Ж.ЦОГЗОЛМАА
Ирэх онд манай улс долоон их наяд 270 тэрбум төгрөгийн орлого олж, долоон их наяд 686.3 тэрбумыг нь үрнэ. Ингэснээр төсвийн алдагдал 416.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьтай тэнцэнэ хэмээн Засгийн газар үзэж байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард энэ оны төсвийн алдагдлыг дээрхийн адилаар хоёр хувьд барихаар тооцож байлаа. Ингэхдээ нийт орлогоо долоон их наяд 88.3 сая, зарлагаа долоон их наяд 444.6 тэрбум төгрөг гэж байв. Оны сүүлч гэхэд алдагдлын хэмжээ гурав дахин өсч, сүүлийн 13 жилийн хамгийн өндөр хэмжээнд тулсан билээ. Оюутолгойгоос орох мөнгө гацсан нь алдагдалд унагасан гэж улстөрчид тайлбарлаж байна. Бас гадаадын хөрөнгө оруулалт хоёр дахин буурснаас орлого багасч, ам.долларын төгрөгтэй харьцах ханш анх удаа 1800 төгрөгийн босго давсан юм.
Барууны орнуудаас гаралтай “Ирээдүй өнөөдөртэй адилхан байдаг” гэсэн зүйр үг бий. Гарт баригдах, нүдэнд үзэгдэх өөрчлөлт хийж чадаагүй л бол ялгаа гарахгүй гэсэн утгыг ийн илэрхийлжээ. Тэгвэл ирэх оны төсөвт алдагдлаа хоёр хувиар тооцож, орлого зарлагаа энэ жилийнхээс хэтрүүлэхгүй гэж төлөвлөсөн нь ирээдүйд хэр бодитой байх бол. Асуулт ар араасаа ургах зуур дэлхийн эдийн засгийн хямрал хүрээгээ тэлж, үйлдвэрлэгч, худалдан авагч улс орнууд даалууны тойргоос гарах тэмүүллээ улам тод илэрхийлж байна. Хамгийн тод жишээ бол манай урд хөрш. Өрнөдийн компаниуд өрөнд баригдаж үүдээ хаахад хүрээд байгаа учраас дотоодын үйлдвэрлэгчдээ урамшуулах замаар бүх хятад хүний хэтэвчээр улсынхаа хөгжлийг өөд татах бодлого баримталж байна. АНУ, Европ, Герман зэрэг нэгэн цагт хүчирхэг эдийн засгийн буурь зааж байсан томчууд тэргүүн фронтоос аажмаар ухарч байгаа. Тэдний үүсгэсэн баян чинээлэг байдлын халхавчны цаадах өр зээлийн хямрал хяналтаас гарч дахин сэргэхээргүй төлвийг бий болгосон юм. Ийм болохоор 2014 оны төсөв Монгол Улсыг дотоодын тамын тогооны үлгэрээсээ салж, бас гадаад ертөнц дэх даалууны тойргоос болгоомжлохыг сануулж байна.
ОН ДАМЖСАН ЗАРЛАГУУДЫН УЧРЫГ ТАЙЛЪЯ
Парламентын танхимд төсвийг шүүлтүүрээр оруулсан өнгөрсөн хэдэн өдрийн үйл явдал Монгол Улсад бараг л анхных нь. Ерөнхий сайд нь төсвийнхөө алдаа оноог шулуухан хэлж, авлигажсан, “устай”, хяналтгүй явж ирснийг нь шударгаар сануулсан нь бас л анхных. Хэдэн жил дараалан гацаж, төсөвт өртөг нь хэд дахин өсдөг “хөөсөрсөн” төсвийг “но”-г илчилсэн нь зарим гишүүний эгдүүцлийг төрүүлээд авсан ч УИХ-ын танхимд салхи оруулсан гэдгийг олонх парламентч дуу нэгтэй зөвшөөрч байгаа.
