Б.МАРГАД

 

Хэдхэн хоногийн өмнө Өмнөговь аймагт согтуу жолооч айлын гэр дайрч, олон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийг үйлдсэн жолооч Б.Алтангэрэл “Терра энержи” компанийн ажилтан гэсэн мэдээлэл цацагдаад байгаа.  “Терра энержи” компанийн гүйцэтгэх захирал Т.Цогттой энэ талаар ярилцлаа. 

 

-Өмнөговь аймгийн Баяндалай суманд аймшигт  осол гарч, дөрвөн хүн амиа алдсан. Энэ ослыг танай компанийн ажилтан үйлдсэн гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-Юуны өмнө ийм аймшигт осол гарч, эрдэнэт хүмүүсийн амь эрсэдсэнд хувиасаа болон компанийнхаа зүгээс ар гэрийнхэн, төрөл саданд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Терра Энержи” компанийн ажилтан энэ ослыг хийсэн гэж бичиж байгаа. Осол хийсэн машин бол “Терра энержи” компанийнх биш, хэргийг үйлдсэн Б.Алтангэрэл гэгч хүн манай компанид ажилладаггүй. Харин манай туслан гүйцэтгэгч компанийн ажилтан юм билээ. Манайх “Поларис корпораци” гэдэг компанитай ажил гүйцэтгүүлэх гэрээтэй. Бид уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг учир үйлдвэрийн дээжээ барууны стандартаар гаргаж авах, ажилтнуудаа сургах зорилгоор тус компанитай гэрээ байгуулсан юм. Уг нь осол болохоос өмнө гэрээ үндсэндээ дуусгавар болж байсан ч харамсалтай нь ийм хэрэг гарсан байсан. Бид туслан гүйцэтгэгч компанийн дотоод ажилд оролцдоггүй.

-Гэрээний хугацаа хэзээ дуусч байгаа юм бэ?

-Манай ажилтнууд хэзээ суралцаж дуусаад, шаардлага хангахуйц болсон байна, тэр үед гэрээг дуусгахаар гэрээнд заасан байсан. Осол болохоос өмнө манай хүмүүс газар дээрээ очиж, гэрээний явц байдалтай танилцсан байсан. Үндсэндээ гэрээгээ дуусгаж болох юм байна гэсэн тохиролцоотойгоор ирсэн. Бид ч гэрээгээ дуусгавар болгохоор албан бичиг өгчихсөн байсан юм.

-Тухайн үед ер нь юу болсон юм бол.  Сонинд бичсэнээр бол танайхыг дөрвөн сая төгрөг аваачиж өгсөн, гэхдээ түүнийгээ хохирогчдод өгөөрэй гэж хэлээгүй гэсэн салаа утгатай мэдээлэл гараад байгаа шүү дээ?

-Ийм харамсалтай хэрэг гарсныг даваа гаригт сонссон. Лавлаад сураглатал “Поларис”-ийн  ажилтан ийм осол хийснийг мэдсэн.  Хэдийгээр “Поларис” компанийн ажилтан осол гаргасан ч гэсэн энэ бол олон хүний амь нас эрсэдсэн эмгэнэлт хэрэг гарсан учраас манай компани хүн ёсны хувьд ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлэх ёстой шүү дээ. Тиймээс  манай компанийнхан Засаг даргатай нь уулзаж, эмгэнэлээ дамжуулсан. Бид Засаг даргаар дамжуулж эмгэнэл илэрхийлэхдээ нас барсан хүмүүсийн хойчийн буянд зориулж тодорхой хэмжээний мөнгө өгсөн. Ингэж өөрсдөө уулзахгүй байх шалтгаан байсан. Тухайн үед манай хүмүүсийг очиход ажил явдал нь болчихсон, ар гэрийнхэн нь сэтгэл зүйн хувь маш хүнд, ялангуяа манай компанийн ажилтан ийм хэрэг хийсэн гэсэн ойлголттой байсан. Аймгийн цагдаагийн хэлтсийн дарга ч манай компанийн ажилтанд “Та бүхэн уулзахад хүнд. Хүмүүс маш их цочролд орчихсон байгаа. Хэрэв уулзах бол цагдаагийн хэлтэс дээр дуудаж байгаад боломжтой нэг хүнийг нь уулзуулах хэрэгтэй” гэсэн байна лээ.

-Хүн дайрсан байцаалт ч өгөхгүй байна гэх мэт мэдээлэл гараад байгаа нь үнэн үү?

-Мөрдөн байцаалт явагдаж байгаа. Хууль хяналтынхан шалгаж байгаа.  Тэнд манай 22 ажилтан байгаа. Тэднээс цагдаагийнхан асууж тодруулж мэдээлэл  авсан байна билээ.

-Тэгэхээр осол гаргасан жолооч танай биш “Поларис корпорац” компанийн ажилтан юм байна. Энэ хэргийн дараа тус компанийнхан хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Бид “Поларис” компанийнхантай уулзаагүй байгаа. Цагдаагийнхан энэ талаар шалгаж байгаа байх.  

-Та компанийнхаа талаар танилцуулахгүй юу. Хэзээнээс үйл ажиллагаа эхлүүлсэн бэ. Танай компани хэзээнээс Ноён ууланд олборлолт явуулж эхэлсэн юм бол?

-Манайх өнгөрсөн оны  дөрөвдүгээр сараас үйл ажиллагаа явуулж бай­гаа. Австралийн хөрөн­гө оруулалттай компани. Орон нутагтаа хууль жур­маа чанд мөрдөж, хуулийн хүрээнд ажиллах  бодлого барьдаг, хэрэгжүүлдэг. Өмнөговь аймгийн Ноён сумын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэж зорьж ажиллаж байгаа. Одоогоор манай компани ямар ч олборлох үйл ажил­лагаа эхлээгүй, хайгуулын үйл ажиллагаа явагдаж байгаа. Сонинд биднийг Ноён уулыг сэндийчдэг гэж бичсэн байсан. Бид Ноён уулыг ухаж, сэндийчсэн зүйлгүй. Гарсан зөвшөөрлийнхөө дагуу хайгуулын ажлаа л хийж байгаа. Харин тэр газар нь “Пийбоодий” гэдэг манайхаас тусдаа өөр компанийн эзэмшдэг талбайг бичсэн байсан. Эднийхтэй манай компанийг андуураад байдаг юм билээ.