Ч.ҮЛ-ОЛДОХ
Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “Зууны мэдээ” сонин Монголын бүтээн байгуулалт, хөгжлийн гол түүхий эд болсон цементийн салбарын өнөөгийн байдал, үүсээд буй бэрхшээл, бодлогын гажуудал, гарах гарц, ирээдүйн чиг хандлагын тухай сэдэв хөндөж, асуудал дэвшүүлсэн цуврал сурвалжлагыг уншигчиддаа хүргэж буй билээ. Өмнөх дугааруудад Төв аймгийн Сэргэлэн суманд хуулийн цоорхой, сонгуулийн дуулиан, наадмын сиймхий, засаг, төр солигдсон бужигнаан дундуур нууцаар гэхэд хилсдэхгүй байдалд суурийг нь тавиад буй цементийн үйлдвэрийн тухай мэдээлсэн. Тэр бол Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай төрийн өмчийн компанийн эзэмшил болохыг уншигчид нэгэнт мэдэх болсон. Тэгвэл энэ удаагийн сурвалжлагаар монголчууд өөрсдөө цементээ үйлдвэрлэж, дотоодынхоо жилээс жилд өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж чадах уу. Дотоодын үйлдвэрлэгчид ямар нөхцөлд, ямар зорилт тавин ажиллаж байна. Хэтийн төлвөө хэрхэн тодорхойлж вэ, ажлын явц, эдийн засгийн үндэслэл тооцоо нь ямар байна. Улс орны нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтөд ямар хувь нэмэр оруулах вэ гэсэн асуултад хариулахыг зорьж дотоодын үйлдвэрлэгчдийн ажилтай танилцсанаа хүргэе.
МАК-ИЙН НЭГ САЯ ТОННЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРНО
Улсын төсөвт 160 тэрбумыг төвлөрүүлж татвар төлөлтөөр “Эрдэнэт” үйлдвэрийн дараа хоёрт орж буй үндэсний томоохон үйлдвэрлэгч МАК-ийн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт барьж буй цемент, шохойн үйлдвэрийг сонирхлоо. Улаанбаатараас холгүй хар замаар 4-5 цаг давхиад оччихдог аж. Төслийн мэргэжилтэн, инженер техникийн ажилтнуудтай уулзаж мэдээлэл авах гэтэл хуралд орсон байв. Үйлдвэрийн талбайд ажил ид өрнөж байна. Суурь, карказ бэлэн болсноос бүтээн байгуулалтын ажлынхаа гол ачааг давсан, зөвхөн тоног төхөөрөмжийн угсралтын ажил үлдсэн мэт харагдах ч, бид мэргэжлийн хүмүүс биш таах нь учир дутагдалтай. Тиймээс хурал тарахыг хүлээж, төслийн механик инженер Б.Цогжавхлангаас цөөн асуултад хариу авлаа.
Б.Цогжавхлан: АЖИЛЛАХ ХҮЧ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХҮЛЭЭГДЛЭЭС АЖИЛ ХОЙШИЛСОН
-Үйлдвэрийн ажлын явц ямар шатанд байна. Ирэх оны эхний улиралд ашиглалтад орох хэвээрээ юу?
-Барилгын гол ажлыг хийж дуусгасан, суурь цутгалт, бетонын ажил 80 хувьтай байна. Ирэх онд ашиглалтад оруулна.
-Бэрхшээл байна уу?
-Төслийн гүйцэтгэгч Хятадын компанид ажиллах хүчний квотын асуудал тулгамдсан. Холбогдох байгууллагууд шийдэж өгөлгүй хүлээгдсэнээс ажил хоцорч эхэлсэн. Мөн зуны ид ачааллын үед хил гааль дээр тоног төхөөрөмжийн нийлүүлэлт хүлээгдсэн. Гаалын татварт асар их хэмжээний мөнгө зарцуулагдаж байгаа учраас санхүүжилтийн асуудал бас бий. Энэ бүхнээс үүдэж ажил хоёр сараар хойшилсон. Удахгүй хүйтрээд ирэхээр гадаа ажиллах боломжгүй ойролцоогоор бараг хоёр сарын хугацаанд ажил зогсоно. Үүнийг дагаж төслийн анхны төлөвлөсөн өртөг өсөх хандлага бий. Иймд үйлдвэр ирэх оны сүүлчээр ашиглалтад орохоор төлөвлөсөн.
-Үйлдвэрийн давуу тал юу вэ?
-Герман, Польш, Дани, Энэтхэг, Хятад зэрэг дэлхийн арав гаруй орноос хамгийн сүүлийн үеийн чанарын шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Байгаль орчинд сөрөг нөлөөгүй, мөн сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэх болно.
Бид аян замд энэ нутгаас төрж гарсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч Д.Содном гуайн хөрөг нэвтрүүлгийг хийж яваа уран бүтээлчидтэй таарсан юм. Д.Содном гуайтай таарсандаа олзуурхаж, нутагт нь босч буй цементийн үйлдвэрийн талаар сэтгэгдлийг нь сонирхлоо.
