Ж.ЦОГЗОЛМАА
УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Авлигажсан төсөв” гэсэн утгатай мэдэгдэл шуугиан тариад байна. Түүний эл мэдэгдлийн дараагаар хариуцлага нэхэх гишүүд ч олширсон. Зарим нь бусдынхаа өмнөөс хариуцлага үүрээд парламентын танхимыг орхиё гэж байна.
Монгол Улсад авлигатай төсөв зөвхөн ирэх оны орлого, зарлагад нүүрлээд байгаа юм биш. Өнгөрсөн таван жилд төсвийн хөрөнгө оруулалт тав дахин нэмэгдэхэд түүнийг дагаад он дамнасан төсөл хөтөлбөр, тендерүүд амь бөхтэй явж ирсэн юм. Аль 2010 онд төсөв мөнгөө цохуулж авчихаад өнөөдрийг хүртэл хийсэн юмгүй цагаан цааснаас өөр гүйцэтгэлгүй тендер ч байна. Ингэхээр Монгол Улсын төсөв Ерөнхий сайдын оношилсон шиг “Авлигажсан” гэх өвчлөлд хүндээр нэрвэгдсэн нь үнэнээс зөрөхгүй бололтой. Парламентад суудалтай намуудын төлөөллийн ярьж буйгаар Засгийн газрын тэргүүн өөрөө өөрийнхөө зохиосон төсвийг хээл хахуульд идэгдсэн хэмээн үзэж байгаа юм бол эхлэлийн цэгийг нь өөрөө л тавьсан юм биш үү хэмээж байна. Гэвч энэ нь асуудалд өнгөцхөн хандаж, улстөржүүлэх хандлагатай байр суурь болоод байна гэж эдийн засагчид шүүмжилж байгаа юм. 2009 оноос хойш ч төсөвт “нойтон хамуу” шиг наалдаж, хэдэн жил дамнан хойшилсон, хөрөнгө мөнгөө шийдүүлчихээд байрнаасаа хөдлөөгүй тендерүүд хэрээс хэтэрсэн нь судлаачдын эргэлзээг төрүүлж байгаа. Бодит байдал дээр энэхүү гацсан, “царцсан” хөтөлбөрүүд нь төсвийн алдагдал, үр ашиггүй зарлагад жинтэй хувь нэмэр оруулж буйг улс төрийн өнцгөөс тайлбарлаж буй нь өөрөө Монголд асуудал болоод байна. Үүний оронд цаад учрыг хөөн хэлэлцэж, төсөв авлигатай болсныг зарласных нь төлөө Ерөнхий сайдаа огцруулах тухай ярьж буй парламентад суудалтай намууд өөрсдөө үе үеийн төсөв зохиогдчоосоо хариуцлага нэхэх ёстой гэж үзэх хүмүүс байна.
Өнгөрсөн арав хүрэхгүй жилийг эргэн харвал Монгол Улс орлогоосоо давсан зарлагатай, жил бүр хөөсрүүлсэн төсөв баталсаар ирсэн. Ингэхдээ яамд, төрийн байгууллагуудын оруулж ирсэн төсвийг хянаж, усыг нь шахалгүйгээр, хариуцлага хяналт тогтоолгүйгээр ногоон гэрлээр баталчихдаг байсны гор гарч байна. Ийм болохоор төсөвт бараа шахагчид нэртэй шинэ ажлын байр бий болоод удаж байгаа. Төсвийн саалийн үнээ болсон уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт 1.7 тэрбум төгрөгийн шахааны бараа байгааг дээр дооргүй хүлээн зөвшөөрч буй нь бодит үнэний зөвхөн нэг үзүүр нь. Ерөнхий сайдын авлигатай хэмээн цоллосон төсвийн он дамжсан зарлагуудыг хүснэгтэд харуулж байна.