Э.СОЛОНГО
Манай улсад бизнес эрхэлж байгаа гадны компаниудын ихэнх нь Хятад улсынх. Өнгөрсөн оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсад бүртгүүлсэн Хятадын аж ахуйн нэгж 5951-д хүрч, манай улсад бүртгэлтэй гадаадын аж ахуй нэгж компанийн 49.11 хувийг эзэлж байна. Гэвч Монголд үүдээ нээсэн өмнөд хөршийн компаниудын 20 хувь нь л уул уурхай, барилга, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа юм. Үлдсэн нь Монголын сүүлийн үеийн хууль, дүрэм хэрэгжих явцад хаалгаа барьсан байна. Өнгөрсөн пүрэв гаригт Хятадын хөрөнгө оруулагчид манай улс дахь ЭСЯ-ны байранд цуглаж бизнесийн салбар дахь жаргал, зовлонгоо ярилцлаа. “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин ба БНХАУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулагч компанийн нийгмийн хариуцлага” нэртэй уулзалтыг сурвалжилсан юм.
ХӨРШ ОРНЫ КОМПАНИУДЫН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАД МУУ ДҮН ТАВИВ
Монголчууд Хөрөнгө оруулалтын тухай шинэ хуультай болсонтой холбогдуулан ирэх жилүүдэд энэ салбарт ямар бодлого баримталж, хэрхэн ажиллахаа ярилцахаар цугласан урд хөршийн бизнесмэнүүдэд албаныхан шинэ хууль, дүрмийг танилцууллаа. Тэдэнд Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат хоёр орны бизнесийн хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулсан бол УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл хуулийн агуулга, ач холбогдлыг тайлбарласан юм. Дэд сайд “Хятад улс манай улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамгийн том түнш. Өнгөрсөн онд хоёр орон зургаан тэрбум ам.долларын худалдаа хийсэн. Манай улс дэд бүтцийн салбарт томоохон төслүүдийг эхлүүлж, заримыг нь эхлүүлэхээр төлөвлөөд байна. Энэ их ажилд урд хөршийн оролцоо чухал” хэмээсэн. Харин Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны төлөөлөл Монголд уул уурхайн салбарт ажиллаж байгаа Хятадын компаниудад “Байгаль орчинд ээлтэй гадны компаниудыг манай яам дэмжиж байгаа. Гэхдээ урд хөршийн компаниудын нийгмийн хариуцлага бусад улсынхаас муу байгаа нь орон нутагт хийсэн судалгаагаар гарсан. Тиймээс ирэх жилүүдэд уул уурхайн салбар дахь Хятадын компаниуд нийгмийн хариуцлагаа улам сайжруулахыг хүсье” гэлээ. Монголын талын албаны хүмүүс илтгэл тавьсны дараа Хятадын томоохон компаниудын Монгол дахь салбарын удирдлагууд манай улсын нийгмийн салбарт хийсэн ажлаа тайлагналаа.
“ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ”-ИЙН УДИРДЛАГА ХАРИУЛТ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗАВ
Уулзалтад Хятадын 150 гаруй төлөөлөл оролцов. Тэднийг төлөөлж “Болд төмөр Ерөөө гол”, “Петрочайна Дачин Тамсаг”, Төмөртийн овоо ордыг эзэмшиж буй “Цайртминерал” компанийн захирлууд илтгэл тавилаа. Тэд яриагаа нийгмийн хариуцлагад хийсэн ажилдаа чиглүүлсэн юм. “Петрочайна Дачин Тамсаг”-ийн ерөнхий захирал Пан Зи Гао илтгэлийнхээ эхэнд 2005 онд “Соко” компаниас Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байрлах гурван талбайн хайгуул олборлолтын эрхийг шилжүүлж авснаа дурдлаа. Тэдгээр талбайн хоёрынх нь хайгуулын хугацаа 2010 онд, үлдсэн нэг нь 2012 онд дуусчээ. Тус компани хуулийн хүрээнд хоёр талбайг эзэмших эрхийн хугацаагаа сунгаж, олборлолтод шилжүүлсэн байна. 2005 оноос өнгөрсөн онд хүртэл хайгуулын ажилд 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Өнгөрсөн сард 200 сая ам.долларыг тус ордод зарцуулсан гэлээ. Харин Монголын нутаг дэвсгэрт уул уурхайн ажил өрнүүлж ашиг орлого олсныхоо хариуд байгаль орчны нөхөн сэргээлтэд 29.53 сая ам.долларыг зоиулсан байна. Мөн Монголд хөрөнгө оруулах хүрээнд хатуу хог хаягдлын хоёр, химийн бодис хадгалах 11 цэг байгуулснаа мэдээллээ. Тэрээр компанийнхаа нийгмийн хариуцлагын талаар ийн ярьсны дараа түүнээс тус компанитай холбоотой үүсэн зарим асуудлыг тодруулахыг хүссэн ч яриа өгөхөөс татгалзав.