Д.Содном: АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЖ, ГАДАГШ ЗАРДАГ ВАЛЮТЫГ ХЭМНЭНЭ
-Дорноговь аймгийн Даланжаргалан суманд баригдаж буй цементийн үйлдвэрийн үр өгөөж, эдийн засгийн үндэслэлийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-МАК-ийн барьж буй цементийн үйлдвэрийн хүчин чадал нь нэг сая тонн. Чанарын хувьд дээд зэргийн шаардлага хангасан бүтээгдэхүүн гаргах юм. Яагаад гэвэл, дэлхийд технологиороо тэргүүлдэг Дани улсын тоног, төхөөрөмжийг оруулж ирж үйлдвэрээ байгуулж байгаа. Нийтдээ 350 сая орчим ам.долларын хөрөнгөөр энэ үйлдвэр босно. Ирэх онд ашиглалтад орно. Монголын эдийн засаг, нийгмийн амьдралд энэ маш чухал. Энэ үйлдвэрт 350 хүн ажиллана. Үйлдвэрийг дагаж үйлчилгээ нэмэгдэнэ, тэгэхээр ажлын байр ч өснө. Өөр нэг чухал асуудал бол манай улс цементийн хэрэгцээний ихэнх хувийг гадаадаас, тухайлбал БНХАУ-аас импортоор нийлүүлдэг. Үүнд их хэмжээний валют зарж байгаа. Манай улсын гаднаас авдаг нийт цементийн хэмжээ хоёр сая орчим тоннд эргэлддэг. Дотоодын үйлдвэр өссөнөөр энэ тоог 50 хувь бууруулах бололцоотой. Тухайлбал, Даланжаргалан суманд үйлдвэр босч нэг сая тонн цемент үйлдвэрлэдэг болсноор гадаадаас авахдаа зарцуулдаг валютыг 100 гаруй сая ам.доллараар хэмнэх боломжтой. Нөгөөтэйгүүр, энэ үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг тооцож үзвэл улс, орон нутгийн төсөвт 45 сая тэрбум төгрөгийг оруулна. Эдийн засгийн болоод улс оронд оруулах ач холбогдлыг товч хэлэхэд ийм л юм.
Буцах замдаа бид цементийн үйлдвэрийн ирээдүй, нутагт нь үйл ажиллагаа явуулж буй тус компанийн тухай Даланжаргалан сумын Засаг дарга Ө.Оюунцэцэгээс тодруулахад “Манай сум 3000 гаруй хүн амтай, 110 мянга гаруй толгой малтай. Орон нутагт мал аж ахуйн салбар голлодог ч, сүүлийн үед уул уурхай нэлээд түшицтэй хөгжиж байна. Суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудаас МАК- ийн Элдэвийн нүүрсний уурхай голлодог. Энэ уурхай манай суманд иргэдийн хүсэлтээр 120 хүүхдийн хүчин чадалтай, 730 сая төгрөгийн өртөгтэй “Номт ирээдүй” цэцэрлэгийг өөрийн хөрөнгө оруулалтаар барьж , нутгийн иргэдийн амьдрал, үр хүүхдүүдийнх нь хүмүүжил, боловсролд гүн туслалцаа үзүүлсэнд сумын удирдлагууд, нийт иргэд талархаж байдаг. Мөн Элдэвийн нүүрсний уурхайгаас жил тутам аж ахуй нэгж, байгууллага, иргэдийг нүүрсээр хангах хамтын ажиллагаатай ажилладаг. Өнгөрсөн жилээс нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эхлүүлсэн” гэв. Замд таарсан нутгийн иргэдийн сэтгэгдлийг сонирхоход МАК мэргэжлээс үл шалтгаалах туслах ажилд орон нутгийн иргэдийг хамруулж, цаашид мэргэжилтэй ажилчдыг авахаар орон нутгаас судалгаа авч байгаа. Орон нутгийн хөгжил, ард иргэдийн амьдрал, ажлын байр нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмрийг оруулна гэдэгт итгэж харж хүлээж байна хэмээн ярив.
“МОНПОЛИМЕТ” КОМПАНИЙН ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭР 2015 ОНД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ
Дорноговь аймгийн Өргөн суманд “Монполимет” компани жилдээ 500 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Сэнж Сант” цементийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа нь энэ салбарт мөн л томоохон үйлдвэрлэгч болохыг харуулж байгаа юм. Өнгөрсөн тавдугаар сард Туркийн нийслэл Истанбул хотноо болсон “Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны жил бүрийн уулзалт”-ын хүрээнд ЕСБХБ болон манай улсаас “Монполимет” группын төлөөлөгчид 20 сая ам.долларын хөрөнгө оруулалтын эхний шатны гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээний дагуу жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай орчин үеийн дэвшилтэт технологи бүхий байгаль орчинд ээлтэй, хуурай аргын цемент үйлдвэрлэх “Монцемент” төслийг “Монполимет” группын охин компани болох “Сэнж Сант” компани хэрэгжүүлж эхлээд байна.
