Ж.ЦОГЗОЛМАА

Дэлхийн эдийн засгийн хямралын эхэн буюу 2008 онд өрөнд баригдаж, өрсөлдөгчдөө “залгиулах” нь холгүй явсан үе “Рио тинто”-д бий. Тавантолгойг өөрийн болгох гэж хүлээсэн акулуудын нэг “Би эйч пи биллитон” “Рио”-той 200 орчим тэрбум ам.доллараар цуутай “хурим” хийх гээд бараагүй нь тэр байв. Энэ бол Оюутолгой хэмээх алт, зэсийн баянбулгийн үнэ цэнийн бараг тэн хагастай тэнцэх хөрөнгө байж. Одоо цагт “Рио тинто” уул уурхайн түүхийг бичилцэж буй аварга хөлгийн жолоог залж, ашиг орлогоороо бусдыг дагуулахгүй яваа. Ингэхдээ хэтэвчээ оффшор бүсүүдэд нуучихаад өчигдрөө ул болгож өнөөдрөөр туг хийж яваа хэмээн монголчууд тэднийг харддаг.

Оффшор гэдгийг энгийнээр тайлбарлавал татваргүй бүс. Ихэнхдээ ядуу буурай орнуудад ийм бүсүүд байгуулагдаж, хөрөнгө оруулалтыг өөрсдөдөө далладаг. Тэнд үндэстэн дамнасан корпорациуд охин компаниудаа нээж, элдэв чамин нэр зүүлгээд бусдаас олсон орлогоо хуулиас гадуур өсгөх сэйфээ болгодог юм. Бид өнөөдрийг хүртэл Монголын Оюутолгой нэрээр хэчнээн компани оффшор бүсүүдэд хана хэрмээ босгож, монголчуудын баялгийг зөөсөөр буйг тоолж мэдэхгүй сууна. Энэ зуур оффшор дансанд татвараас зайлсхийх гэж нууцаар мөнгө хураасан 2,5 сая баримт байгааг “Вашингтон пост” сонин мэдээлж байна. “Эдгээр илрүүлсэн баримт нь дэлхий даяар бидний мэдэхгүй хэчнээн их мөнгөний сүлжээ эргэлддэгийг харуулж байна. Ингэснээрээ татвараас бултаж, авлигын эх уурхай бий болгох юм” гэж “Before its news” сайтад бас дурджээ

Тэгвэл Оюутолгой нэрээр оффшор бүсүүдэд үүсгэн байгуулагдсан компаниудын цаана хэдий хэмжээний мөнгө эргэлдэж байгаа бол. Доктор С.Авирмэд “Сүүлийн үеийн зарим нэг тооцооноос үзвэл ордыг 65 жил ашиглах хугацаанд 36 тэрбум ам.долларын ашиг Монголын талд ногдоно. Үүнийг дундчилбал жилд Монгол Улсын төсөвт 500 гаруй тэрбум төгрөг ормоор ч юм шиг” хэмээн нийтлэлдээ дурдсан байдаг. Харин “Оюутолгой” компанийн мэдээлснээр энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын Засгийн газарт нэг их наяд 484 тэрбум төгрөг төлсөн гэж цахим хуудастаа тэмдэглэсэн байна. Гэвч энэ дүнг оффшор бүсүүд дэх компаниуддаа үүцэлсэн хөрөнгөтэй нь харьцуулвал ямар тоо гарах бол.

 

ОФФШОР БҮС ДЭХ КОМПАНИУДЫН МЭДЭЭЛЭЛ ХОМС БАЙНА

 

Оффшор бүсүүдэд охин компаниа байгуулсан, Монголд хөрөнгө оруулагч компаниудын мөнгөний урсгал ямар зам туулж буй талаар нарийвчилсан судалгаа одоогоор манай улсад хангалтгүй байгааг албаны эх сурвалж хэлж байна. Иймд оффшор бүсүүдтэй харилцаа тогтоож, хөрөнгийн урсгалыг нь нарийвчлан тогтоох судалгаа зайлшгүй шаардлагатай бөгөөд олон нийтэд ил тод мэдээлэх учиртайг зарим эх сурвалж онцолж байгаа. Энэ тухайд “Оффшор бүсүүдтэй мэдээлэл солилцох ажил хийгдэж байгаа” хэмээн Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадрал хэлсэн юм.

