Ж.ЦОГЗОЛМАА
Их хааныхаа нэрээр өр тавьж олсон 1.5 тэрбум ам.доллар хаашаа шингэсэн тухай маргаан хуучраагүй байхад үйлдвэрлэгчдэд хаягласан 270 тэрбум төгрөгийн асуудал дэгдлээ. Хөгжлийн банк энэ зээлийг гаргахад арилжааны банкуудтай тохиролцоод хоёр сар өнгөрсөн ч үйлдвэрлэгчдийн хэтэвч хоосон хэвээр байна. Шуурхай байдал, өрсөлдөөнөөр уралддаг бизнесийн ертөнцөд Хөгжлийн банкны яст мэлхийн хурд түгжрэл үүсгээд буй нь энэ юм.
ӨРӨӨР “ӨНДӨГЛӨХ” ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
Монголчуудыг ирээдүйн Катар, Эмират шиг алтанд умбуулах төсөл хөтөлбөрүүдийн шанг татна гэсэн Хөгжлийн банк үүдээ нээсэн түүх хоёр жилийн өмнө тохиосон. Байгуулна, байгуулахгүй гэсэн урт хэрүүлийн эцэст 2011 оны тавдугаар сарын 12-нд сайд, дарга нар нь тууз хайчилснаар үйл хэрэг нь эхэлсэн. Монгол хүний “тархи”-ны размер багадна гээд гадаад захирал сонгохоор зарласан Засгийн газрын тендер тухайн үедээ шүүмжлэл дагуулсан сэдэв байв.
Өнгөрсөн хугацаанд энэ банк юу амжуулав. Монгол Улсын хөгжлийг түргэтгэх, энгийн олон иргэдийн амьжиргааг тэтгэж, ажилгүйдэл, ядуурлаас ангижруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох, импортыг орлох үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд тэд ямар оролцоотой байсан бэ. Сонины шарласан хуудаст Хөгжлийн банк өрөөр “өндөглөсөн” тухай мэдээнээс өөр хариулт алга.
Тэдний эхний даалгавар нь Бүтээн байгуулалтын дунд хугацааны бодлого, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор зэргийг санхүүжүүлэхэд 800 тэрбум төгрөгийн дотоодод гаргасан өрийн бичиг байв. Удаах нь өнгөрсөн онд гадаад зах зээл дээр гаргасан таван жилийн хугацаатай 580 сая ам.долларын бонд. Бондын хүү 5.75-6 хувьтай бөгөөд хөрөнгө оруулагчдын эрэлт таамагласнаас 10 дахин давж, нийт эрэлт таван тэрбум ам.долларт хүрсэн мэдээ бий. Эрэлт ихэснэ гэдэг ердөө ч сайн мэдээ биш бөгөөд Монголыг өрөнд оруулах сонирхол тэр хэрээр нэмэгдэж буй хэрэг юм.
Дараагийн ажил нь Самурай бонд. Арлын орны зах зээлд нэг тэрбум ам.долларын бонд гаргаж, өр тавина. Ингэхээр Хөгжлийн банк хөгжил даллах мөнгөний урсгалыг өр тавьж олох ганц төлөвлөгөөтэй угтаж байна.
АШИГ СОНИРХОЛ+УЛС ТӨР=ХӨГЖЛИЙН БАНК
Хөгжлийн банкны “но” үүгээр дууссангүй. Захирал нь солигдсон, ТУЗ нь шинэчлэгдсэн гэх мэдээллүүд хэвлэлийн эхний нүүрүүдэд дурайснаас биш эдийн засагт ямар нэмэр, тус явчрав гэдэг нь бүрхэг үлдсэн байдаг. Үүдээ нээгээд хагас жил ч болж амжаагүй байхдаа ТУЗ-ийн анхны дарга нь огцорсноор энэ бүхэн эхэлсэн билээ.
Хөгжлийн банкны ТУЗ-ийн анхны дарга Ч.Хашчулууныг 2011 онд Засгийн газрын хуралдаанаар чимээгүйхэн сольсон юм. Хөгжлийн банкны тухай хуулийн дагуу Засгийн газар тус банкны ТУЗ-ийн удирдлагыг өөрчлөх эрхтэй ч энэ нь ердөө л шалтаг төдий. Харин ч үүгээрээ Хөгжлийн банк төрийн шатрын хүү хэмээх ойлголтыг улам ч тодруулаад өгчихсөн хэрэг байв. Монгол Улсын анхны Хөгжлийн банкны, анхны даргыг ажлаа эхэлж амжаагүй байхад нь ийн сольсон болохоор яах аргагүй ашиг сонирхлын огтлолцол байсныг харуулсан юм.
Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар “Засгийн газар хөгжлийн бодлогыг шийдвэрлэж байгаа. Энэ банк түүний санхүүгийн асуудлыг шийдэх учраас Засгийн газар, тэнд байр суурь эзэлж буй улс төрийн албан тушаалтнуудын сонирхол мөнхийн байж таарна. Хөгжлийн банкны оронд Засгийн газраас хараат бус сан байгуулах нь зүйтэй. Кувейтийн, Норвегийн сан, бусад олон жишээ байна. Засгийн газраас хараат бус сангийн хувьд бизнесийн шаардлагын үүднээс үйл ажиллагаагаа зохицуулдаг” гэсэн нь Хөгжлийн банк хөгжилд дагуулах уу гэдэгт эргэлзээг бий болгосон юм. Энэ эргэлзээ ч биеллээ олж, Засгийн газрын захиалгатай банк албан тушаалтнуудынхаа далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд орсоор хоёр жилийн нүүрийг үзэж байна. Ийм болохоор Сайншандын аж үйлдвэрийн парк, төмөр зам гэсэн сэдвүүд удаж гацсаар өнөөдөртэй золголоо.
БОНДЫН ХҮҮД ӨДӨРТ 511 САЯ АМ.ДОЛЛАР УРСДАГ
Хөгжлийн банкны үүдийг нээж тууз хайчлах үеэр Ерөнхий сайд асан С.Батболд “Хөгжлийн банкыг хүчтэй, шуурхай ажиллахыг Монгол Улсын Засгийн газар үүрэгдэж байна” хэмээн онцгойлон сануулсан нь бий. Гэтэл өнөөдөр тэдний гэрийн даалгаврын биелэлтийн дүнд 142 бизнесмэн бондын мөнгийг нүдээ чилтэл хүлээж сууна. Тэдний дөнгөж 13-т нь санхүүжилт нь очсон. Үлдсэн хэд нь хэзээ мөнгөө шийдүүлж авах юм бүү мэд. Анхнаасаа арилжааны банк гэж бүтэц байсаар байтал заавал Хөгжлийн банк гэсэн сүржин нэртэй ч сүйдтэй үр дүнгүй энэ нүсэр бүтцээр хамаг түгжээ зангилааг орооцолдуулж, бондын мөнгийг хоосон цаас болгох хэрэг юу байв. Эдийн засагчдийн тооцоолсноор манай улс Чингис бондын хүүд өдөрт 511 сая төгрөг төлж байна. Энэ их хөрөнгө хоног тутам урсч байхад Хөгжлийн банк үйлдвэрлэгчдэд очих мөнгийг гацаасаар байна. Нэгэнт л арилжааны банк гэсэн бүтэц байхад шууд түүгээр нь дамжуулан олгох зам цэлийж байхад бизнесийн ертөнцийн зарчмаас хол тасарсан яст мэлхийн хурдтай, бас Засгийн газрын харцаар хөдөлдөг Хөгжлийн банк хэрэг байна уу.