Д.ОЮУНЧИМЭГ

 

Засгийн газрын энэ сарын 15-ны хуралдаанаар “Хөгжлийн банк”-ны таван тэрбум хүртэлх ам.долларын үнэт цаас гаргах талаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Таван тэрбум ам.долларын хөрөнгийн эх үүсвэрийг зарцуулах төслүүд бэлэн байгаа гэнэ. Өмнө нь “Хөгжлийн банк” 600 сая ам.долларыг зарцуулах төсөл бэлэн байгаа тухай яригдаж хөрөнгө босгосон. Гэвч өнөөдрийг болтол санхүүжилт хийлгэх төсөл байхгүйгээд бондын хүүд нь өдөрт 120 сая төгрөг төлж байгаа. Энэ удаагийн бондын арилжаа хийх нь зөв эсэх талаар, “Урбанек” компанийн захирал Б.Лхагважав, “Монгол” дээд сургуулийн захирал Н.Дашзэвэг, Монголын Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн гишүүн Ө.Ганзориг, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш доктор, профессор Л.Оюун нараас тодрууллаа.

 

Б.Лхагважав:

АУДИТ ХЯНАДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ

-Хэрэв ойрын хугацаанд таван тэрбум ам.доллар хэрэгтэй гэж байгаа бол энэ нь улсын төсвийн 80 хувь орчимтой дүйцнэ. Өмнөх 600 сая ам.долларын хөрөнгийг эргүүлж чадахгүй хүү төлж байгаа. Энэ өрийг ний­тийн мөнгөөр л дарна. Нийтийн санхүүг үндсэн хуулиар хамгаалдаг. Ма­найд тийм зүйл байхгүй. Таван тэрбумын бонд арилжаалахаар батлагдвал энэ нь мөнгөний бодлогод нөлөөлнө. Тиймээс Төвбанк асуудал тавих хэрэгтэй. Одоо тавих гэж байгаа өрийг юунд зарцуулах, яаж төлөх нь тодорхой биш. Ер нь зээл авах, бонд гаргах үед нь Төрийн аудитын газраар хянуулах ёстой. Өр  нэмэх бүрт ачааг нь иргэд л үүрнэ.

 

Н.Дашзэвэг:

МӨНГӨ ХЭЗЭЭ Ч ОЛДОНО

-Санхүүжилт шаард­лагатай төсөл нь бэлэн болоогүй байгаа үед эрсдэлтэй. Засгийн газар хөгжлийн бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Манай улс харьцангуй өндөр хүүтэй зээл авдаг. Мөнгө хэзээ ч олдоно, харин хэрхэн хүүг нь төлөх вэ гэдэг гарцыг зөв ол. Тэр их хэмжээний мөнгийг яах ёстой, юунд зарцуулах, хүүний эргэн төлөлтийг өөрөөр нь олуулах гээд олон асуудал байдаг. Уг нь ийм төсөл хөтөлбөрүүдийг эрдэмтэд, шинжээчдийн байр суурь, төр засаг болон хувийн хэвшлийнхтэй уулзаж тохиролцож байх хэрэгтэй. Таван тэрбумын бондыг ойрын хугацаанд батлах шаардлагагүй гэж бодож байна.

 

Ө.Ганзориг:

МӨНГӨ БОСГОХ НЬ ЗҮЙТЭЙ

-Мөнгө босгох нь зүй­тэй. Хөгжлийн банкаар дамжуулснаар төсвийн урсгал зардлын санхүү­жилтэд явахгүй. Зөвхөн бүтээн байгуу­лалтад зар­цуулагдана. Гэхдээ үүнийг бас хэт өндөр хүү­тэй зээлдүүлж болохгүй. Харин ч хүү багатай хө­рөнгө оруулалт хийж болно. Мөн төр, ху­вийн хэвшлийн түнш­лэл байж бүтээн байгуулалтыг бос­гох бо­ломж бий. Өмнөх зээлтэй адил хав дараад байж  болохгүй. Таван тэрбумын бондыг УИХ батлан, хөрөнгийн биржид арил­жих хүртэл  бас ч хугацаа бий. Тиймээс   тө­сөл хөтөл­бөрүүдийн ТЭЗҮ-г маш сайн боловс­руулах хугацаа байна гэ­сэн үг. Тэгэхээр Засгийн газар маш сайн ажиллах л хэрэгтэй.

Л.Оюун:

ТАВАН ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН БОНД ГАРГАХ ХЭРЭГГҮЙ

-Таван тэрбум ам.дол­ларын бонд гаргах нь буруу. Учир нь өмнөх 600 сая ам.доллараар хөрөнгө оруулалт хийхгүй, хүү төлсөөр байгаа. Тиймээс надад энэ их хэмжээний мөнгийг зөв ашиглана гэсэн итгэл алга. Төсөл хэрэгжүүлэн хөрөнгө оруу­лалт хийж хүүг нь төлөх ёстой.  Анхнаас нь зориу­лалтаар нь ашиглах­гүй­гээс л өнөөд­рийн бай­дал үүссэн. Гол нь төсөл хөтөл­бөрүүдээ боловс­руу­лаад түүнийгээ санхүү­жүүлэх нь чухал гэдгийг ойл­гоо­сой. Аливааг гүй­цэтгэлээр нь дүгнэдэг. Тиймээс энэ их хэм­жээ­ний мөнгийг ард түмний нуруунд буух ачаа болох вий гэж болгоомжилж бай­гаа юм.