Ж.ЦОГЗОЛМАА

Оффшор гээч энэ харь үгний цаана тат­варгүй, нууцлалын хам­гийн таатай орчин санал болгодог бүс хэмээх ойлголт нуугдаж байдаг. Үндэстэн дам­на­сан томоохон компа­ниуд татвараас бултах зорилгоор ийм бүсэд охин компаниудаа ол­ноор бий болгож, гоё гоё нэр зүүлгээд мөнгө зувчуулдаг жишээ олон бий.

Манайдаа л хамгийн том хөрөнгө оруулалтаар тодроод байгаа “Оюутолгой”-н нэрээр оффшор бүсүүдэд хэчнээн компани бай­гуу­лагдан ажиллаж буй нь тодорхойгүй хэ­вээр байна.

Бидэнд хамгийн то­дорхой байгаа зүйл бол Оюутолгойн борлуулалтын орлогыг “Рио тинто” оффшор бүс дэх компаниудаараа дамжуулах зорилготой байсан явдал юм. Өнгөр­сөн наймдугаар сарын 9-нөөс эхэлсэн Оюутолгойн зэсийн баяж­малын экспортын гүйлгээг оффшор дансаар хийх гэж байсныг манай албан тушаалтнууд нэг бус удаа батлан хэлж байв. “Оюутолгой” компани оффшор дансаар дамжуулан мөн­гөн гүйлгээ хийх гэж байсан” хэмээн Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган хэлсэн. Үүнийг нь манай талаас хүлээн зөвшөөрөхгүй гэсний үндсэн дээр бор­­луулалтын орлогоо Монголд бүртгэлтэй банкаар дамжуулахаар болоод байгаа.

Энэ талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгс­лүүд янз бүрээр мэдээлж байна. Тухайл­бал, “Ройтерс” “Рио тинто” компани Монголоос хийхээр зэхэж байсан зэсийн экспорт нь хэд хэдэн удаа хойшилсонд тайлбар хийхээс татгалзсан билээ. “Оюутолгой төслийн борлуулалтын ор­логыг Монголын банкаар дамжуулахыг Монголын тал хүсч буй юм. “Рио тинто” нь орлогоо оффшор бү­сэд шилжүүлэх эсэх нь тодорхойгүй байна” хэмээн мэдээлжээ. Түүнч­лэн энэ талаар “Монголд бүртгэлтэй “Оюутолгой” ХХК болон өөр газар бүртгэлтэй (магадгүй гадаадад) компа­нийн хооронд бор­луу­лалтын орлогын хуваарилалт хийгдэхээр гэрээ хийгдсэн байх” гэж “Mongolian Metals & Mining Research”-ын шинжээч Дэйл Чой “Ройтерс”-т ярьсан байна.

 

ОФФШОР КОМПАНИУДАД ХЯНАЛТ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Монгол Улсад өнөөд­рийн байдлаар оффшор бүсүүдтэй хийсэн гэрээ хэлэлцээр хангалттай байхгүй байгаа нь олон тэрбумын алдагдал хүлээх эрсдэлийг бий болгож байна. Оюутолгойн орлогыг оффшор бүсээр дамжуулахаар яригдаж байсны цаана бид тэр мэдээллийг ил болгохоос өмнө хэчнээн гүйлгээ монголчуудын нүднээс дал­дуур өнгөрсөн нь то­дорхойгүй.

Дэлхий дахинд оффшор бүсийн талаар айдас төрүүлсэн нэгэн жишээг энд сийрүүлье. “Авлигаар цэцэглэсэн зууны хэлэлцээр:Гвиней хэрхэн олон зуун тэрбум фунтээ Симанду уурхайгаас алдсан бэ” хэмээх нийтлэл “independent.co.uk” цахим хуудаст нийтлэгджээ. Дэлхийд баялгаараа гайхагдсан Симанду уурхайн асуудал одоо хэр нь тодорхой шийдэлд хүрээгүй байна. Тус уурхайн төмрийн хүдрийг ухаж гаргахаар гэрээ хэлцэл хийсэн нь татварын диваажин болох оффшор бүс дэх Нормандын эрэг хавийн жижиг улс Гирнзид төвтэй “BSG Resources” компани юм.  Тэд энэ уурхайн лицензийг албан бусаар өөрийн болгосон байна. “Forbes” сэтгүүлийн мэдээлснээр ердөө л 165 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай Симанду уурхайг олборлохын тулд Бразилийн уул уурхайн “Вэйл” компанид эзэмшдэг 51 хувиа 2.5 тэрбум ам.доллараар худалджээ. Энэ оны нэгдүгээр сард Холбооны мөрдөх товчооноос энэхүү гэрээг шалгаж эхэлжээ. “Оффшор компаниудад хяналт, анхаарлаа маш сайн хандуулах хэрэгтэй байна. Бидэнд одоо хэр нь оффшор бүс дэх компаниудыг илрүүлэх технологи алга. Энэ нь авлига цэцэглэх гол эх үүсвэр болоод байна” гэж Гвинейн Ерөнхийлөгч Альфа Конде хэлжээ.

 

ШИНЭ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЧИМЭЭ

“Дэлхийн өнцөг булан дахь мөнгө угаах сүлжээ илрэх зуур ОХУ-ын төр засгийн удирдагчид хилийн чанад дахь элдэв хөрөнгөө сүүдэрт үлдээхээр чармайх нь ихэслээ” гэж “Риа новости” өнгөрсөн тавдугаар сард мэдээлж байв. Учир нь Ерөнхийлөгч В.Путин улстөрчдийг оффшор данс эзэмшихийг хориглосон бөгөөд хилийн чанад дахь нууц данснаасаа болж өндөр албан тушаалтнууд удаа огцроод байгаа юм. ОХУ-ын Төвбанкнаас мэдээлснээр өнгөрсөн онд Оросоос 56 тэрбум ам.доллар гадагш шилжсэн нь ДНБ-ийн 2.5 хувьтай тэнцжээ.

Энэ зуур манай улсад оффшор бүсийн талаар мэдээлэл хангалтгүй байгааг хувийн хэвшлийнхэн болоод албаны хүмүүс нь ч хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Одоогоор энэ талын судалгаа дөнгөж хийгдэж байгаа. Бас оффшор бүсүүдтэй хэлэлцээ байгуулахаар яригдаж байгаа гэнэ. Хэлэлцээ байгуулсан нөхцөлд л Монголоос хэчнээн “ногоон” оффшор бүсэд урссаныг тогтоох боломжтой аж. Үүний эхлэл болж УИХ-ын гишүүн Ж.Батзандан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилсан. Тэрээр энэ тухайгаа “Төрийн өндөр албан тушаалтнууд татвараа шударгаар төлөх ёстой. Хөрөнгийг хуулийн дагуу шударгаар олох хэрэгтэй. Одоогийн байдлаар өндөр албан тушаалтнууд жилдээ нэг удаа АТГ-т мэдэгдэж байгаа. Гадаадад данс нээлгэсэн, үл хөдлөх хөрөнгө зарсан, авсан албан тушаалтанг цаг тухай бүрт нь АТГ-д бүртгүүлж байх болно” гэж тайлбарлажээ. Түүний хэлснээр гадаадад оффшор данстай 10 гаруй өндөр албан тушаалтан манай улсад бий. Тэрээр хуулийн төслийнхөө талаар хэлэлцүүлэг өрнүүлж, 3-6 сарын дараа УИХ-д өргөн барих бодолтой байгаа аж.