Ямартаа ч одоогийн байдлаар Оюутолгойн нэрээр байгуулагдсан “Айванхоу майнз” компанийн толгой компани Канадын Ванкувер хотод байрладаг тухай мэдээлэл бий. Компанийн засаглалын бүтэц нь толгой компани ба охин компаниудыг нэгтгэсэн IVN Group  хэмээх группийн бүтэцтэй. Оюутолгой төслийн хувьд, IVN Group-ийн өмчийн хувь оролцоо нь хоёр зэрэгцээ бүлэгт хуваагдаж буйг сонины эхний нүүр дэх хүснэгтэд харуулсан билээ.

 

ОФФШОР БҮС ЭДИЙН ЗАСАГТ ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

 

“Хуйвалдааныг илрүүлж шүүхэд өгч болох байсан. Гэвч энэ систем хуйвалдаанаас ч илүү аюултай зүйлээр тэжээгдэн тэтгэгдэж байдаг юм. Энэ өгүүлбэрийг Жон Перкинс “Эдийн засгийн алуурчны наминчлал” номдоо бичжээ. Манай дэлхийг аалзны тор шиг сүлжсэн, нүдэнд үл үзэгдэх үндэстэн дамнасан корпорациудын нүдэнд үл үзэгдэх нууцлагдмал хөрөнгийн урсгал мэдлэггүй эдийн засгийг байгаа болгож сурсныг тэрээр ийн тодорхойлсон юм. Байгалийн баялгаараа гайхагдсан Эквадор, Замби, Зимбабве зэрэг орнууд яагаад америкуудын өдрийн хоолны цэсийг өрх гэрүүддээ санал болгож чадаагүй, тарчиг хоосон амьдарч буйн шалтгаан энд бий. Ердөө том компанийн нэрээр далайлган, “болжмор тархи”-тнуудаар удирдуулсан улс орнуудыг боолчлолын өлгий болгох эдийн засгийн арга туршлагын тухай асуудал юм.

“Хөрөнгө оруулалтын оффшор компаниуд оффшор бүсэд бүртгэлтэй, тэнд татвараа төлдөг гэдэг ч үнэндээ бол татвар бараг огт төлдөггүй компаниуд байдаг. Манайд үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх гаднын хөрөнгө оруулагчид оффшор бүсэд бүртгэлтэй, тэд хаана ч янз бүрийн татвараас зугтах залилангийн схемүүд хэрэглэж багахан татвараа ч олигтой төлдөггүй байна. Одоогоор дэлхийн ядуу буурай орнуудаас ийм аргаар хулгайлж зувчуулсан 11 тэрбум доллар оффшор бүсүүдэд хуримтлагджээ” гэж эдийн засаг, улс төр судлаач Х.Болорболд тэмдэглэсэн нь бий. Манай улсад сүүлийн хэдэн жил үндэстэн дамнасан корпорациуд хаяа залган ирж, томоохон бүтээн байгуулалт нэрээр улс доторх улс байгуулсан жишээ олон байна. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн тодорхойлсноор тэднийг өөгшүүлэгчид нь тэжээвэр алуурчид. Гадаадынхан гэхээр л бурхан шиг шүтэж, тэнгэрээс буугаад ирсэн мэт аашлах нь үндэсний гэх үзэлгүй болгож, сүүлдээ өөрөө өөрсдийнхөө эдийн засгийг “булшлагчид” болон хувирдаг жишээ олон юм. Үүнийг баталж буй нэгэн зүйл гэвэл Монголд хөрөнгө тогтдоггүй, харин гадагшилдаг амь бөхтэй туршлага. Оюутолгой төсөл хэрэгжээд өч төчнөөн сая ам.долларын орлого орж ирсэн гэх хэрнээ яагаад ганц орон сууц барих хөрөнгө оруулалт Өмнөговьд сүндэрлээгүй вэ. Оюутолгойн гэрээг сөхөх тоолонд тэр гэрээг өлгийдөж авсан эрхмүүдтэй холбоотой хэрэг сэдэрч, хаанаас ч юм гэнэтхэн нууц дансны мэдээлэл захиалгатай юм шиг задардаг вэ.

