Ж.ЦОГЗОЛМАА

2014 ОНЫ ТӨСӨВ ЯМАР ОНЦЛОГТОЙ ВЭ?

Ирэх оны төсвийг парламентчид хэлэлцэх зуур дэлхийн эдийн засийн өсөлт 2014 онд буурахыг олон улсын шинжээчид зарлаж байна. АНУ-ын өрийн хямрал Грек, Испанийн алдааг давтах магадлал өндөр байгааг тэд болгоомжлуулж байгаа юм. Тус улсын Засгийн газрын бонд хамгийн найдвартайд тооцогддог ч өрөө төлж дийлэхээргүй болсон учраас тэр хэрээр гадаадаас авах импорт нь буурахаар байна. Өөрөөр хэлбэл, Монголын хамгийн том импортлогч Хятад улс Вашингтон руу чиглэсэн экспортоо багасгаж, үүнийг дагаад Монголоос авах алт, зэсийн хэрэглээгээ танах магадлал өндөр байна. Иймээс Сангийн яамнаас боловсруулсан ирэх оны төсвийн төсөлд экспортлох нүүрсний хэмжээг энэ оных шиг хэтэрхий өөдрөгөөр төсөөлөөгүй аж. “2014 оны төсвийг бид тийм өөдрөгөөр төсөөлөхгүй байгаа. Ерөөсөө л суурь орлогынхоо төвшинд төлөвлөсөн. Жишээлбэл, 40 сая тонн нүүрс олборлоно гэсэн бол бид 30 сая тонноор тооцож байгаа” гэж Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Б.Батцэцэг хэлсэн юм.

Сүүлийн таван жилд төсвийн зардал 4-5 дахин нэмэгджээ. 2010 онд төсөв хөрөнгөө авчихсан хэр нь өдий болтол ажил нь хийгдээгүй төсвийн байгууллага ч байгаа юм. 2000 онд манай улсын нийт зарлага 430 тэрбум төгрөг байсан бол энэ онд 7.4 их наяд болcон. Бараа үйлчилгээний зардал 2000 оныхоосоо ес дахин өссөн байх юм. Үүнд эд хогшил худалдаж авах зардал 5.1 дахин, урсгал засвар 2.7 дахин, гадаад томилолтын зардал 8 дахин, гадаадын зочны зардал 6.2 дахин, хурал зөвлөгөөн 15.3 дахин өссөн нь өнөөдрийн төсөвт туссан хүнд өвчин болоод байна. Хамгийн наад захын жишээ гэвэл 800 саяар босох байсан байшин найман тэрбум болж өөрчлөгддөг хачин жишиг улсын төсөвт бий.

Өнгөрсөн баасан гаригт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг хөөсөрсөн төсвөө зогсоож, илүү зардлуудаа танахыг хүссэн юм. Өмнөх Засгийн газрууд энэ тухай дуугарч байгаагүйг эдийн засагчид онцолж байна. 2011 онд Сэлэнгэд 800 саяар усан бассейн барина гэсэн ажил сунжирсаар төсөвт өртөг нь 4.5 тэрбум болтлоо хөөсөрсөн нь наад захын жишээ гэв. 200 хүний суудалтай соёлын төвийн барилга Завханы Их Уул, Цэцэн Уул, Баянтэс сумдад  2011 онд 600-700 сая төгрөгөөр барихаар төсөвлөгдөж байсан бол харин одоо шинээр төсөвт орж ирэхдээ нэг нь 1.2-3.2 тэрбум болсон байна. Өмнө нь энэ бүхэн нэг гар дор төвлөрдөг байсан тул “эзэн холбогдогч” түүнийгээ илрүүлж гаргаж ирж байсан удаагүй учраас хөөсөрсөөр ирснийг Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы үеэр “Хөөсөрсөн төсвөө зогсоож, илүү зардлаа хасч, гажигийг нь засъя” илтгэлдээ дурдсан юм.

 

МОНГОЛЫН ӨР 60, ИСПАНИЙНХ 92 ХУВЬД ХҮРЧЭЭ

Манай улсын гадаад өр 2.7 тэрбум ам.долларт хүрснийг Сангийн яам мэдээлсэн. Энэ өрөө 2030-аад он хүртэл жил бүр бид 50-60 сая ам.доллар төлсөөр барагдуулах юм.  Одоогийн байдлаар Монгол Улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьтай тэнцэж байгаа юм. Энэ өрийг барагдуулахад хамгийн гол хөшүүрэг болох зүйл нь төсвийн ил тод, хариуцлагатай байдал гэдгийг эдийн засагчид сануулж байна. Төсвийн алдагдал өсч, гадаадаас авсан зээлийн зарцуулалт оновчгүй явсаар байвал Грек, Итали, Испанийн өрийн хямралыг давтах эрсдэлтэй гэдгийг гадаад, дотоодын шинжээчид анхааруулж буй.

Манай улсын Засгийн газар өнгөрсөн оныг хүртэл дотоодын зах зээл дээр 2.5 их наяд төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг арилжаалжээ. Одоогоор Засгийн газар энэ оны хагас жилийн байдлаар 1.2 их наяд төгрөгийн дотоод зээлийн үлдэгдэлтэй байгаа. Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар Засгийн газрын нийт өрийг 2012 онд 60, 2013 онд 50, 2014 оноос 40 хувиас хэтрэхгүй байх ёстой гэсэн заалт тавьсан байна.

Энэ зуур Испанийн Төвбанкнаас мэдээлснээр тус улсын Засгийн газрынх нь өр дээд хэмжээндээ хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, өрийн хэмжээ нь 942.8 тэрбум евро буюу 1.3 их наяд ам.долларт хүрснээр тус улсын ДНБ-ий 92.2 хувьтай тэнцэж байгаа юм. Ажилгүйдэл 26 хувьд хүрснээр гудамжинд жагсагчдын тоо ч нэмэгдсээр байна. 2013-2014 онд Ерөнхий сайд Мариано Рахойгийн Засгийн газар төсвийн зардлыг 150 тэрбум евро­гоор бууруулах тө­лөв­лөгөөтэй байгаа билээ. Гэвч ажилгүйдэл н­эмэгдэж, тэтгэмж, тэт­гэврийн хэмжээ өс­сөн нь тэднийг зо­рилгодоо хүрэх замыг улам бартаатай болгож байна. Төвбанкнаас нь тайлбарлаж буйгаар ирэх гурван жилд Засгийн газрын өр ДНБ-ий 100 хувьд хүрэхэд гайхах зүйлгүй аж. Ингэвэл энэ зууны хамгийн их өртэй улсаар зүй ёсоор тодрох юм. Ингэхээр төсвийн зардлыг хөөсрүүлэхгүй, зээл тусламжийг оновчтой зарцуулахгүй бол өрийн хямралд бүдрэх эрсдэл Монголын хаяанд иржээ.