Э.ӨНӨР 

Монголын газрын баялаг сүүлийн саруудад зах зээлд хэрхэн өгсөж, уруудан, хэр их орлого олсныг тоймлон хүргэж байна.

ЗЭСИЙН ХУДАЛДАА ГАЦАВ

Уул уурхайн салбарт энэ онд тохиосон хамгийн таагүй мэдэгдэл Оюутолгойн далд уурхайн ажлыг зогсоосон шийдвэр гэдгийг эдийн засагч, салбарын судлаачид онцолдог. Одоо “Оюутолгой” төслийн баяжуулах үйлдвэр өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулж байна. Энэ төслийн зэсийн баяжмалын экспорт өнгөрсөн долдугаар сарын 9-нд эхэлсэн юм. Баяжуулах үйлдвэр энэ сарын 18-ны байдлаар нийт 160 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ. Үүний 38 мянган тонныг Монгол-Хятадын хилийн боомт Ганцмод руу тээвэрлэсэн бол “Оюутолгой”-н агуулахад 122 мянган тонн бүтээгдэхүүн “хэвтэж” байгааг төсөлд хамтарч ажиллаж байгаа компаниуд мэдээллээ. Оюутолгойн зэсийн баяжмалыг аль хэдийнэ экспортолж эхэлсэн гэж байгаа ч Хятадын гааль дээр худалдаанд гарч чадахгүй гацаж байгааг өнгөрсөн долоо хоногт төслийг хэрэгжүүлэгч “Turquoise Hill Resources” компани албан ёсоор мэдэгджээ. Зэсийн баяжмал гадагш гарах замдаа саатсан учраас  “Оюутолгой”-н баяжмалын орлого одоо болтол орж ирэхгүй байгааг тус компани онцолсон байна. Хятадын гаалийн зөвшөөрлийг авч хилээр Оюутолгойн зэсийн баяжмалыг гаргахын тулд “Turquoise Hill Resources” компани асуудлыг аль болох түргэн шийдвэрлэхээр Хятадын гаалийнхантай хамтран ажиллаж байгаагаа дурджээ. Энэ ордын далд хэсгийн олборлолт зогсож, ажлыг эхлүүлэхээр талууд ярилцаж байх зуур үйлдвэрээс нь гадаад зах зээлийг чиглэсэн бүтээгдэхүүн нь замдаа саатаж эхлэв. Манай улсын зэсийн үйлдвэрлэл энэ оны эхний найман сарын байдлаар 461.7 мянган тоннд хүрч, 73 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Харин энэ онд зэс молибдений татвараас олох орлого 80 хувьд хүрчээ.

 

НҮҮРСНИЙ ОРЛОГО 150 САЯ АМ.ДОЛЛАРААР НЭМЭГДЭНЭ

“Эрдэнэс Тавантолгой” компани энэ онд Цанхийн зүүн уурхайгаас 4.5 сая тонн, Цанхийн баруун уурхайгаас гурван сая тонн нүүрс олборлох зорилт тавьжээ. Тус компани он гарахад нийт 7.5 сая тонн нүүрс олборлож, экспортолно гэдгээ онцолж байгаа юм. Энэ “амлалтад” хүрснээр өнгөрсөн онд олборлож, экспортолсон нүүрсний хэмжээ гурав дахин өсөх юм. Ингэхдээ  нүүрсээ зах зээлийн тухайн үеийн ханшаар борлуулна гэдгээ салбарын сайд нь онцолсон. Тавантолгойн Цанхийн баруун хэсгээс гурван сая тонн нүүрс олборлож, борлуулснаар экспортын орлого 120-150 сая ам.доллараар нэмэгдэх тооцоог  “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан гаргаад байна. 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Цанхийн баруун уурхайн нүүрсний экспорт энэ сарын 5-наас эхэлсэн. Уг уурхайгаас энэ сарын 22-ны байдлаар 63 мянга 754 мянган тонн нүүрс олборлож,  тээвэрлэсэн байна. Нүүрс экспортлох гэрээг БНХАУ-ын “Вэнсвэй”, “Пушин” зэрэг таван компанитай хийжээ. Энэ оны эхний найман сарын байдлаар Монгол Улс 14.9 сая тонн нүүрс олборлож, төсөвт 163.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна. Энэ нь төлөвлөсөн хэмжээнийх нь дөнгөж 55 хувь аж.

 

АЛТ ОЛБОРЛОЛТ ТӨЛӨВЛӨСӨН ХЭМЖЭЭНЭЭСЭЭ ДАВАВ

Манай улс 2005 онд 24 тонн алт олборлож байсан бол 2012 онд зургаан тонн болж буурчээ. Энэ онд олборлосон алт төлөвлөсөн хэмжээнээсээ 80 хувиар давж, 5773 кг болжээ. Олборлосон алтнаасаа олсон ашиг 169 хувийн гүйцэтгэлтэй байгааг салбарын яамнаас мэдээллээ. Алтны ханш дэлхийн зах зээлд өнгөрсөн оныхоос  11.9 хувиар буурчээ. Харин Алтны худалдааны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийг хэрэгжүүлснээр Монгол Улс жилд Оюутолгойн алтны олборлолтыг оруулаад 38 тонн алт олно гэж Уул уурхайн яамныхан тооцоолж байгаа юм. Үүнийг Монголбанк зах зээлийн ханшаар худалдаж авахад жилд 1.7 тэрбум ам.долларын орлого олох тооцоо бас бий.