Шинэчлэлийн Засгийн газраас долоон аймгийн 16 сумыг жишиг сум болгон хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн билээ. Төв аймгаас Лүн сумыг сонгон, таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, төсөл хэрэгжүүлсэн байна. Төслийн хүрээнд хийгдсэн ажил, Лүн сумын өөрчлөлттэй танилцахаар Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаар ахлуулсан баг тус сумыг зорилоо. Хаврын урь орж, цас хайлж мөстөөд Лүнгийн зам хальтиргаатай байна. Туул голын мөс ч хөлөрсөн шинжтэй алсаас гялтайн харагдана. Мөн замын тэртээд цагаан зээр сүрэглэн явахтай таарав. “Цас ихтэй болохоор идэш тэжээлээ хайн яваа байх” хэмээн манай машиныхан таамаглан ярина. Мөн Лүн сумыг цөлжилт эрчимтэй явагдаж байгаа газар хэмээн тогтоож “Ногоон хэрэм” төслийнхөн энд олон жил төсөл хэрэгжүүлэн ажилласан байдаг. Тэдний ажил одоо л нэг нүдэнд харагдаж гарт баригдахаар болжээ. Замын хажуугаар тарьсан модод овоо ургаж байна. Ийнхүү замд тааралдах сонин сайхныг сонжин явсаар бид Лүн суманд ирлээ. Улаанбаатараас 100 гаруй км-т, Лүн уулын нөмөрт байх энэхүү газар нь баруун аймгуудын дамжин өнгөрөх морин болон автотээврийн өртөө байжээ. Мөн анх Төв аймаг үүсэн бий болоход анхны төв нь Лүн сум байсан гэдэг. “Тиймээс аймгийнхаа анхны төв болох түүхт газраа Монгол Улсын жишиг сум болгохоор хөрөнгө оруулалтаа татсан. Мөн бид дөрвөн газрыг онцлог тулгуур болгон аймгаа хөгжүүлэхээр төлөвлөсөн. Түүний нэг нь Лүн сум байгаа юм” хэмээн Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат хэлж байв. Тэд сумын захиргаа, сургууль, соёлын төв гээд бүх л барилгаа нэгэн өнгө загвартай болгожээ. Мөн айлуудын хашааг ч адилхан загвараар ижилсүүлсэн харагдана.
ИРЭХ ЖИЛЭЭС ЛҮН ХОТХОН СҮНДЭРЛЭНЭ
Төв аймгийн Лүн сумыг Монгол орны хэвтээ тэнхлэгийн автозам дайран өнгөрдөг. Баруун аймаг руу зорих бүх л хүмүүс энэ газарт үдлээд өнгөрдөг учраас зөв менежмент хэрэгжүүлж чадвал хөгжих боломж тэндэнд бий. Тиймээс жишиг сум төслийн хүрээнд олон улсын стандартад нийцсэн кофе шоп, худалдааны төв, цэцэрлэгт хүрээлэн байгуулж сумынхаа төвд 400 орчим метр хатуу хучилттай зам тавьсан байна. Мөн балгас болоод байсан сумын төвийн захиргааны барилгаа шинэчлэн ашиглалтад оруулжээ. Лүн сумын захиргаа өмнө нь Соёлын төв дотроо байсан бөгөөд Ц.Оюунгэрэл сайд байхдаа “Танай сум шиг соёлын төв дотроо захиргаа нь байдаг газар өөр байхгүй. Захиргаагаа хурдан гаргана уу” гэсэн утгатай албан бичгийг удаа дараа ирүүлж байжээ. Харин одоо тусдаа захиргаатай болж амарлаа” хэмээн Лүн сумын Засаг дарга Б.Наранбат ярьж байв. Тэд захиргаа эмнэлэг, сургууль, музей гээд хуучин барилгаа засварлах ажилд нэлээд хөрөнгө зарцуулжээ. Түүнээс гадна иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн спорт цогцолбор, соёлын төв зэрэгт ихээхэн ач холбогдол өгсөн байна. Шинэчлэлийн хүрээнд хийгдсэн бас нэгэн томоохон ажил нь 2800 гаруй метр дулааны шугам татаж, хоногт 100 шоо метр ус цэвэршүүлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж байгуулсан байна. Цэвэрлэх байгууламжийг Чех улсаас захиалан хийлгэжээ. Ингэснээр одоогийн байдлаар сумын төвийн бүх л томоохон байгууллагууд халуун хүйтэн устай болж, дотроо 00-ын асуудлаа шийдэж чаджээ. Мөн иргэд нь хашаа руугаа бохирын шугам татсанаар тохь тухтай амьдрах боломж нээгдэж байгаа юм. “Лүн” нэртэй хаус хотхон байгуулахаар эхний байшинг ашиглалтад өгчээ. Энэхүү хаус нь 70 гаруй сая төгрөгийн үнэтэй гэнэ. “Одоохондоо үнэ нь арай өндөр байна. Арай жижиг ам.метртэй байшин бариад үнийн уян хатан бодлого баримталж чадвал манай суманд хаусанд орох айл нэлээд бий” хэмээн сумын иргэд ярьж байв. Мөн сумын төвийн дэд бүтцийг шийдэж өгснөөр иргэдийн хашааны газар үнэтэй болсон байна. Ирэх жилээс Лүн хотхонд захиалга авахаар болжээ.
