Ж.ЦОГЗОЛМАА
Цалин буулаа. Өр зээлээ дараад цаана нь гурил, будаа, хүүхдийн живхэндээ зарцуулахад хүрэхтэй үгүйтэй мөнгө үлдэж байна. Сарын турш хөлс хүчээ шавхан байж гүйчихээд хэтэвч хоосон хоцрох урамгүй л юм.
Гудамжаар алхаж яваа олон хүний амнаас дээрх үгс унадаг. Гэтэл Монголд жуулчилж байгаа барууныхан хадгаламжаараа аяллын тийзээ худалдаж аваад онгон зэлүүд тал нутгаар минь санаснаараа зугаалж байгааг бид өдөр бүр шахам харж байна. Тэдний амжилтын нууц нь ердөө л хувь хүний төсвөө хянаж, цалингаасаа цааш хийх хар ухаанд байдгийг бид саяхнаас гадарлах болсон. Өрхийн, хувь хүний төсөв хэмээх санхүүгийн наад захын боловсрол маруухан монголчуудад гадарлахаас өөр гарц одоохондоо алга. Гэлээ гээд халаасан дахь хэдээ үрээд, үргэлж зовлон тооцоод явах уу, яг өнөөдрөөс төсвөө хянаж хожмын өдөр гадаадад аялж, эсвэл үр хүүхдээ харийн нэр хүндтэй их, дээд сургуульд суралцуулах уу гээд олон зорилгоос сонгож цүнхлэх боломж оройтоогүй байна. Иймд эдийн засагчдын өгч буй зөвлөмжүүдээс тоймлон хүргэе.
ЭХНИЙ АЛХАМ: ЗҮГЭЭР Л БҮРТГЭ
Манайхан төсөв хөтөлнө гэхээр нэг их хүнд хүчир ажил гэж ойлгодог. Олон арван хуудас цаас бөглөж, бараг л банкны эдийн засагчаар хянуулах ухааны төсөөлөлтэй гэхэд хилсдэхгүй. Бодит байдал бодсоноос хялбар. Хамгийн эхний алхам бол орлого, зарлагаа бүгдийг нэг бүрчлэн бүртгэх. Ингэхдээ өөртөө хялбар болгох үүднээс орлогоо нэмэх, зардлаа хасах тэмдгээр илэрхийлэн бичиж болно. Жишээлбэл, “+3000, -500” зэргээр цувуулан бүртгэж өдөр өдрөөр нь тэмдэглэж болох юм. Таны зэвсэг бол халаасны тэмдэглэлийн дэвтэр, бал хоёр.
Хялбархан энэ аргаар та сард хэдэн төгрөг олж, хэдийг үрж байгаагаа мэдэх болно. Бид өөрсдийгөө хэмнэж байна гэж боддог ч бүртгэл байхгүй бол биеэ хуурснаас өөрцгүй. Нэг нөхрөө хуушуураар дайллаа, хөдөө амьдарч буй ээжээрээ идэшний махаа бэлтгүүллээ, эсвэл бүр үеэлдээ дээд сургуульд орлоо гэж өгсөн 5000 төгрөгөө бүртгэхгүй байгаа бол мөнгө хяналтгүй урсаж байна гэсэн үг.
ЦАЛИНГАА ЖИЛЭЭР НЬ ТООЦОЖ, ЗОРИЛГОТОЙ БОЛ
Хамжааргагүй зардал, орлого нь бодит боломжоо тооцох ухаанаа үгүйсгэж буй хэрэг юм. Бодит орлогоо жилээр нь тооцоод үзвэл, та хэчнээн их мөнгөн урсгалыг хоосон цаас болгож буйгаа ойлгоно. Барууны орнуудад иргэдийн цалинг жилээр нь тооцож гаргадаг нь тухайн хүнийг санхүүгийн хувьд зорилготой, эрмэлзэлтэй болоход нөлөөлөх гол хүчин зүйл гэнэ. Тэгвэл сарын 700 мянган төгрөгийн цалинтай Дорж жилд найман сая 400 мянган төгрөг олдог байна. Эхнэр нь сардаа 500 мянган төгрөгийн цалинтай гэвэл жилд зургаан сая төгрөгийн орлоготой гэсэн үг. Тэгэхээр Доржийнх жилдээ 14.4 сая төгрөгийн цалинтай гэдгийг тооцож үзэхээс нааш тэд өөрсдөө ч мэдэхгүй. Тэд орлого, зарлагаа тогтмол бүртгээд сурчихвал бараг л 15 сая төгрөгөөр юу хийж болох тухай зорилготой болно. Наанадаж орон сууцны зээлд хамрагдах урьдчилгаагаа бүрдүүлэхэд тэдний жилийн орлого дүйж байгаа юм бол 3-4 жил хоёулаа тогтмол хадгаламжиндаа мөнгө үүцлээд байвал ядах юмгүй байрны зээлийнхээ барьцааг “босгох” нь. Ингэхдээ хамгийн энгийн арга бол зорилгоо тодорхойлж, түүнд хүрэх замаа сонгох.
Таны зорилго ойрын 3-4 жилд зээлийн барьцаанд 10 сая төгрөг хуримтлуулах гэж тооцъё. Ингэвэл 10 саяа 48 сард хуваагаад үзвэл сард 208 мянган төгрөг цааш нь хадгалахад “ОК”. Эхнэр, нөхөр хоёул тус бүр 100 мянган төгрөгийг дөрвөн жилийн хугацаатай дансандаа хуримтлуулж чадвал мөрөөдлөө биелүүлэхэд илүү хялбархан.
ХУДАЛДАН АВАЛТ БҮР ЗАРЛАГА ГЭДГИЙГ ОЙЛГО
Энэ бол хэмнэлтийн хамгийн чухал хэсэг нь. Гэхдээ нарийл гэсэн үг биш. Эдийн засаг хэмээх ойлголт нь өөрөө өгөөж гэсэн утгатай дүйдэг. Тэгвэл өгөөжийг нь харсан худалдан авалт бол хэмнэлт. Түүнээс биш нэг найзаа дагаж дэлгүүр хэсэх зуураа сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдвэр бүү гарга гэсэн үг юм. “Яадаг л бол доо” эсвэл, “За яахав, нэг өдөр хэрэг болно” гэсэн эргэлзээтэй бодолд автан ирээдүйгүй худалдан авалт хийх нь хэмнэж ядаж буй төсвийг тань, хүссэн зорилгыг тань үгүйсгэх юм. Үнэхээр зайлшгүй хэрэгтэй гэснээс бусад барааг зүгээр л лангуун дээр нь үлдээ.