Ж.ЦОГЗОЛМАА

УИХ-ын ээлжит бус чуулганаар Хөрөнгө оруулалтын хуулийг Татварын багц хуулиас өмнө хэлэлцэж, яаруу батлах тухай яриа олон нийтийн дунд тараад байна. Эдийн засгийн нөхцөл байдал муудсанаас томоохон бизнесмэнүүдийг татварын диваажинд залж, жижиг, дунд үйлдвэрлэгчид гортигийн гадна үлдэх нь гэсэн хардлага ч бас бий. Энэ бүхнээс үүдэн Татварын багц хууль үнэхээр өөрчлөгдөх үү гэсэн асуулт гарч байгаа юм.

“Татварын хуульд өөрчлөлт оруулах бэлтгэл ажил хийгдэж байгаа. Энэ өөрчлөлтийн нөлөөлөл нь айхтар сөрөг тал руугаа байгаа. Жишээлбэл, анх удаагаа орон сууцнаас татвар авна гэж байгаа юм. Одоо бол үл хөдлөх хөрөнгө мөн боловч авахгүй байгаа шүү дээ. Бас Улаанбаатарын иргэдээс татвар авна гэж байгаа. Бас Улаанбаатарын НӨАТ бий болно. Энэ бүхэн нь том компаниудад ямар ч нөлөө байхгүй. Гэтэл жижиг, дунд үйлдвэр, дэлгүүр хоршоо бүгд үүнд өртөнө. Тийм болохоор Татварын багц хууль их болгоомжлол төрүүлж байгаа” хэмээн МУИС-ийн эдийн засгийн сургуулийн багш Ч.Хашчулуун хэлсэн юм. 1996-2006 онд манай улс үндсэндээ татвараа өөрчлөөгүй бөгөөд түүнээс хойш хэд дахин өөрчлөгдөөд байгаа юм.

Өнгөрсөн сарын 22-нд болсон “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын үеэр татвар нэмэхгүй хэмээн Н.Алтанхуяг мэдэгдсэн нь бий. Цаашлаад найман хувийн зээл зогсохгүй гэж хүртэл амалсан. Харин судлаач Ч.Хашчулуун болоод бусад эх сурвалжийн үзэж буйгаар татвар нэмэхгүй гэсэн үгний цаана шинэ татвар оруулна гэсэн сураг ажиг нуугдаад байгаа аж. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал руу утас цохиж энэ талаар тодруулахад “Татварын хуульд өөрчлөлт орохгүй” гэсэн хариулт өглөө.