С.УЯНГА
Улс орны эдийн засгийн уналт, ухралт, улс төрийн намуудын талцал хэрүүлээс илүүтэй иргэдийн амьдралд өгөөжөө өгч байгаа зүйл бол яах аргагүй орон сууцны найман хувийн хүүтэй ипотекийн зээл. Энэхүү зээлийн үр дүнд орлоготой л бол орон сууцанд амьдрах нь мөрөөдөл биш болж 76 мянган өрх тохилог, дулаахан амьдарч байна. Гэвч ипотекийн зээлийг эзэндээ хүрсэн үндэсний хэмжээний хөтөлбөр болоход саад бэрхшээл мундахгүй нь бололтой. Үүний нэг жишээ гэхэд саяхан Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрийг арилжааны банкууд эсэргүүцэж, орон сууцны зээлийг зогсоосон явдал. Тодруулбал, Үндсэн хуулийн цэц банкны зээлийн барьцаанд байгаа эд хөрөнгөө бусдад түрээслэх, дамжуулан түрээслэхэд заавал банкнаас зөвшөөрөл авах шаардлагагүй гэж үзсэнээс болж банкны зээлд хамрагдах гэж байсан 200 гаруй мянган иргэний мөрөөдлийг хийсгэв.
Тэгвэл нөгөө талаас иргэдийн аж амьдралыг атгаж, орлогыг нь “халаасалж” суудаг арилжааны банкуудаас арай хараат бус болох нэг боломж буйг ТОСК-ийнхан хэлж байгаа юм. Энэ юу вэ гэхээр улс төрийн тоглоом, шоглоом, томчуудын “гар хөл” орох боломжгүй Батлан даалтын сан юм.
ТОСК-ийг Батлан даалтын сантай болгож өөрсдөө зээлээ олгох эрх зүйн орчныг бүрдүүлээд, хуульчилаад өгчихвөл орон сууцны зээл эрүүл хөрсөн дээр бууж, илүү олон айл гэрэл гэгээтэй амьдрал руу тэмүүлэх урам зоригтой болох боломжтой. Батлан даалтын сантай болох асуудал шинээр гарч ирж байгаа зүйл биш. Дээр нь айхтар их хөрөнгө мөнгө, урт удаан цаг хугацаа шаардахгүй. Өмнө Орон сууцны санхүүжилтын корпораци буюу ОССК байх үед 4000 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж уг хөтөлбөрийн хүрээнд зургаан хувийн орон сууцны зээл олгож байсан арвин туршлага бий. Тэгэхээр болохгүй, бүтэхгүй гэх үндэслэл байхгүй юм.
Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болж арилжааны банкууд зээл олгохоо зогсоож оны өмнөхөн байрандаа орох байсан хүмүүсийг буцааж байсан. Хэрэв ТОСК Батлан даалтын сантай болж өөрсдөө зээлээ гаргадаг байсан бол арилжааны банкууд ипотекийн зээлийг хаахад ТОСК-иас байр авсан иргэд оны өмнө байрандаа орох боломжтой байлаа. Энэ мэтчилэнгээр ТОСК-ийн хүчийг Батлан даалтын сангаар нэмэгдүүлэх боломж, бололцоо бий. Төрөөс зохицуулалт, хууль эрхзүйн орчинг нь тодорхой болговол найман хувийн хүүтэй зээл хүсэх гэж байгаа урьдчилгаа төлбөргүй иргэд банкаар дамжуулан, зээлийн Батлан даалтын санд хандах юм. Ингэснээр шаардлагад нийцсэн иргэн холбогдох байгууллагуудтай гэрээ байгуулах хэлбэрээр энэ ажил цаашид үргэлжлээд явна. Энэ хувилбар дээр санаагаа нэмэрлэх, гардан ажиллах мэргэжилтнүүд ч бэлэн байгаа гэдгийг албаныхан хэлж байгаа. Тухайлбал, гадны олон улс орон байгалийн баялгаас олсон орлогын тодорхой хувийг зээлийн батлан даалтын сандаа төвлөрүүлж, түүнээсээ ард иргэдээ орон сууцжуулахад хэрэглэдэг гэнэ. Ер нь ажлыг зориглоод эхлүүлсэн цагт арга эв нь олдож л таарна. Тиймээс орон сууцаа богино хугацаанд, чанартай барьж байгаа дэвшил дээр тулгуурлаж иргэнд ээлтэй борлуулалтын сувагтай больё. Тэрхүү иргэдтэй холбох гүүр нь Батлан даалтын сан байвал ямар вэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин