Э.ӨНӨР
Далд уурхайн бүтээн байгуулалтын дахин санхүүжилтийн асуудал зэргийг хэлэлцэхийн тулд “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүд Лондонг зориод ирсэн. ТУЗ-ийн гишүүд хоёр талын дунд тулгамдаад байгаа 30 асуудлын 15-ыг тодорхой болгоод ирснээ бахархангуй ярьсан юм. Харин тэдний энэ айлчлалыг чухал асуудлаа хэлэлцээгүй, үр дүнгүй болсон гэж дүгнэх хүн олон бий. Лондонгоос ямар хариу өвөртөлж ирэхийг нь хүлээж байсан монголчууд хэлэлцээрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд байгаа. Мөн УИХ-ын зарим гишүүн, уул уурхайн салбарынхан, судлаачид “ТУЗ”-ын гишүүдийг тодорхой шийдгүй ирсэнд эргэлзэж байгаагаа хэвлэлээр дамжуулаад байна. УИХ-ын гишүүн Б.Ганбаатар “ТУЗ-ийн гишүүд Лондонг зориод ирсэн атлаа оньсого шиг зүйл ярьж, мэдээлж байна. 30 асуудал ярьсан 15-ыг нь маш гоё шийдсэн гэж байгаа. Тэгвэл яагаад үлдсэн 15 болон шийдээд ирсэн 15 асуудлыг ярихгүй байгаа юм. Ямар шалтгаанаар УИХ-аар ярихгүй байна вэ. Өмчийн эзэд эдгээр асуудлыг мэдэх ёстой. Өнөөдөр “Рио Тинто” 16 банкнаас Монголын баялгийг барьцаанд тавиад 24.3 тэрбум ам.долларын өрийн бичгэнд гарын үсэг зурахыг Монгол Улсын Засгийн газар шаардаж байгаа. Ингэснээр энэ зээлийн багцыг тус 16 банк өөр банкуудад, өөр Засгийн газрын оролцоотой сангуудад шилжүүлэх эрх нь үүснэ. Ийм их мөнгө яригдаж байгаа асуудал монголчуудад чухал биш гэж үү. Бид өр тавихгүйгээр хэдэн тэрбум ам.долларын бонд биш, ашиг шимийг авах боломжтой. Гэтэл үүнийг хэлэлцээр дээр яриагүйг ойлгохгүй байна” хэмээсэн. Лондон руу тодорхой үүрэг даалгавартай явсан ТУЗ-ийн гишүүд айлчлалын талаар албан ёсны мэдээлэл өгсөн. Гэвч тэдний авчирсэн мэдээ нь Лондонг зорихдоо авсан даалгавар шигээ байсангүй. Мөн тэд хэвлэлийн үеэр хөрөнгө оруулагч тал манайхыг ил, далд хэлбэрээр дарамталсан талаар үг цухуйлгасан нь тэднийг “Монголдоо очоод амаа үдсэн юм шиг бай” гэсэнтэй адил гэдэгтэй зарим УИХ-ын гишүүн санал нийлж байна. Энэ удаагийн хэлэлцээрээр “Оюутолгой”-н эхний ээлжийн хөрөнгө оруулалтын зардал юунаас болоод яагаад хэтэрсэн бэ гэдгийг судлахаар болжээ. Төслийн зардал анхны гэрээнд тусгаснаас яагаад хэдэн тэрбумаар нэмэгдэх болсоныг шалгуулахаар Монголын Засгийн газар болон, хөрөнгө оруулагч “Рио-Тинто” компани тус тусдаа олон улсын аудитын шалгалт оруулсан. Шалгалтын үр дүнг хооронд нь тулгаж зохих ёстой зардал мөн эсэхийг дараагийн хэлэлцээрээр ярилцана гэдгийг Оюутолгойн ТУЗ-ын гишүүн Г.Тэмүүлэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн. Уг энэ удаагийн гол асуудал энэ байсан. Тэгэхээр Оюутолгойн гацсан бусад асуудлыг энэ ондоо багтааж шийдэж чадах эсэхийг ТУЗ-ийн монгол гишүүд хэлж мэдэхгүй буйгаа хэлсэн. Тэгэхээр ойрын ганц жилдээ аудитын шалгалтын дүн гарч, асуудлаа шийдэх цаг хэзээ вэ гэдэг нь асуулт хэвээр үлдэж байна.