Ж.ЦОГЗОЛМАА

Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд өнгөрсөн мягмар гаригт хэвлэлийнхэнд хандсан билээ. Энэ талаар “Блүүмберг” агентлаг хэрхэн мэдээлснийг хүргэж байна. 

Монгол Улс болоод “Рио тинто” компани хамтран хэрэгжүүлж байгаа Оюутолгой төсөл түр зогсоод байгаа. Иймд хоёр талаас харилцан зөвшилцөх уулзалт өрнөж байна. Тэд өнгөрсөн долоо хоногт Лондон хотноо яриа хэлэлцээгээ хийсэн бол энэ сарын 7-ноос эхлэн Улаанбаатар хотноо хэлэлцээг үргэлжлүүлнэ гэдгийг Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Г.Тэмүүлэн хэллээ. “Бид төслийг цааш үргэлжлүүлэхийн тулд санхүүжилтийн зарчимд зөвшилцсөн” хэмээн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулуу өгүүлэв. Энэ оны сүүл гэхэд төслийг цааш амжилттай хэрэгжүүлэх яриа хэлэлцээнд ахиц гарна гэдэгт итгэж буйгаа тэрээр хуваалцлаа. Оюутолгойн үр өгөөжийн Монгол Улсад үлдэх хэмжээ өөрчлөгдөх ёсгүй гэсэн байр суурийг Монголын тал баримталж буйг Ч.Отгочулуу уламжиллаа. Одоогоор Монгол Улс төслийн хоёрдугаар шатны ТЭЗҮ-ийг шинэчлэн батлахыг хүлээж байгаа аж. Ирэх оны эхэн гэхэд дуусна хэмээн Ч.Отгочулуу мэдэгдлээ. Нийтдээ төслийн үе шатуудын зардал нь 14 тэрбум ам.долларт хүрнэ гэдгийг онцлов. Оюутолгой төсөл өнөөдрийн байдлаар түр зогсоод байгааг хэн бүхэн мэдэх билээ. Далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.доллар болсон нь энэхүү үл ойлголцлыг бий болгосон байна. Монгол Улс нь энэ төслийн 34 хувийг эзэмшдэг бөгөөд хөрөнгө оруулалтаа уурхайн орлогоос нөхөх сонирхолтой байгаа юм. Энэ бүхэн нь эцэстээ “Рио тинто”-той маргаан эхлүүлж, олон нийтийн дунд Монгол Улсын өр нэмэгдэх нь гэсэн сэдэв шуугиан тариад байна. Түүнчлэн ТУЗ-ийн гишүүд Лондонд хөрөнгө оруулагчидтай уулзсаны дүнд “Энтри гоулд”-ын лицензийг Оюутолгойд шилжүүлсэн тухайгаа мэдээлсэн. Ингэснээр Монголын Засгийн газар “Энтри гоулд”-ын лицензийн 34 хувийг эзэмших юм.