Э.ӨНӨР
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаагийн байр суурийг сонслоо.
-Хөрөнгө оруулалтын хуулийг баталлаа. Уул уурхайн салбарт ямар нэг өөрчлөлт ажиглагдаж байна уу?
-Уул уурхайн уналтыг бид мөд сэргэхгүй гэж харж байсан. Гэхдээ одоо хөрөнгө оруулагчдад итгэл төрж эхэлсэн. Манайх хууль, эрх зүйн орчноо сайжруулснаар ажиглаж, хүлээж байсан гадныхан замдаа орсон гэж бодож байна. Гадны хэвлэлүүдэд тэмдэглэснээр Монголын уул уурхайн салбарт таатай орчин бүрдэж, хөрөнгөө оруулсан гадныхны бүрхэг бараан байдал сэргэж байгааг онцолсон байна. Энэ бүхнээс харахад нааштай байдал ажиглагдаж байна.
-Танай салбарт хийж байгаа хуулийн шинэчлэлийг та хэрхэн хүлээж авч байна?
-Хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиуд энэ салбарт шинэ хөрсийг бий болгоно гэж харж байна. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журмын өөрчлөлт ч ямар нэг үр дүн дагуулж байгаа. Ер нь өнгөрсөн 1-3 жилийн хугацаанд уул уурхайн салбарт төрийн бодлого үгүйлэгдэж байсан. Оройтсон ч оносон өөрчлөлт, шинэчлэл болж байгаа гэж дүгнэж сууна. Эдгээр хуулиар хувийн хэвшлүүдээ дэмжиж байгаа нь бас авууштай. Хуулиараа гадна, дотныхон гэж ялгаварлахгүй ажлаа хийх боломжийг нээж өгсөн сайшаалтай байна.
-Уул уурхайн салбар уналттай байгааг багагүй хугацаанд ярилаа. Одоо энэ салбар сэргэх цаг хэр ойрхон байна?
-Ойрын ганц хоёр жилдээ 42 хувиар буурсан хөрөнгө оруулалт сэргэх байх. Биднийг ямар алхам, өөрчлөлт хийхийг хүлээж байсан гадныхан бөөнөөрөө биш юм гэхэд хэсэг хэсгээрээ орж ирэх болов уу. Мөн манай уул уурхай сэргэхэд дэлхийн зах зээл дэх бүтээгдэхүүний үнэ нөлөөлнө. Одоогоор уул уурхайн бүтээгдэхүүний үнэ уналттай байна.