Э.ӨНӨР
Манай улс чөлөөт зах зээлд шилжсэнээс хойш шар металлын салбар хурдтай хөгжжээ. Үүнд “Алт” хөтөлбөр чухал үүрэг гүйцэтгэснийг салбарынхан онцолж байна. Өнгөрсөн баасан гаригт энэ хөтөлбөрийг санаачлагч Монгол Улсын анхны Ерөнхийлөгч,академич, профессор П.Очирбатын “Үнэт эрдсийн цогцолборын хөгжлийн стратеги ба экологи /алт, мөнгө, алмаз/” номын хэлэлцүүлэг Уул уурхайн үндэсний ассоциацид боллоо. Шар металлын салбарт ямар өөрчлөлт бий болсныг салбарынхан дүгнэн ярилцсан юм.
АЛТНЫ ШИНЭ ҮЕ ЭХЭЛЖЭЭ
1992 онд манай улсад найман аж ахуйн нэгж 775.6 кг алт олборлож байсан бол “Алт” хөтөлбөрийн хүрээнд 1992-1996 онд 13.125 тонныг олборложээ. Мөн “Алт 2000” хөтөлбөрийн хүрээнд алтны хэмжээ 1997-2000 онд 53.486 тонн болсон байна. Үндсэндээ энэ хөтөлбөр бий болсноор Монгол Улс 66.6 мянган тонн алт олборлосон аж. 1992 онд алт үйлдвэрлэлийн салбарт 950 хүн ажиллаж байсан бол 2000 онд 7500 болж өсчээ. Олборлолтын хажуугаар геологи, хайгуулын ажил ч урагштай байсныг салбарынхан хэллээ. “Алт” хөтөлбөр хэрэгжсэнээс хойш 1991 онд 140.49 тонн байсан алтны нөөц 2000 он хүртэл шинээр 110.36 тонноор өссөн байна. Мөн 2006 онд алтны салбарын хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгийн хэмжээгээр манай улс дэлхийд 10 дугаарт оржээ.
600 КГ-ААС 24 МЯНГАН КГ ХҮРТЭЛ ӨССӨН ОЛБОРЛОЛТ
Энэ хөтөлбөр хэрэгжиж байх хугацаанд алтны үнэ 200-300 ам.доллар байжээ. Тэр үед энэ металлын ханш одоогийнх шиг байсан бол Монголын эдийн засагт томоохон өөрчлөлтийг бий болгох байсныг Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба онцолсон юм. Мөн тэр үед өнөөдрийнх шиг их хэмжээний нүүрс, төмрийн хүдэр, газрын тос экспортолж, үүнийг даган гадны хөрөнгө оруулалт төвлөрч, валютын нөөц бүрдээгүй байсан нөхцөлд алтны салбараа ашиглах нь зөв алхам байсан гэж тэрээр үзэж байна. Тухайн үед алтны аж үйлдвэрийн салбар төсвийн орлого, ДНБ-ийн 20 орчим хувийг бүрдүүлж, 107.6 сая ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлжээ. Харин “Алт” хөтөлбөрийг санаачлагч тухайн үеийн эдийн засгийн нөхцөлийн талаар “Тухайн үеийн нөхцөл байдлыг өнөөдрийнхтэй харьцуулбал тэс өөр дүр зураг гарна. 325 хувийн инфляцтай, гадны зээл тусламж зогсч, дотоод нөөц боломжоороо эдийн засгийн уналтыг давж гарах шаардлага тулгарсан үе байлаа. Тухайн үед алтны таамаг нөөцийг 3000 тонн гэж үзсэн болохоор үүнийг ашиглах хэрэгтэй байсан. “Алт” хөтөлбөрөөр олсон олз их, гарсан гарз ч бий. Жилд 600 кг-ыг олборлодог байсан алт 2005 онд 24 мянган кг болж нэмэгдсэн. Ингэж байж эдийн засгийн уналтыг зогсоох, тогтворжуулах, зарим талаараа өсөлтийн суурийг бий болгож чадсан. Гадныхан зээл өгөхдөө манай улсын төлбөрийн чадвар ямар байгааг харна. Валютын нөөцгүй, төлбөрийн чадваргүй улсад зээл өгөх хүн олдохгүй. Тиймээс төлбөрийн чадвартай болох, валютын нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай тулгарсан” хэмээн дурслаа.
“НИНЖА”-Г БИЙ БОЛГОСОН Ч...
“Алт” хөтөлбөрийн сөрөг зүйлээр нөхөн сэргээгээгүй байгаль орчин, “нинжа” хэмээх зохион байгуулалт, дүрэм журамгүй шинэ бүлгийг салбарынхан нэрлэв. 2001 оны байдлаар улсын хэмжээнд уул уурхайгаас болж 5.8 мянган га газар эвдрэлд оржээ. Үүний 5.36 мянган га нь 1992-2000 онд эвдэрчээ. Мөн тухайн үед нөхөн сэргээлт хийдэггүй, эсвэл дутуу хийдгээс байгаль орчны унаган төрх алдагдсаныг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас судалжээ. “Алт” хөтөлбөр эхэлж байхад 1992-1996 онд компаниудын техникийн нөхцөл байдал муу, тэд нөхөн сэргээлтийн талаар тааруу ойлголттой байсан нь энэ хөтөлбөрийн сөрөг дагаврыг бий болгожээ. Мөн энэ хөтөлбөрийг эхлүүлж байх үед техник технологийн хүчин чадал муугаас болж хаягдал их гардаг байв. Мөн 2001 оноос энэ салбарт “нинжа” хэмээх шинэ бүлэг бий болжээ.