Ж.ЦОГЗОЛМАА
Төсвийн авлига, хээл хахуулийг “авлах” кампанит ажил парламентын танхимд хүчээ авахтай зэрэгцээд өр зээлийн асуудал ч сөхөгдөж байна. Дэлхийн эдийн засгийн “хөдөлгүүр”-ийн хүч болж ирсэн АНУ өр зээлдээ баригдаж дампуурахын даваанд ирсэн нь Монголд бодит жишээ нь болов. Б.Обамагийн гарын үсэгтэй олон тэрбум “ногоон”-ы бондыг эзэмшиж Вашингтоны аврагчийн дүр бүтээгээд удаж байгаа Бээжин харин додигор байна. Дипломат мэдэгдлүүдээрээ Цагаан ордны эзэнд сонголт үлдээхээргүй тактик боловсруулж буй нь хэдийнэ нууц биш боллоо. Монгол Улсын хувьд Засгийн газар нь гадаад ертөнцөд өрийн бичгээ санал болгосон анхны тохиолдол нь өнгөрсөн жилд гаргасан Чингис бонд.
1.5 тэрбум ам.долларыг 6-8 хувийн хүүтэйгээр харийн хөрөнгө оруулагчдаас зээлсэн хэрэг. Их хааны нэрээр нэрлэсэн энэ бонд хөрөнгийн зах зээлд Монголд оноо цуглуулахад томоохон хувь нэмрээ оруулсан ч энэ ялалт урт настай байсангүй. Жилд бондын хүүд 70 сая ам.доллар төлдөг ч ”Гудамж” төслөөс өөр гарт баригдахаар томоохон бүтээн байгуулалт хомс байна. Анхнаасаа ганц хоёр гудамж л барих гэж бонд босгох байсан юм бол ингэж сүр дуулиан болгох хэрэг байсан эсэх нь олон хүний шүүмжлэл, маргааны сэдэв болоод удаж байгаа. Энэ дуулиан намжаагүй байхад Ерөнхий сайд Япон улсад хийсэн айлчлалынхаа үеэр Самурай бонд гаргана хэмээн мэдэгдсэн нь дэлхийн хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байна. Чингис бондын үр ашгийг хэлэлцэж амжаагүй байхад дахиад өр тавих гэж буй нь дампуурал руу хөтөлнө гэж туршлагатай эдийн засагчид бас шүүмжилж байгаа. Мөн парламентын зарим гишүүн энэ бонд гарсан тохиолдолд ирэх онд Монгол Улсын өр 15 их наяд төгрөгт хүрч, улсын төсвөөсөө хоёр дахин ихэснэ хэмээн болгоомжлуулж байна. Он дуусахад ганц сарын хугацаа үлдээд байгаа энэ үед наран улсад бонд гаргаж амжих эсэх, гаргалаа гэхэд юунд зарцуулах нь тодорхойгүй байгаа юм.
ФРАНЦ, ИНДОНЕЗ, ТУНИС...
Самурай бондыг арлын орны зах зээл дээр Японоос бусад улс, компани гаргаж хууль дүрэмд нь захирагдан ажилладаг. Сушиний эх нутгийн эзэд харийн бизнесмэн болоод бодлого тодорхойлогчдод зах зээлээ нээж, хөрөнгө босгох үүдийг нээж өгөөд удаж байна.
Тэгэхээр энэ бондыг зөвхөн Монгол Улс гаргах гэж төлөвлөөд буй хэрэг биш байх нь. Биднээс өмнө Африкийн улсуудаас эхлээд Индонези, Франц гээд зах зээл хөгжсөн улсууд хөрөнгө босгох “тоглолт” хийсэн туршлагатай. Зөвхөн Францын хамгийн том банк болох “BNP Paribas” гэхэд Японы зах зээлд Самурай бондын арилжаагаа хийсэн арвин түүхтэй. Нутаг нэгтэй “Credit Agricole SA” банк ч ялгаагүй Японы зах зээл дээр 65.3 тэрбум иенийн Самурай бонд арилжсан. Японы зах зээлд хамгийн өндөр дүнтэй Самурай бонд гаргасан банк бол АНУ-ын санхүүгийн ертөнцийн “акул” “Жи пи морган”. Тэд 111 тэрбум иенийн Самурай бонд гаргасан юм.
Бас Африкийн хамгийн умард үзүүрийн улс болох Тунис өнгөрсөн онд Японд мөн л Самурай бонд гаргасан. Ингэхдээ Төвбанк нь наран улсад 25 тэрбум иен буюу 303 сая ам.долларын үнэт цаас гаргасан юм. Энэхүү бонд нь 10 жилийн хугацаатай 1.19 хувийн өгөөжтэй байв. Ингэж бонд гаргаснаар экспортоо дэмжихэд хөрөнгө оруулалт хийнэ хэмээн мэдэгдэж байлаа. Тунисийн хувьд эдийн засаг болоод улс төр нь тогтворгүй явж иржээ. Инфляц нь үргэлжлэн өссөн, хүнсний бүтээгдэхүүний үнэ өндөр байгааг Дэлхийн банкны тайланд дурдсан байлаа. Өнгөрсөн онд эдийн засаг нь 1.8 хувиар өссөн бол энэ онд арай чамай гурван хувийн өсөлтөд хүрнэ хэмээн тэд найдаж байгаа. “Тус улсын төсвийн алдагдал нь өндөр буюу 8.1 хувьд хадгалагдсан хэвээр байна. Энэ нь өнгөрсөн оныхтой ижил дүн юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт болоод бусад гадаад санхүүгийн урсгал нь багасч буй валютын нөөцөд нь хангалттай эх сурвалж болж чадахгүй байна” хэмээн Дэлхийн банкны тайланд дурджээ.
