Б.БАРС
1483 оны хоёрдугаар сарын 15-нд одоогийн Узбекистаны Андижан хотноо Монголын эртний Барлас овгоос гаралтай, дундад зууны хамгийн баян гүрнүүдийн нэг Их Моголыг үүсгэн байгуулсан Бабур хаан мэндэлжээ. Түүний нэрийг перс хэлнээс орчуулбал Барс гэсэн утгатай аж. Тэрээр эцгийн талаасаа дундад Азийг тэр чигт нь эзэрхсэн Барлас овгийн доголон хэмээх Төмөр хааны, эхийн талаасаа алтан ургийн Цагаадайн удмын хүн байжээ.
12 настайд нь Ферган хотын захирагч эцэг нь ослоор өөд болсноос хойш Бабур Төмөр хааны их гүрнийг сэргээх хүсэлдээ хөтлөгдөн эрх мэдлийн төлөө тэмцэлд оролцож эхэлжээ. Түүнийг төрөхөөс бараг 100 жилийн Барлас овог төрөлх монгол хэлээ умартан түрэгжсэн байсан гэдэг.
Тэрээр дундад Азийн төлөөх тэмцэлд төрсөн эгчийг нь хатнаа болгосон, Шейбани хаанд дийлдэн Афганистан руу шахагджээ. Бабур 1504 онд Кабул хотыг эзэлж аваад Энэтхэгийн эсрэг хэд хэдэн амжилттай аян дайн хийсэн юм. Энэтхэгийн дийлэнх хэсгийг эзлээд Бабур хаан алдарт “Кохинур” цул алмаз эрдэнийн эзэн болсон бөгөөд тус эрдэнийг Их Моголын хаад удам дамжин эзэмшиж байжээ. “Кохинур” өдгөө Британийн музейд хадгалагдаж байгаа билээ.
Бабур хаан гарамгай жанжин төдийгүй соён гэгээрүүлэгч, эрдэмтэн хүн гэдгээрээ дэлхийн түүхэнд мөнхөрчээ. Түүхч, газарзүйч, зохиолч, яруу найрагч түүний 1493-1529 оны түүхэн үйл явдлыг найраглал хэлбэрээр өгүүлсэн намтарчилсан “Бабурнаме” номыг лалын соёл иргэншлийн утга зохиолын сод бүтээл гэж үздэг юм. 47 насандаа Агра хотноо өөд болсон түүнийг гэрээслэл ёсоор Кабул дахь бунханд оршуулжээ.
МЭӨ 483 он
Буддын шашныг үндэслэгч, Энэтхэгийн Шакья овгийн ван Сиддхартха Гаутама 80 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
1564 он
Италийн нэрт физикч, одон орон судлаач Галилео Галилей төржээ. Дэлхий нарыг тойрдог гэдгийг нотлон католик шашныханд адлагдан цаазлуулах дөхсөн тэрээр шинжлэх ухаанч үзлээсээ урваагүй гэдэг.
1609 он
Германы Волфенбутгел хотод дэлхийн анхны өдөр тутмын “Авизо релатион одер цайтунг” сонин гарч эхэлжээ.
1942 он
Сингапур дахь Их Британийн 80 мянга гаруй цэрэгтэй гарнизон Японд бууж өгчээ.
1989 он
Афганистанд 10 жил байлдсаны эцэст ЗХУ-ын 140 мянган цэрэг тус улсаас бүрэн гарчээ.
1994 он
1978-1990 онуудын хооронд нийт 53 хүн, голдуу эмэгтэйчүүд, хүүхдүүдийн аминд хүрсэн ЗХУ-ын зартай алуурчин А.Чикатилог цаазалжээ. Орос хэл, уран зохиолын багшаар ажиллаж байсан тэрээр цагдаагийн байгууллагад 12 жилийн турш баригдалгүй энгийн ард иргэдийг айдаст автуулж байсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин