Э.СОЛОНГО

“Хөдөлмөр судалгааны институтээс аль салбарт ажлын байр их байгаа. Ямар мэргэжил эрэлттэй байгаа талаарх мэдээллийг авчихлаа. Энэ судалгааны дагуу ажил хайвал ажилд орчих юм шиг байна. Сая хэдэн ах бас эндээс мэдээлэл авч, холбоо барих утсаар нь шууд холбогдож байна”, “Монголд хог хаягдлаар зөөлөн шал үйлдвэрлэдгийг олон хүн мэддэггүй юм байна. Энд ирснийх нэлээд хэдэн шинэ үйлчлүүлэгчтэй болчихлоо”. Ийм яриа Чингисийн талбайд болсон “Ажилтай, орлоготой монгол хүн” нээлттэй хаалганы өдөрлөг дээр өрнөв. Хөдөлмөрийн яамнаас Хөдөлмөрийн салбарын долоо хоногийг санаачлан, зохион байгуулж байгаа. Үүний хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөг болсон нь энэ юм.

Өдөрлөгийг нээж салбарын сайд үг хэлж, Монгол Улсад анх удаа хөдөлмөрийн өдөрлөг болж байгааг онцлов. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Энэхүү өдөрлөгтөө бид жижиг, дунд үйлдвэрлэл,бизнес эрхэлж байгаа компаниудаа урьж оролцуулж байна. Эдгээр үйлдвэрлэгчид түрээсийн байранд, магадгүй хашаандаа бизнес эрхэлж байгаа. Тэдний ажил, ажлаа хийж байгаа орчныг бид тэр болгон очиж үзэж чаддаггүй. Тиймээс өнөөдөр олон нийтэд тэдний хийсэн бүтээсэн зүйлс, хийж байгаа ажлыг үзүүлэх, дэлгэх бололцоог бүрдүүлээд байна. Энд бизнес, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хоорондоо үзэл бодол, бизнесийн саналаа солилцох, хийж бүтээснээ олонд таниулж борлуулах  юм” хэмээлээ. Нээлттэй өдөрлөгийн хүрээнд өдрийн турш жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ дэлгэж, “Монгол ур чадвар-Улаанбаатар 2013” мэргэжлийн тэмцээнд Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагчид дөрвөн төрлөөр мэргэжлийн чадвараа уралдууллаа. Мөн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагчид мэргэжлийн чадвараа урлаж, шингээсэн бүтээлүүдээ үзүүлсэн юм. Энэ үеэр өдөрлөгт оролцсон зарим төлөөлөлтэй уулзлаа.

 

А.Алтансүх: ХОГ ХАЯГДЛААР ХАВТАН ХИЙДЭГ ҮЙЛДВЭРЭЭ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР БОСГОСОН

“Нью тушита” компани автомашин, дугуй, мотоциклийн хаягдал дугуйгаар резинэн хучилттай цутгамал болон хавтан шал үйлдвэрлэдэг байна. Тус компанийн захирал А.Алтансүхээс зарим зүйлийг тодрууллаа.

-Бүтээгдэхүүнийхээ талаар танилцуулахгүй юу?

-Манайх хаягдал дугуй, хаймраар явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай, спорт заал, бялдаржуулах клубын резнин зөөлөн хавтан, шал үйлдвэрлэдэг. Тоног төхөөрөмжөө Шанхайгаас оруулж ирсэн. Өнгөрсөн жилээс үйл ажиллагаагаа тогтвортой явуужл байна.

-Түүхий эдээ хаанаас авдаг вэ. Хэр хангалттай байна?

-Манайх бусад үйлдвэрээс хог хаягдлаар бүтээгдэхүүн хийдгээрээ онцлог. Үүнийгээ давуу тал гэж хэлж болно. Хүмүүсийн хаягдал болохоор ер нь хангалттай.

-Төрөөс олгож байгаа хөнгөлөлттэй зээлд хэр хамрагдаж байна?

-Том ч бай жижиг ч ялгаагүй үйлдвэр зээлээр хөдөлдөг шүү дээ. Жижиг, дунд үйлдвэрийн сангаас олгодог зээлд хамрагдсан. Эхлүүлсэн ажлаа үйлдвэр болгоход хөнгөлөлттэй зээл гол үүрэг гүйцэтгэсэн. Одоо хүмүүст танигдах, үйлчлүүлэгчдийхээ тоог өсгөх л чухал байна. Хийж байгаа ажил ийм өдөрлгөөр илүү олон хүнд хүрдэг юм байна. Хог хаягдаар шал, хавтан хийдэг гэхээр хүмүүс гайхаад “Ийм үйлдвэр байдаг юм уу” гэж асуух юм.

 

Т.Болдгэрэл: ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРТ УР ЧАДВАР ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА

Олон улсад зохион байгуулдаг Мэргэжлийн ур чадварын тэмцээнийг Монголд санаачилсан “Түвд агентур” төвийн захирал Т.Болдгэрэлээс цөөн асуултад хариулт авсан юм. Тэрээр ажилтай болоход мэргэжлийн ур чадвар чухал үүрэг гүйцэтгэнэ  гэдгийг онцолсон.

-Мэргэжлийн ур чадварын тэмцээн ажлын байр нэмэгдэх, ажилгүйдэл буурахад ямар үүрэг гүйцэтгэдэг юм?

-Гадны орнуудад боловсон хүчнээ чадавхижуулах, хүмүүсээ ажилтай болгох бодлогодоо мэргэжлийн ур чадварын тэмцээн, уралдааныг ашигладаг. Мэргэжлийн ур чадвар аль ч салбарт чухал байдаг. Мөн тухайн хүн ажилтай болоход мэргэжлийн ур чадвар гол үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр ийм тэмцээн, уралдаанд ур чадвараа уралдуулж байгаа хүн мэргэжлээ ахиулж л байна гэсэн үг. Манай Хөдөлмөрийн яамныхан мэрэгжлийн ур чадварыг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч байгаа юм билээ. Ур чадвартай мэргэжилтэн ажилгүй байна гэж байхгүй.

-Манайд аль салбарт мэргэжлийн ур чадвар илүү хөгжиж, аль нь хоцорч явна?

-Бид бас хийж байгаа жалынхаа хүрээнд судалгаа хийж, мэргэжлийн ур чадварын уралдаан, тэмцээнийг зохион байгуулж байгаа. Манайд боловсрол, уул уурхай, барилгын салбарынхан мэргэжилдээ чадварлаг байгаа бол үйлчилгээний салбарын ур чадвар хоцорч явна.  

 

Б.Чулуунбаатар: ТӨГСӨГЧДИЙГ АЖИЛТАЙ БОЛОХОД ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ ГҮҮР БОЛНО

Үйлдвэр урлалын политехникийн сургуулийн залуус “Ажилтай орлоготой Монгол хүн” хөдөлмөрийн өдөрлөгт мэргэжлийн ур чадвараа олон нийтэд сонирхуулсан юм. Тус сургуулийн Автын аргазүйн багш Б.Чулуунбаатар төгсөгчдөө ажилтай болгохын тулд Хөдөмөрийн яамтай хамтарна гэдгээ онцлов.

-Танай сургууль төгсөгчдөө ажлаар хангахад ямар бодлого баримталдаг юм?

-Ер сүүлийн хоёр жил ажлын байр хангалттай байгаа нь ажиглагдаж байна. Төгсөгчпийн 70-80 хувь нь ажилтай болж байгаа. Хөдөлмөрийн яамны судалгаа, мэдээллийн дагуу ямар чиглэлээр түлхүү элсэгч авах, аль салбарт илүү олон мэргэжилтэн бэлтгэх талаар бид чиглэлтэй болсон. Үүний үр дүнд оюутнууд төгсөнгүүт ажилтай болж чадаж байна.

-Мэргэжилтэн, ажиллах хүчин бэлтгэж байгаа байгууллага хөдөлмөрийн салбарын байгууллагатай илүү ойр ажиллах ёстой гэж олон хүн үздэг юм билээ?

-Наадах чинь зайлшгүй баримтлах бодлогуудын нэг. Бид Боловсрол соёлын яаманд харьяалагддаг ч Хөдөлмөрийн яамтай яах аргагүй хамтарч ажиллах шаардлагатай болдог. Бидний “бүтээгдэхүүн” зорилгодоо хүрэхэд энэ яам гүүр болж байна.