 

ВИРЖИН АРАЛД БҮРТГЭЛТЭЙ “АЙВЕНХОУ ОЮУ ТОЛГОЙ” БУЮУ “АЙВИЭН”

 

Манай улсын хувьд уул уурхайн томоохон орд болсон Оюутолгойгоо “Рио тинто”-д ашиглуулахдаа хэр ашигтай хувилбар сонгосон бэ гэдэг асуултад бодит хариултаа нэхэх цаг ирээд байна. “Монголын Засгийн газартай гэрээ хийх субъектыг тодорхойлох ёстой. Вержин арал дээр бүртгэлтэй компани Монголын “Эрдэнэс Эм Жи Эл” төрийн өмчит компанитай хамтарч “Айвенхоу майнз Монголия ИНК” оффшор компани байгуулсан. Гэтэл “Рио Тинто”- гэдэг тэр том компани өөрөө өр, төлбөртэй тиймээс тодорхой хувьцаагаа Хятадын компанид зарсан гэх мэдээлэл интернэтээр цацагдсан байна. Тиймээс гэрээ байгуулах субьектээ тодорхой болгох нь чухал” гэж УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба 2009 онд хэлж байв. Ер нь Оюутолгойн гэрээний эргэн тойронд олон анхаарал татсан зүйл бий. Тухайлбал, хувь нийлүүлэгчдийн гэрээ байна. Иргэний хө­дөл­гөөнүүд ярьж, эсэргүүцээгүй бол нууцлалын зэрэгтэй энэ гэрээ хэчнээн эрсдэл дагуулах байсныг судлаачид хэлж байгаа. Энэхүү хувь нийлүүлэгчдийн гэрээ гэгчид “Айвенхоу Оюу Толгой” буюу “АйВиЭн” гэх нэрээр татвар төлдөггүй, оффшор Виржинийн арлуудад бүртгэлтэй, “Оюу Толгой Нидерланд Би.Ви” буюу ОТН гэх нэрээр Нидерландын бас оффшор бүсэд бүртгэлтэй гэсэн шинэ нэрс гарч ирснийг судлаачид хатуухан шүүмжилсэн нь бий. 

 

“ОЮУТОЛГОЙ” ЮУ ГЭЖ МЭДЭГДЭВ?

 

Оффшор бүс дэх Оюутолгойн орооцолдоон дунд монголчууд хангалттай мэдээллээр ”цангаж” байхад Оюутолгой компани цахим хуудастаа дараахь мэдээллийг нийтэлсэн байна. Ингэхдээ “Оюутолгой нь Монгол Улсын Засгийн газрын өмчийн оролцоотой. Гурван хувь нийлүүлэгчдийг доорх компаниуд төлөөлөн ажилладаг. Эрдэнэс Оюутолгой ХХК (34 хувь), Туркойз Хилл Ресурс / Рио Тинто (66 хувь)” хэмээжээ. Тэдний тайлбарласнаар орооцолдооны нэг хэсэг болсон “Туркойз Хилл Ресурс”  нь хуучнаар “Айвенхоу Майнз” компани бөгөөд Ази-Номхон Далайн бүсэд зэс, алт болон нүүрсний үйл ажиллагаагаа төвлөрүүлэн явуулж буй олон улсын уул уурхайн компани. Тус компанийн эзэмшилд Оюутолгой зэс-алтны уурхайн төслийн 66 хувь, Монгол Улсад нүүрсний олборлолт явуулж буй “Саусгоби Ресурсис” компанийн 58 хувь, зэс, алтны уурхайн үйл ажиллагаа явуулж буй “Айвенхоу Австрали” компанийн 59 хувь болон Казахстан улсад Кызилийн алтны төслийг хэрэгжүүлэгч Алтыналмас Гоулд хувийн компанийн 50 хувь байдаг гэжээ.

Монгол Улсын тэргүүлэх хөрөнгө оруулагч хэмээгдэж буй “Оюутолгой” компанийн оффшор бүс дэх орооцолдоон ийнхүү үргэлжилж байна. Тэдний мөнгөний урсгалын талаар баялгийнхаа эзэн нь болсон ард түмэндээ дэлгэх ил тод мэдээлэл, нарийн тоо баримт одоогоор Монгол Улсад хангалтгүй хэвээр байна.

Үргэлжлэл бий.