төсвөө батлахаар хүлээж буй энэ цаг үед авлигатай төсвийн авторууд ч тун удахгүй олонд ил болох бололтой. 

 

ГҮЙЦЭТГЭГЧ НЬ ШАЛГАРААГҮЙ ТЕНДЕРҮҮД

Ирэх оны төсөвт салбар яамдаас ирүүлсэн саналаас шүүгээд үзвэл нийт 109 ажил он дамжин хэрэгжиж буйг харж болно. 2008 оноос эхлэлтэй хэр нь одоо ч гүйцээгүй, анх 1.8 тэрбум төгрөгөөр төсөвлөгдсөн ажил ч бий. Бүр тодруулбал, Говь-Алтай аймгийн 500 суудалтай Алтай чуулгын барилгын ажил 2008 онд 1.8 тэрбум төгрөгөөр баригдана гэсэн ч он дамжсаар 2011 онд 4.7 тэрбум болж өртөг нь 2-3 дахин өссөн байна. Харин ирэх онд энэ ажлыг дуусгахын тулд 5.5 тэрбум төгрөг хэрэгтэй гэж байна.

Өөрөөр хэлбэл, зургаан жил дамнасан чуулгын барилгын ажлын төсөв гурав дахин өссөн дүнтэйгээр ирэх оны төсөвт биеллээ олсон байх юм. Үүний дараа 300 сая төгрөгөөр барихаар 2008 онд төсөвт тусгасан Архангай аймгийн Багшийн коллежийн сургуулийн барилга 2009 онд 2.8 тэрбум төгрөг болж хэд дахин өссөн байна. Үүгээр ч зогсохгүй энэ оны төсөвт өртөг нь 3.1 тэрбум, ирэх онд 3.7 тэрбум төгрөг нэхэж байгаа юм. Энэ мэтээр хэдэн жил дамнан хэрэгжээгүй ажлын өнгөн хэсэг болсон 109 барилга, байгууламжийн ажлын төсөвт өртөг энэ онд 192.4 тэрбум төгрөг гэж төсөвт суусан бол ирэх онд 317.5 тэрбум төгрөг болж бараг хоёр дахин өсчихөөд байна. Бүр хачин нь эдгээр ажлаас 26 нь гүйцэтгэгч нь шалгараагүй гэсэн шалтгаанаар буух эзэн буцах хаяггүй “унтаж” байна. Эдгээрийн төсөв нь өнгөрсөн онд шийдэгдсэн ч ирэх оны төсөвт 43.1 тэрбум төгрөгийн дүн эзлээд данхайж байгаа юм.

Чуулганы хуралдаанд дээрх “хөөстэй“ төсвийг Ерөнхий сайд ч хатуухан шүүмжилсэн. Энэ бүхнээс үндэслэн ирэх оны төсвийг авлигажсан хэмээж буй олон гишүүний нэг нь М.Батчимэг. Түүний тайлбарласнаар УИХ-ын гишүүд тойрогтоо амлалтаа биелүүлэхийн тулд чуулганы хуралдаанд тендергүй, зураггүй, газрын зөвшөөрөлгүй, техникийн төсөлгүй хэд, хэдэн бүтээн байгуулалтын ажил оруулаад ирдэг. Оруулж ирээд зогсохгүй шахалт шаардлага, лоббигоор батлуулдаг байна. Гэтэл өнөөх нь газар дээрээ очоод хэрэгжих боломжгүй байдагт л хамаг учир бий. Зүгээр л сонгуульд улс төрийн дэмжлэг авах гэсэн улстөрчдийн ажил болоод дуусдаг нь энэ. Хоёрдугаарт, энэ нь хуулийн цоорхой. Үүгээр авлигажих, хий мөнгө тавих нөхцөл бүрдэж байгааг тэрээр шүүмжилж байгаа. “500 хүүхдийн сургуулийг гурван аймагт барья гэхээр өөр, өөр төсөв, зураг төсөлтэй орж ирдэг. Соёлын төв ч мөн адил. Яах вэ, төсвийг нь гаргаж байгаа хүмүүс алдаа гарахыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл тийм хүмүүст хариуцлага тооцох механизм сул байна. Харин батлуулж байгаа эрхмүүд нь зориудаар зардал үүсгэхийг үгүйсгэхгүй” гэж эрхэм гишүүн ярьж байна. Энэ тохиолдолд төсөвт өртгөө нэмдэг компаниуд болоод тэдэнтэй холбоотой “зуучлагчид”-ын нэрс бас дурайх нь.

 

БААСАН ГАРИГ БУЮУ ЖАГСААЛТ ЗАРЛАХ ӨДӨР

Энэ сарын 17-ны УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын дарга З.Энхболд төсөвт ажлуудын өртгийг хэд дахин нэмж, он дамжуулсан бүх компанийг нэгтгэн гаргаж, баримтуудтай нь 76 гишүүнд болон Авлигатай тэмцэх газар өг гэсэн үүрэг даалгаврыг Эдийн засгийн хөгжлийн сайдад өгсөн юм. Ингэснээр төсөвт өртгөө шалтгаангүйгээр өсгөсөн компаниудыг шалгуулахаар болсон. Бас төсвийг хэтрүүлсэн, тодотгол хийх шаардлагатай нөхцөлд хүргэсэн бүх хүнд хариуцлага тооцох ёстой гэж парламентын гишүүд үзэж байгаа юм.

