Э.ӨНӨР 

Геологичид өнгөрсөн баасан гаригт цуглаж салбарынхаа хөгжил, тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн юм. Энэ үеэр Монголын геофизикийн холбооны гүйцэтгэх захирал Д.Цэдэнбалжиртай ярилцлаа.

 

-Манай улсын геологийн салбарын хөгжил хоцорч явааг геологичид шүүмжилдэг. Яагаад бид энэ салбараа мартах болов?

-Геологийн салбар орхигдсон нь хоёр зүйлтэй холбоотой. Геологийн хөгжилд чиглэсэн төрийн бодлого нэг хэсэг тасарсан. Одоогийн нөхцөл байдал 1950-1970-аад оныг гүйцэхгүй байна. Тухайн үеийн геологичид, төрөөс хэрэгжүүлж байсан бодлого сайн байсан. Манайх нөөцийг улсын бүртгэлд авахдаа зөвлөх инженер буюу мэргэжлийн шинжээчдээр хийлгэж авдаг болоод удаагүй байна. 1960-аад оны үед хайгуул, нөөцөөр дагнаж мэргэшсэн алтны, цайрын гэх мэтчилэн нөөцийн мэргэжлийн шинжээчтэй байлаа. 1990-ээд оноос хойш нөөцийг хөндлөнгийн хүн дүгнэж гаргаад түүгээр нь бүртгээд авчихдаг болсон. Магадгүй тэр үед бизнесийн зорилгоор нөөц тогтоож, бүртгүүлж байсан байж болно. Үүнийг ордын зөрүүтэй, худал нөөцөөс болж хаалгаа барьсан банкууд гэрчилж байгаа юм. Геологийн салбар мартагдаж, геологичдын ур чадвар доошилсноос болж янз янзын нөөцийн мэдүүлэгтэй ордууд олон болсон.

-Тухайлбал?

-Геологийн салбарын хөгжилтэй холбоотой хамгийн ноцтой асуудал уул уурхайн салбарын оргил үе болсон ойрын жилүүдэд ордын нөөцийн мэдээлэл банк, хөрөнгө оруулагчдын хооронд наймааны хэрэгсэл болсон явдал. Нөөцийн хэмжээг тухайн хүмүүс өөрсдийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн өөр өөр тоо гаргаж ирсэн. Ойрын хугацаанд ашиглахгүй, ашиглах боломжгүй гэсэн газруудыг хоорондоо наймаалцаж байгаад ийм байдалд хүрдэг. Тусгай хамгаалалт, хилийн бүсэд байгаа ордын нөөцийг дураараа тогтоож, бизнес болгож байгаа жишээ ч бий.

-Уул уурхайн өсөлтийг гайхаж, гайхуулж байгаа энэ үед геологийн салбарт өөрчлөлт хийх хэрэгтэй байх?

-Бид Геологийн үндэсний албатай боллоо. Төр  эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигтэй болох гэж байна. Мөн салбартай холбоотой хуулийн шинэчилсэн найруулга геологичид болон иргэний байгууллагын өргөн оролцоотойгоор батлагдахаар болсон. Энэ бүхэн геологийн салбарыг шинэ шатанд гаргах нөхцлүүд болно байх. Геологийн судалгаа уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн хөгжлийн суурь болдог учраас тогтвортой, цогцоор нь өөрчлөх хэрэгтэй. Ингэснээр геологчдын ур чадвар, мэргэжилд анхаарч эхэлнэ. Чадварлаг геологичид аль нэг компани, хэн нэгэн бизнесийн захиалгаар нөөц тогтоодоггүй болно. Өөрөөр хэлбэл, геологичид компанийн түрээсийн судлаач биш нутаг дэвсгэрийн суурь судалгаанд анхаарч ажиллана. Одоо бидэнд Оюутолгойгоос өөр сүүлийн 20 жилд илрүүлсэн зүйл алга. Өнгөрсөн жилүүдэд илрүүлсэн нөөцүүд дээр нь бизнесмэнүүд тоглоод дуусч байна. Энэ салбарт хийж байгаа өөрчлөлт, арга хэмжээнүүдийн хүрээнд нөөцийн хэмжээ хөдлөшгүй бат болно. Мөн нөөцийн хэмжээ хөдөлж, зөрөхөд хариуцлага тооцох дэлхийн жишиг манайд үйлчилж эхэлнэ. 

-Геологийн салбар хөгжиж байсан гэх 1960-аад онд энэ салбарын төрх ямар байсан бэ?

-Геологи, эрдэс баялгийн салбар эрчимтэй хөгжиж байсан 1960-1970-аад оны үед төрийн бүтцээс эхлээд геологичдод хүлээлгэх хариуцлага, түүнийг тайлагнах дүрэм, мөрдөх журам хатуу чанга байсан. Тэр үед Монгол Улс Геологийн яамтай байлаа. Гэтэл уул уурхайн салбар хөгжиж, улс орны хөгжлийн эх үүсвэр болно гэж ярьж байгаа энэ үед салбарын яаманд геологийн бодлогын хэлтэс гэсэн нэрийн дор гуравхан хүн ажиллаж байна. Ашигт малтмалын газар агентлагийн бичиг цаасандаа дарагдаад геологийн ажлыг хийх сөхөө алга.

-Геологичдын үндэсний албаны үүрэг юу байх вэ?

-1960-аад онд дагнасан мэргэжлийн геологичийг ордын хайгуулд тогтвортой ажиллуулдаг. Тэр хүрээнд мэргэжил, чадварыг нь дээшлүүлдэг байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд хэрэглээний геологи гэдэг зүйл газар аваад байна. Геологичид компани, бизнесмэнүүдийн захиалгаар энд, тэнд тогтворгүй хэдэн сар, хоногоор ажилладаг болсон. Тодорхой зорилго, ажил, ажлын байр байдаггүй учраас геологичдын ур чадвар, тогтвортой ажиллах байдалд сөрөг үзэгдэл бий болсон. Үндэсний геологийн алба геологичдыг тогтвортой бэлтгэх, тэдний мэргэжил ур чадварыг дээшлүүлэх, хариуцлагатай болгоход ажлаа хийнэ.