УХААЛАГ ХУДАГТАЙ АНХНЫ СУМ БОЛЛОО
Дараагийн нэг танилцуулсан зүйл нь Ухаалаг худаг. 24 цагаар ажилладаг карт унших боломжтой ийм худаг Улаанбаатарт 4-5 ширхэг бий. Харин сумын төвд анх удаагаа Лүнд нээлээ. Монгол инженерийн ур ухаанаар бүтсэн энэ худгийг 10-аад сая төгрөгийн өртгөөр сумандаа авчирчээ. Ус түгээгүүрийн эрүүл аюулгүй стандартад нийцсэн, усны хэмжээ, нарийвчлалтай гардаг, цагийн хязгаарлалтгүй тогтмол ажиллагаатай гээд энэ худагт давуу тал их бий. Үүнээс хамгийн чухал зүйл нь усыг хэмнэж байгаа гэлээ. Ийм ухаалаг худагтай болсондоо Лүнгийнхэн ихэд баяртай байгаа ажээ. Мөн энэ сумынхныг төдийгүй ойролцоох сумын иргэдийг баярлуулж байгаа бас нэгэн зүйл нь иргэний бүртгэл мэдээлэл. Иргэд мэдээллээ авах гэж заавал аймгийн төв орох шаардлагагүйгээр Лүн сумаас авах боломжтой боллоо. Энд эд хөрөнгийн улсын эрхийн бүртгэл, иргэний үнэмлэхийн лавлагаа гээд олон төрлийн томоохон бүртгэлийг хийлгэж, бүртгүүлж, мөн 22 төрлийн мэдээллийг авч болох юм. Энэ нь иргэдийн цаг зав, эдийн засгийг хэмнэсэн ажил болсон хэмээн аймгийн Засаг дарга Д.Баярбат ярьж байв. Ийнхүү Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн жишиг сум хөтөлбөр Лүн суманд хэрэгжиж дуусчээ. Тэд таван тэрбум төгрөгөөр юу хийж бүтээснээ тайлагналаа.
Н.Алтанхуяг:ЛҮНД ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫГ САЙН ГҮЙЦЭТГЭСЭН БАЙНА
Энэ үеэр Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Бид хөрөнгийг нь шийдэж өгсөн. Харин нөхөд юу хийдэг бол гэж их санаа зовж байлаа. Лүн сумын хувьд ажлаа сайн гүйцэтгэжээ. Бид 16 суманд таван тэрбум төгрөг өгч, сумандаа сайхан амьдрах боломж олгосон. Ажлаа сайн хийсэн нь ч байна. Дундговь аймгийн Гурвансайхан суманд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байсан Р.Эрдэнэбүрэн энэхүү төслийг хэрэгжүүлсэн. Тэр бол хамгийн шалгарсан хэлбэр нь байлаа. Одоо хүртэл арга эвээ олохгүй яваа нь ч байгаа юм. Жишиг сум хөтөлбөр хэрэгжсэнээр сумандаа даараад чичрээд байхгүй, гараад явахад нүх рүү хөлөө хийгээд уначихгүй шиг тайван амьдрах орчныг л бүрдүүлэх гэж үзлээ. Улс орон хөгжинө гэдэг хүний хөгжил юм. Харин хүний хөгжлийн чухал зүйл нь хүний амьдрах орчин байдаг. Тиймээс цаашид болж өгвөл Монгол орны бүх суманд ийм боломж олгох хэрэгтэй байна” гэв. Ямартай ч энэхүү ажлыг санаачлан хэрэгжүүлсэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Лүн сумын өөрчлөлтөд сэтгэл хангалуун буцлаа. Сумын иргэд ч жишиг сум төсөлд баярлаж байгаагаа илэрхийлж байв. Харин одоо цаашид хийж хэрэгжүүлсэн ажлаа хэрхэн үргэлжлүүлж, ямар бодлого баримталж орон нутгаа хөгжүүлэх вэ гэдэг нь сум орон нутгийн удирдлагуудаас шалтгаалах биз ээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин