Ж.ЦОГЗОЛМАА
Ирэх онд төрөөс мөнгөний бодлогод баримтлах үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Одоогоор иргэдэд хүрсэн мэдээлэл бол инфляцийг найман хувьд барьж, төсвийн орлогыг 7.2 их наяд төгрөг байх тухай тооцоо судалгаа. Өнөөдрийг хүртэлх хугацаанд мөнгөний бодлого гээч хоёр үг монголчуудын хувьд хөндий хоосон бөгөөд зөвхөн улстөрчдийн мэддэг тэнгэрийн зүйл байсаар ирсэн юм. Ийм болохоор ч тэр үү, өнгөрсөн хугацаанд мөнгөний бодлого хэлэлцэж буй парламентын чуулган Дорж, Дулмаагийн сонирхдог сэдэв угаас биш байв. Бодит байдалд мөнгөний бодлого гээч нь маргааш би хэдэн төгрөгөөр талхаа худалдан авах, нийтийн тээврийн үнэ хэрхэн өөрчлөгдөх, банкнаас авах зээлийн хүү хэдэн хувьтай байх зэргийг тодорхойлогч гол хүчин зүйл байжээ. Гэвч үе үеийн парламентаар мөнгөний бодлого хэлэлцэхдээ үүнийг хэтэрхий улстөржүүлэх үзэгдэл гаарч, бүр сүүлдээ улс төр, эдийн засгаа ялгахаа больтлоо асуудал гүнзгийрсэн юм. Нөгөө талаар иргэдийн эдийн засгийн мэдлэггүйг далимдуулж мөнгөний бодлого ярих нэрээр хувь пиараа хийх технологи ч сүүлийн үед дэлгэрээд байна.
МӨНГӨНИЙ БОДЛОГО ГЭЖ ЮУ ВЭ?
Мөнгөний бодлого бол эдийн засгийн тогтвортой байдлын гол шалгуур юм. Бодлогын хүүгээр дамжуулан хатуу, эсвэл зөөлөн мөнгөний бодлогыг Монголбанк хэрэгжүүлдэг билээ. Өнгөрсөн 2009 он бол Монгол Улсад мөнгөний бодлогыг улстөржүүлвэл эдийн засаг хэрхэн элгээрээ хэвтдэгийн тод жишээг харуулсан жил байв. Нийгмийн хавтгайрсан халамж, төсвийн үрэлгэн зарлагуудын дүнд эдийн засаг улстөрөөр “угаагдсан”. Ингэснээр мөнгөний бодлого гэхээсээ илүү төсвийн бодлого болоод хувирчихсан хэмээн эдийн засагчид ярьдаг. 2009 онд төсвийн зарлага хэрээсээ хэтэрч, дэлхийн эдийн засгийн хямралтай давхцсаны улмаас хоёр ч банк дампуурсан түүх бий. Үйлдвэрлэгч бус импортлогч орон байхад зохиогдсон төрийн бодлого нь ийнхүү эдийн засгийг мөлхөхөд хүргэсэн. Тухайн үед Монгол Улсад анх удаа бодлогын хүү 14 хувьд хүрсэн. Банкуудаас авах зээл хомсдож, инфляц 30 хувь давж, ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1700-д анх удаа хүрсэн үе. Харин өнөөдөр Монгол Улс мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд хүү нь 10.5, инфляц есөн хувьтай байна. 2009 оныг эргэн санавал 14+9=23 хувийн хүүг арилжааны банкууд зээлдэгчдэд санал болгож байсан. Үүний дараа барилгын салбар хоёр жил зогссон удаатай. Тухайн үед муу зээл 23 хувьтай байлаа.
2009 ОНООС ХОЙШ МОНГОЛЫН УЛСТӨРЧИД ӨӨРЧЛӨГДӨВ ҮҮ?
2009 онд ч Монголын улстөрчид мөнгө амлаж сонгуульд ялалт байгуулдаг, түүгээрээ эдийн засгийн бодлогыг “сохроор” тодорхойлдог байсан. Өнөөдөр ч мөнгөний бодлого тодорхойлохдоо улстөржилтөөс салаагүй хэвээр буйг төрөөс 2014 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн дүр зураг харуулж байна. Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн дүгнэлтээр бол ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл нь “Хэт залхуу, өмнөх жилүүдийнхээс ялгаа багатай, уйтгартай” хэмээх цол хүртээд байгаа юм. Төвбанкнаас хувийн хэвшлийг дэмжиж, инфляцийг нэг оронтой тоонд барих чиглэл барихаа танилцуулсан нь тэр. Өөрөөр хэлбэл, амь бөхтэй явсаар ирсэн төсвийн хөрөнгө оруулалт гэгч импортыг дэмжсэн дарга нарын халаасны бизнесийг бус харин үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийг мөнгөний бодлогоор өөгшүүлэх зорилго нь улстөрчдөд таалагдаагүй хэрэг. Бас аль нэг улс төрийн хүчний санаанаасаа зохиогоод хэлчихдэг банкны зээлийн хүүг эдийн засгийн бодит нөхцөлд нь мөнгөний бодлогоороо дэмжин бууруулах гэсэн зорилт нь парламентчдын санаанд нийцсэнгүй. Мөнгөний бодлого улс төрөөс хараат бус, зах зээлийнхээ жамаар бодит эдийн засгийн нөхцөл шаардлагаар хэрэгжсэн цагт орон сууцны зээлийн хүү зургаа биш нэг хувьд ч хүрэх боломжтойг АНУ-ын Төвбанкны жишээ харуулж байна.
АМЛАЛТ БА МӨНГӨНИЙ БОДЛОГО
Өнөөдрийг хүртэл манай улсад мөнгөний бодлого нь улстөрчдийн амлалтын сүрд дарагдаж, хоосон цэцэрхлийн дор явсаар ирсэн юм. Үүний нэг илрэл нь өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн үнэ тогтворжуулах хөтөлбөр, найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр зэрэг нь манай эдийн засагт хэрхэн шинэ өнгө авчирч буйгаар харагдаж байна. Анхнаасаа мөнгөний бодлого улстөрчдийн амлалтаас хол, бие даасан, эдийн засгийн шинжлэх ухаанд суурилан хэрэгжиж ирсэн бол монголчуудын хувьд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл өндөр санагдах байлаа.
“Эдийн засгийн шинжлэх ухааны үр дүнгээр ярих ёстой хүмүүс өнөөдөр үндсэндээ алга. Эдийн засгийн шинжлэх ухааны чадавх Монголд үндсэндээ ноль байна. Энэ шинжлэх ухааныг хөгжүүлэх стратегитэй болоосой” хэмээн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Б.Эрдэнэбат хэлсэн юм. Иймээс мөнгөний бодлогыг улстөржилтөөр “угаах” технологийг цэгцлэх цаг ирээд байна.