Сүүлийн таван жилд төсвийн зардал 4-5 дахин нэмэгджээ. 2010 онд төсөв хөрөнгөө авчихсан хэр нь өдий болтол ажил нь хийгдээгүй төсвийн байгууллага ч байгаа. 2000 онд манай улсын нийт зарлага 430 тэрбум төгрөг байсан бол энэ онд 7.4 их наяд болcон. Бараа үйлчилгээний зардал 2000 оныхоосоо ес дахин өссөн байх юм. Үүнд эд хогшил худалдаж авах зардал 5.1 дахин, урсгал засвар 2.7 дахин, гадаад томилолтын зардал найм дахин, гадаадын зочны зардал 6.2 дахин, хурал зөвлөгөөний зардал 15.3 дахин өссөн нь өнөөдрийн төсөвт туссан хүнд өвчин. 800 саяар босох байшин найман тэрбум болж өөрчлөгддөг боллоо.
2011 онд Сэлэнгэд 800 саяар усан бассейн барина гэсэн ажил сунжирсаар өнөөдөр төсөвт өртөг нь 4.5 тэрбум болтлоо хөөсөрсөн нь наад захын жишээ юм. Суманд баригдаж байгаа 200 хүний суудалтай соёлын төвийн барилга Завханы Их Уул, Цэцэн Уул, Баянтэс сумдад 2011 онд 600-700 сая төгрөгөөр барихаар төсөвлөгдөж байсан бол харин одоо шинээр төсөвт орж ирэхдээ нэг нь 1.2-3.2 тэрбум болсон байна. Тэгэхээр төсөв хэлэлцэж байгаа энэ үед эдгээрийг нэг бүрчлэн шалгаж, зарлага нь нэмэгдэж, хугацаа алдсан шалтгааныг олон нийтэд яаралтай мэдээлэх хэрэгтэй байна. Өнөөдөр нь яриад маргааш нь мартчихвал 1000 төгрөгийг 10 мянга, 800 төгрөгийг 800 мянга болгож “хөөсрүүлж” тооцдог төсөв амь бөхтэй явсаар байх нь дамжиггүй.
ЗЭСИЙН ҮНЭ 6450 АМ.ДОЛЛАР БОЛНО ГЭВ
Дэлхийн эдийн засгийн зүрх нь болсон Азийн хөрөнгө оруулагчид бизнест мөнгө “урсгахдаа” илүү хянуур болоод байна. Тэдний таамаглаж буйгаар ирэх онд санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал эрсдэл дагуулна. Томоохон үйлдвэрлэгчдийн ашиг орлого 2014 онд буурах хар төсөөллийг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд гаргалаа. Тухайлбал, Өмнөд Солонгосын гангийн хамгийн том үйлдвэрлэгч “Поско”-гийн хувьцааны ханш энэ оны худалдааных нь урьдчилсан төлөв гарсны дараа 1.1 хувиар унасан. Цахилгаан барааны үйлдвэрлэгч “LG Electronics Inc”-ийн хувьцааны ханш өнгөрсөн улиралд ашиг орлого нь буурснаас шалтгаалаад 3.3 хувиар унажээ. Австралийн даатгал, тэтгэврийн хамгийн том компани “AMP Ltd”-ийн ашиг энэ улиралд бүр 65 сая австрали доллараар буурах төлөв гарч, хувьцааных нь ханш 4.3 хувиар унав.
Энэ зуур Монголын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ 13 хувиар буурна гэсэн бараан төлвийг санхүүгийн зах зээлийн шинжээчид гаргалаа. “Minyanville Media” цахим хуудаст мэдээлснээр энэ жилийн сүүлээр зэсийн ханш 13 хувиар унах нь. Харин “Блүүмберг”-ийн мэдээлж буйгаар тонн зэсийн үнэ өнгөрсөн онд дунджаар 7995 ам.доллар байсан бол өнгөрсөн сард 7210 “ногоон” болжээ. Гэтэл улсын төсөвт зэсийн үнийг 2012 оны гүйцэтгэлээр 7872 ам.доллар, энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 7336 ам.доллар гэж тооцжээ. Харин ирэх онд зэсийн үнийг 6800 ам.доллар гэж 500-1000 орчим ам.доллараар доогуур тооцсон байна. Энэ сарын 14-нд “Блүүмберг”-ийн 22 эдийн засагчийн дунд явуулсан санал асуулгаар тэдний олонхи нь ирэх онд зэсийн үнэ 6450 ам.доллар болж буурна хэмээжээ.
Иймд ирэх оны төсвийг амдаж буй үнийн уналт хийгээд “хөөс”, авлигыг хэрхэн даван туулах нь гол асуудал болж байна. Хэрхэн шийдэхийг нь харах үлдлээ.