ОРОН НУТГИЙНХАНТАЙ ОЙЛГОЛЦОХГҮЙ БАЙНА ГЭВ
Нэг өдөр үргэлжилсэн уг уулзалтад урд хөршийн хөрөнгө оруулагчид Монголын талын албаны хүмүүс явсны дараа Элчин сайдтайгаа жаргал, зовлонгоо хуваалцлаа. Тэд бэрхшээл, хүндрэл орон нутагт их байгааг хэлсэн юм. Монголын Засгийн газар орон нутагтайгаа уялдаа холбоогүй ажиллаж байгаагаас болж бизнес урагшлахгүй байгааг онцлов. “Томоохон төсөл хэрэгжүүлэхээр Засгийн газарт нь танилцуулж зөвшөөрөл авсан ч орон нутгийнхны эсэргүүцэлтэй тулгардаг. Монголд төлж байгаа татварын ихэнх хувийг тухайн орон нутагт бус төрд нь чиглэдэг. Тиймээс орон нутгийн иргэд “Манай нутгийг эзэмшиж, ашиг орлого олж байж, бидэнд мөнгө өгөхгүй байна” гэж гомдоллож, бидний ажлыг эсэргүүцдэг. Үүнээс болж их хохирол амсч байна” хэмээн “Цайтминерал” компанийн гүйцэтгэх захирал Ван Шоу Гао хэллээ. Тэдний энэ санаа малын бэлчээр, газар нутгаа хамгаалахаар тэмцэж буй малчдыг бодлогоор зохицуулж өгөөсэй гэсэн мессэжийг илгээж байв. Мөн урд хөршийн хөрөнгө оруулагчид Монголд татварын дарамт их байгааг Элчин сайддаа дуулгасан. Гадны нэн ялангуяа Хятадын компани гэхээр татвар, хяналтын байцаагчид байнга шалгалт хийж, шахалт үзүүлдэг. Дурын нэг байцаагч ирээд үйлдвэр, уурхайн ажлыг хаачихдаг. Татварын шинэ хууль хэрэгжиж байхад өмнөх баримтыг шалгаж шинэ хуулиар татвар ногдуулдаг зэргээр тэд гомдоллов.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛЬД ЭРГЭЛЗЭЖ БАЙНА
Манай улсад бүртгэлтэй Хятадын компаниудын “Зун-Хуа” нийгэмлэгийн тэргүүн Лю Венькээс цөөн асуултад хариулт авлаа.
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар танай компаниуд хэр мэдээлэлтэй байна. Тэд энэ хуулийг хэрхэн дүгнэж байна?
-Монголын талаас албаны хүмүүс бидэнд энэ хуулийн талаар мэдээлэл өгсөн. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахын төлөө Монголын зүгээс хийсэн хүчин чармайлт гэж бид ойлгож байна. Шинэ хуулиар үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл авах дамжлага цөөрч бас хялбаршуулсанд тэд баярлаж байгаа. Мөн улам бүр ил тод, тогтвортой байдал бий болсон байна. Огт өөрчлөөгүй хуучин заалтууд ч байгаа. Шинэ хуулийг цаашид хэрхэн хэрэгжүүлэхийг бид хүлээж байна. Яаж хэрэгжих нь тодорхойгүй байна. Тэгэхээр эргэлзээтэй зүйл байгаа юм. Ямар ч байсан гадны хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хамгийн чухал алхмыг хийсэн.
-Хятадын компаниуд манай улсад бизнес эрхлэхэд ямар бэрхшээл, асуудал тулгарч байна вэ?
-Хөрөнгө оруулагчид Монголд үйл ажиллагаа явуулахад тулгардаг хамгийн том хүндрэл хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал. Одоо шинэ Хөрөнгө оруулалтын тухай хуулиар дээрх байдал сайжрна гэж бид хүлээж байгаа. Уг хуулиа амьдрал дээр хэрэгжүүлэх талаараа улам нарийвчилсан журмыг батлах байх. Үүнийг бид ажиглаж байгаа. Үүнээс л уг хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдэг нь хамаарах байх. Мөн танай улс ажиллах хүчинд хязгаар тогтоодог. Уг нь энд орон зай байгаа учраас бид улсаасаа ажилчид оруулж ирэх сонирхол их бий. Тухайлбал, нэг орд дээр ажиллахад зарим мэргэшлийн боловсон хүчин Монголд байхгүй эсвэл хүрэлцдэггүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахад Монголын төр засаг нааштай ханддаг ч орон нутгийн Засаг захиргаа, иргэд нь үүнд таатай бус байдаг. Тэдний үзэл бодол зөрөлддөг.
-Үйл ажиллагаа явуулахын өмнө орон нутгийн иргэдтэй ойлголцох талаар ямар нэг ажил хийдэг үү?
-Монголын төр засгаас манай компаниудад сайн ажиллавал цаашид тогтвортой ажиллуулна гэсэн итгэлийг төрүүлэх хэрэгтэй байна. Ингэвэл бидний зүгээс ч цаашид улам сайн ажиллах, орон нутгийнхантай ойлголцоход чухал алхам болно. Компаниудын зүгээс тухайн орон нутгийн иргэдтэй харилцаагаа сайжруулахаар хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байгаа. Бид энэ талаар хөрөнгө оруулагчиддаа санал болгосон. Тэд дэмжиж байгаа.
-Хятадын хөрөнгө оруулагчид манай улсын ямар салбарыг түлхүү сонирхож байна?
-Өнөөдрийн хуралд ирсэн компаниудыг харахад тэд Монголын уул уурхайн ашиглалт, түүхий эдийг гүн гүнзгий боловсруулахад, үйлчилгээний салбарыг илүү сонирхож байна.