ТЭД БИДНИЙ ТУХАЙ
“Thinkadvisor.com” цахим хуудаст “Рио тинто”-той хийсэн хэлэлцээ нь гацаж Монгол Улсын эдийн засаг удаашралтай болоод байна. Үр дүнд нь Засгийн газар нь нэг тэрбум ам.долларын Самурай бондыг энэ онд багтаан Японы зах зээлд гаргаж, хөрөнгө оруулагчдаас мөнгө босгохоор хэлэлцэж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн мэдэгдсэнээр энэ нь тус улсын эдийн засагт шинэ өнгө төрх авчирна. Далд уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээ төлөвлөснөөс давсанд хоёр талын яриа хэлэлцээ гацаанд орчихоод байгаа юм. 2011 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт анх удаа 17.5 хувьд хүрсэн бол энэ онд ердөө л 11.3 хувьтай байгаа юм. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 42 хувиар буурсан учраас дотоодод эргэлдэх мөнгөний хэмжээ ч багасч, төгрөгийн ам.доллартай харьцах ханш өсөөд байна. “Иймд Самурай бонд нь энэ нөхцөл байдлаас гарах гарц болно” гэж “Global X Funds”-ийн судалгааны шинжээч Жэй Жэкопс хэлэв. Өнөөгийн энэхүү бэрхшээл тулгарч буй асуудал үүсээд байгаа ч Жэкопс “Монгол Улс одоо ч макро эдийн засгийн урт хугацааны төлвөө маш өөдрөгөөр төсөөлсөн хэвээр байна. Угтаа энэ бол богино хугацааны л хандлага шүү дээ” гэв.
Энэ зуур “Блүүмберг” агентлаг Ерөнхий сайдын Японд хийсэн айлчлалын эргэн тойрныг хөндсөн нийтлэлдээ “Бид иенээр энэ бондыг гаргахаар төлөвлөж байгаа. Нийт өртөг нь нэг тэрбум ам.доллар байх юм” хэмээн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Токиод ярьсныг тэмдэглэснийг доор сийрүүлье.
Монгол Улс нь газрын хэвлийдээ 1.3 их наяд ам.долларын үнэ цэнэтэй ашигт малтмалыг агуулж буй байгалийн баялгаараа тэргүүлэгч билээ. Ийм ч учраас баялгаараа түүчээ хийн ирээдүйн Кувейт, Катар болох зорилтыг өмнөө тавьсан нүүдэлчдийн их соёл тэнд хөгжиж байна. Гэвч Дэлхийн банкнаас өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн мэдэгдэлдээ Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 16 хувьд хүрнэ хэмээсэн урьдчилсан дүгнэлтээ 13 болгон “тайрсан” юм. Ингэхдээ экспорт буурч, гадаадын хөрөнгө оруулалт “царцсан” нь тэднийг ийм дүгнэлтэд хүргэжээ. Харин үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш энэ онд ам.долларын эсрэг 18.3 хувиар унажээ гэжээ.
ӨР ТАВЬЖ ОЛСОН МӨНГӨ ХААЧИВ?
Монгол Улс тавьсан өр зээлийнхээ “ачаар” өнөөдөр хэд хэдэн төсөвтэй болчихоод байгаа. Хөгжлийн банкны төсөв, Хөгжлийн банкны зээлийн мөнгө, бондын зарцуулалт гээд л... Өөрөөр хэлбэл, төсвөөс гадуурх мөнгөний урсгал ихэсч байна. “Хүүгийн төлбөр нь төсвөөс гарч буй учир, Хөгжлийн банкны захиран зарцуулж байгаа бондын хөрөнгийг улсын төсөвт хамруулах хууль эрхийн тогтолцоог яаралтай бүрдүүлэх шаардлагатай байна. Үгүй бол 2017 оноос Монголын дараачийн Засгийн газар шууд дампуурах юм” хэмээн эдийн засагч Д.Жаргалсайхан бичжээ. Ингэхээр баахан хөөрцөглөж бонд гаргаад дараа нь Грек шиг хорголоо тоолох уу, эсвэл хуулиа шинэчлэх үү гэсэн сонголт бидний өмнө байна. Энэ талаар хуульч Ш.Үнэнтөгс твиттер хуудсандаа “Гэтэл Засгийн газрын гадаадад гаргасан өрийн бичгийн Чингис бонд 1.5 тэрбум долларын “далд төсөв”-ийн нэмэгдэл байсаар байхад төсөв тасарч байх юм” гэж бичжээ. Гаднаас өр тавьж орлого олоод байхад хүртэл төсөв нь тасраад байгаагийн цаад шалтгааныг олж илрүүлээгүй нөхцөлд Самурай бонд гаргах нь гал дээр тос нэмсэн хэрэг болох вий.