Монполимет группыг үүсгэн байгуулагч Ц.Гарамжав дээрх гэрээнд гарын үсэг зурахдаа “ЕСБХБ-ны оруулж буй санхүүжилт нь улсын маань хөгжлийг тууштай дэмжиж байгаагийн баталгаа юм. ЕСБХБ-ны оролцоотойгоор шинэ ноу-хау нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн шилдэг арга туршлага, технологи, байгаль орчинд хамгийн ээлтэй стандартуудыг хэрэгжүүлж, хүйсийн тэгш байдлыг ханган ажиллах болно” хэмээн онцолсон юм. Уг төслийн ажилтнуудтай холбогдоход “Сэнж Сант” компанийн “Монцемент” төслийн цементийн үйлдвэр 2015 онд бүрэн ашиглалтад орох бөгөөд нийтдээ 1000 гаруй ажлын байр шинээр бий болгож, дотооддоо европ стандартын, олон төрлийн цемент үйлдвэрлэхээр үйл ажиллагаагаа явуулж байна” гэлээ.
ХӨТӨЛИЙНХӨН ТЕХНОЛОГИО ШИНЭЧИЛЖ, “ЭРЭЛ” ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ НЭМНЭ
Өнөөдөр манай улс цементийн хоёр үйлдвэртэй, аль аль нь бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд нийлүүлдэг. Улсдаа анхдагч нь найрамдлын Дархан хотын баруун талд оршдог Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр юм. Социализмын их бүтээн байгуулалтын үед ярьж эхэлсэн ч 1986 онд ашиглалтад орсон тус үйлдвэр 500 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтайгаар баригдсан. Технологийн хувьд тухайн үед ашиглагдаж байсан нойтон технологийг нэвтрүүлсэн. Одоо техник, тоног төхөөрөмжийн хувьд, технологийн хувьд ч хоцрогдсонд тооцогдож, хүчин чадлаа бүрэн ашиглаж чадахгүйд хүрээд байна. Харин төрөөс тус үйлдвэрийн хүчин чадлыг нэг сая тонн болгож нэмэгдүүлэх, хуурай технологид шилжүүлэх бодлого баримталж байгаа. Тэгвэл тун удахгүй хуурай аргаар нэг сая тонн цемент, хоногт 2500 тонн чулуунцар үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрээ нээх гэж байна. Тус үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадвал улсын хэмжээнд нийт хэрэглээний 30 орчим хувийг дангаараа хангаж чадна. Суурилуулж эхлээд буй шинэ тоног төхөөрөмжийн туршилт, тохируулгыг хийхээр Европын орнуудаас 40-өөд нарийн мэргэжилтэн, инженер техникийн ажилтнууд ажиллаж байгааг үйлдвэрийн удирдлагууд хэллээ.
Цементийн хоёр дахь үндэсний үйлдвэр бол “Эрэл” компанийнх юм. Мөн л найрамдлын Дархан хотод үйл ажиллагаагаа явуулдаг. Чехсловак улсын тусламжтайгаар баригдсан 100 гаруй мянган тоннын хүчин чадалтай энэ үйлдвэр өдгөө 100 орчим мянган тонн цемент үйлдвэрлэж байна. Цаашид үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ хэмээн тус компанийн зөвлөхүүд ярьж байна.
ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭ ДЭМЖВЭЛ ХӨГЖИЛ ОЙРХОН БАЙНА
Энэ бүгдээс үзэхэд манай улс өнөөдөр дотооддоо 300 орчим тонн цемент үйлдвэрлэдэг аж. Гэтэл улсын хэмжээнд нийт хэрэглээ нь хоёр сая орчим тоннд хэлбэлзэж байна. Нэгэнт дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа учраас гадаадаас, тодруулбал Хятад улсаас их хэмжээний цемент импортолж авдаг. Энэ оны эхний найман сарын байдлаар 1.6 сая тонн цементийг Хятад улсаас оруулж иржээ. Цаашид энэ хэрэгцээ өсөн нэмэгдэнэ.Тэгвэл Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр технологио шинэчилж хүчин чадлаа бүрэн ашиглаж чадвал улсын хэмжээнд нийт хэрэглээний 30 орчим хувийг нийлүүлнэ гэж байна. Харин МАК-ийн ашиглалтад оруулах шинэ үйлдвэр нэг сая тоннын хүчин чадалтай гэж үзэхэд улсын хэмжээнд гадаадаас авч буй цементийн 50 орчим хувийг нийлүүлэх боломжтой юм. Гагцхүү төр, засгийн зүгээс дотоодын үйлдвэрлэгчдээ бодлогоор жаахан дэмжээд өгөхөд л манай улсын хөгжил ч, эдийн засаг ч сэргэх дүр зураг харагдаж байна. Тиймээс Төв аймгийн Сэргэлэн суманд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай цементийн үйлдвэр баригдаж, түүнийг дагасан хятад хороолол босч, эсрэгээрээ монголчууд цемент үйлдвэрлэхээ больж үндэсний үйлдвэрүүд хаалгаа барих уу гэдэг асуултыг нээлттэй үлдээе. Энэ асуудлыг төр, засгийн төвшинд ч, холбогдох байгууллагууд болон олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын хүрээнд хэлэлцүүлнэ гэдэгт найдаж байна.