Хар дэвтэрт бичигдэх компаниудын нэрсийн жагсаалтыг гаргахаар УИХ-ын тогтоол хүртэл гараад байна. Ингэхдээ УИХ дахь Төсвийн зарлагын дэд хорооноос энэ баасан гаригт багтаан дээрх жагсаалтыг гаргахаар болсон байна. Үүний дараа үйл явдал цааш хэрхэн өрнөх нь тодорхой болох юм.

Дээр дурдсанчлан 109 барилга, байгууламжийн ажлын төсөвт өртгийг өсгөсөн компаниуд, тэдгээрийн төсвийг баталсан төсөвчид, тэдэнд зам гаргаж УИХ-д ногоон гэрлээр батлуулсан цагаан захтнуудын хэн нь хариуцлага хүлээхийг харах гэхээс олон хүний аазгай хөдөлж байгаа. Бас шинэ Засгийн газар, шинэ парламентын ардчиллын төлөө, шударга ёс, санхүүгийн ил тод байдлын төлөө зэрэг олон уриа, лоозон амьтай, үгүйг батлах цаг айсуй.

Ер нь ийм савнаасаа “хальсан“ зарлагатай төсөв зөвхөн ирэх оны орлого, зарлагад нүүрлээд байгаа юм биш. Өнгөрсөн таван жилд төсвийн хөрөнгө оруулалт тав дахин нэмэгдэхэд түүнийг дагаад он дамнасан төсөл хөтөлбөр, тендерүүд байсаар ирсэн юм. Яагаад гэхээр 2009 оноос хойш ч хэдэн жил дамнан хойшилсон, хөрөнгө мөнгөө шийдүүлчихээд байрнаасаа хөдлөөгүй тендерүүд хэрээс хэтэрсэн нь судлаачдын эргэлзээг төрүүлж байгаа. Бодит байдал дээр энэхүү гацсан, “царцсан” хөтөлбөрүүд нь төсвийн алдагдал, үр ашиггүй зарлагад жинтэй хувь нэмэр оруулж буй нь улс төрийн гэхээсээ бодлогын том алдаа гэж тайлбарлах хүн ч бий. Иймд цаад учрыг хөөн хэлэлцэж, төсөв авлигатай болсныг зарласных нь төлөө Ерөнхий сайдаа огцруулах тухай ярьж буй парламентад суудалтай намууд өөрсдөө үе үеийн төсөв зохиогчдоосоо хариуцлага нэхэх ёстой гэж үзэх хэсэг бас байна.

 

ТӨСВӨӨ ХЭТРҮҮЛСЭН КОМПАНИУД ЮУ ГЭЖ МЭДЭГДЭВ?

Говь-Алтай аймгийн Алтай чуулгын 500 суудалтай барилгыг 2008 оноос хойш он дамнуулан барьж буй “Заг” компанийн Санхүү эрхэлсэн захирал С.Нарангэрэл “Гурван жил дамнан орж ирсэн мөнгө нь 1.8 тэрбум төгрөг. Тэр хугацаанд хийгдээгүй ажлын зураг гарч ирээд дахиад нэмэлт ажил хийгдэх болсон. Энэ бүхэн нэмэгдсээр эцсийн байдлаар нийт 4.6 тэрбум төгрөгийг бид авчихсан байгаа. Үүнээс гадна эргэдэг тайзны ажил тэр чигээрээ орхигдчихсон, төсөвт суугаагүй учраас дахин хийхээр 1.5 тэрбум төгрөгийн төсөв гарсан. Энэ ажил дахин хийгдэхээр болоод бай­на” гэв. Төсөвт өрт­гөө нэмж, төсвийг “хөөсрүүлж” байна гэсэн шүүмжлэлтэй тэрээр санал нийлэхгүй гэсэн байр суурьтай байгаагаа бас илэрхийлэв. “Улсын төсвийн ажлыг анхнаас нь зураг төслийг нь зөв гаргаад, хийгдэх ажлыг бүрэн тусгаагүйгээс сүүлд нь олон ажил нэмэгдэх болдог. Өөрөөр хэлбэл, түүхий тендер зарлаад байна. Зөвхөн барилгаас бусад гадна дулаан, шугам сүлжээ гээд олон зүйлийн зураг нь гаргаагүй байдгаас өртөг нь нэмэгдээд байна” гэж тэрээр нэмж хэлэв.

Тэгвэл Өвөрхангай аймгийн Уянга сумын 640 суудалтай сургуулийн барилгыг 2009 оноос эхлүүлээд 500 сая төгрөгийн төсвөө хоёр тэрбум төгрөгт хүргээд байгаа “Химон констракшн” компанийн ерөнхий захирал Ш.Энхтөр “Угаасаа 2.8 тэрбум төгрөгийн төсөвтэй байшингийн мөнгийг олон жил хувааж өгсөн нь энэ юм. 500 сая төгрөгөөр суурийн ажил, хоёр тэрбумаар дээврийн ажил зэргээр хувааж гэрээ хийсэн. Төсвийг гурван жил хуваасан юм. Энэ хугацаанд үнийн хөөрөгдөл үүсч одоо хүртэл хүлээгдэж байна. Компаниуд үнийг үндэслэлгүй өсгөж байна гэдэгтэй санал нийлэхгүй. Бодит үнийн дүнгээрээ манай компани энэ ажил дээр нэг тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа” гэсэн юм. 

Төсвөө хэтрүүлж, хэдэн он дамжуулсан компаниуд болоод тэр төсвийг нь баталсаар ирсэн он оны парламентын гишүүдийн хэн нь хариуцлага хүлээх нь ирэх баасан гаригаас эхлэн олон нийтэд ил болох бололтой.