-Оюутолгойн ТЭЗҮ-ийг шинэчилнэ-

 

Ж.ЦОГЗОЛМАА

Оюутолгойн Монголын талын ТУЗ-ийн гишүүд өчигдөр сэтгүүлчдэд хандлаа. Тэд хөрөнгө оруулагч талтай хийсэн яриа хэлэлцээ, уулзалтын үр дүнгээ танилцуулсан юм. ТУЗ-ийн гишүүн, Уул уурхайн яамны Стратеги, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуугаас зарим асуултад хариулт авав.

 

-Юуны өмнө Лондонд болсон уулзалтын талаар товч мэдээлэл өгөхгүй юу. Ямар үр дүнд хүрэв?

-Монголын талаас 22, хөрөнгө оруулагч талаас найман асуудал тавилаа. Нийт 30 асуудлыг бид хоёр өдрийн турш хэлэлцэж хоёр дахин бууруулж чадсан. Үлдсэн 15 асуудлыг ойрын хугацаанд шийднэ. Оюутолгой бол Монголын эдийн засагт маш том хувь нэмэртэй төсөл. Хурдыг нь сааруулахгүй, энэ эрчээр нь авч явах үүрэг даалгавар бидэнд ногдсон. Шийдсэн асуудлын заримаас дурдвал, Оюутолгойн бүлэг ордод хамаарах лиценз гуравдагч этгээдийн нэр дээр байгаа. Гуравдагч тал буюу “Энтри гоулд” компанитай  ойлголцолд хүрч энэ лицензийг “Оюутолгой” компанид шилжүүлэхээр боллоо. Ингэснээр төсөл хэрэгжих хугацаанд Монголын талд ногдох ногдол ашгийг 1.4 тэрбум ам.доллараар өсгөх бодит боломжийг бүрдүүлсэн юм.

-Шийдэгдээгүй үлдсэн асуудлын талаар мэдээлэл өгнө үү?

-Шийдэгдээгүй гурван зангилаа асуудал бий. Төслийн нэгдүгээр үе шат хугацаанаасаа өмнө хэрэгжсэн ч зардал хэтэрсэн. Үүнд хоёр талаас нийлсэн аудитын баг гарч ажилласан. Тэд анхан шатны баримтад үндэслэн шалгалт хийснээ энэ сарын 7-ноос эхлээд нэг бүрчлэн тулгаж, зөвшилцөнө.

Хоёр дахь хамтарсан ажлын хэсэг геологийн нөөцийн тодотголоо хийе гэж байгаа. Нөөцөө тодруулаад, үүнтэй холбоотой ТЭЗҮ-ээ шинэчилье, цаашдаа орох эдийн засгийн үр ашгаа гэрээ зурахаас өмнө тохирсон хэмжээнд буюу хувь нийлүүлэгчид анх энэхүү ордыг ашиглаад хэдэн төгрөгийн орлого олно гэж тохирсон, түүнийхээ хэдэн хувийг Монгол хэдэн хувийг нөгөө тал авахаар хийсэн тохироогоо эвдэхгүйгээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Гурав дахь ажлын хэсэг нь далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой нэмэлт санхүүжилтийг ямар банкнаас ямар нөхцлөөр зээл авах талаар зөвшилцөх юм. Үүнд, хууль зүй, техникийн чанартай жижиг маргаанууд бий.

-Ер нь Лондонд Монголын талаарх ойлголт ямар байдаг юм байна. Хөрөнгө оруулагчид Оюутолгойн талаар хэр ойлгомжтой, зөв мэдээлэлтэй байна вэ?

-Бид Лондонд “Туркоиз хилл”-ийн бусад жижиг хувьцаа эзэмшигчтэй уулзсан. Жишээ нь, Канадын Төрийн сан байна. Тэд “Туркоиз хилл”-д өндөр хувь эзэмшдэг. Мөн Сингапурын “Тимасикл” төрийн өмчийн хөрөнгө оруулалтын сан бий. Эдгээр сангийнхантай уулзаж ярилцаж байхад Монголын талаар мэдээлэл хомс, Засгийн газрын байр суурийн талаар нэлээд ташаа ойлголттой гэдэг нь харагдсан.

-Далд уурхайн бүтээн байгуулалтад техникийн болон ойлголцлын зөрүү гарсан гэлээ. Чухам ямар зөрүү гарсан учраас далд уурхайн хөрөнгө оруулалт нэмэгдсэн юм бэ?

-Далд уурхайн тухайд хоёр талаасаа судлах асуудал бий. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж алга. Бид хүчин төгөлдөр байгаа ТЭЗҮ, хүчин төгөлдөр байгаа санхүүгийн загварт нийцсэн байхыг шаардаж байгаа. Хөрөнгө оруулагч тал  Афганистанд том орд нээгдлээ, Мозамбек, Чили зэрэг улсад Оюутолгойтой төстэй ордууд шинээр нээгдэж байна. Үйлдвэрүүд олноор баригдаж байна. 2017-2019 оноос эхлээд зэсийн үнэ унавал аль аль талдаа ашиггүй. Бүтээн байгуулалтаа хурдасгаж, баяжмалынхаа экспортлох хэмжээг өсгөж, үр өгөөжөө наашлуулъя” гэсэн санал тавиад байгаа. Бид үүнийг судална.

-Оюутолгойд дөрвөн тэрбумын зээл аваад хоёр тэрбумыг нь “Туркоиз хилл”-д буцааж өгөх гэж байгаа гэсэн мэдээлэл тараад байх юм. Үүнд та ямар тайлбар хийх вэ?

-Энэ талаар хоёр талаас нийлээд ирэх долоо хоногт судалгаа хийнэ. “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюутолгой” компаниудаас хамтраад хоёр, гурван долоо хоногийн дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой.

-30 жилийн дараа Монголын тал 16 хувиа худалдаж авсан ч манай ТУЗ-ийн төлөөллийн тоо өөрчлөгдөхгүй юм байна. Энэ шийдвэрийг олон хүн хардаж байна?

-16 хувиа худалдан авч 50 хувьд хүргэх асуудал Хөрөнгө оруулалтын тухай хуулиар зохицуулагдсан. Нэгэнт энэ талаар хоёр тал ойлголцолд хүрсэн тохиолдолд боломжтой асуудал. Тиймээс аль болохоор ойрын хугацаанд буюу энэ ондоо багтааж шийдэхээр ажиллана. Монголын талын үр өгөөж буурах ёсгүй гэсэн манай талын байр суурь хэвээрээ.

Ний нуугүй хэлэхэд, манай тал нэлээд хардалттай, сэрдэнгүй байгаа. Судалгаа тооцоо хийгээд үзэхээр ойлголцох ажил байна. Нөгөө тал ч бас биднийг хардсан шинжтэй байгаа. Татвар, усны төлбөрөө нэмэгдүүлэх замаар олж байгаа орлогоосоо илүү ихийг авах гээд байна гэж хардаж байна.

-Хөрөнгө оруулалтын гэрээнд хөрөнгө оруулалтын дүнг дөрвөн тэрбум, ТЭЗҮ-д 5.1 тэрбум гэсэн байна. ТЭЗҮ-ийг “Рио тинто” хийсэн юм байна лээ. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Анхны хөрөнгө оруулалтаа тогтох асуудал бий. ТЭЗҮ-д 5.1 тэрбум гээд байгаа. Хөрөнгө оруулалтын дүнд дөрвөн тэрбум гээд байгаа. Энэ тооцоог судал гэж байгаа. Бид Хөрөнгө оруулалтын гэрээгээ барина гэсэн байр суурьтай байгаа.