Ж.ЦОГЗОЛМАА

Хөгжлийн алтан сан­­гаар танигдсан ХАС банк бусдаасаа урьтаж ба­га, дунд бизнестэй хү­мүүсийн амжилтын шанг таталцсан анхны түнш. Гэвч харилцагчдаа эр­гэлзээнд хүргэсэн ойл­гомжгүй шийдвэр нь өн­гөрсөн хэдэн өдрийн шуугианы сэдэв болов. Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн 30 хувийн урьдчилгааг цуг­луулах гэж урд хойноо орж яваа иргэдийг цус харвуулах дөхсөн нь тэр байлаа. Урьдчилгааныхаа хэмжээг хоёр дахин нэмж 60 хувьд хүргэснээр зээл хөөцөлдсөн олныг санхүүгийн аргаар боо­милсон хэрэг болсон юм. Мэдээж, энэ зээлийг олгохын тулд ХАС-ынхан Монголбанкнаас хөнгөлөлттэй зээл авч, цаашлаад иргэдийн зээлийн баримтыг бүрдүүлэх, шимтгэл хураах нэрээр чамлахааргүй ашиг олсон.

Наад зах нь гэхэд банк хоорондын мөнгөн шилжүүлгийнхээ шимтгэлийг Монголд хаана ч байхгүй өндөр үнэ болох 2000 төгрөгт хүргэж өсгөсөн байх жишээтэй. Арилжааны бусад банкны нэхдэгээс зургаа дахин өндөр үнэ энэ. Найман хувийн зээл хөөцөлдөж байгаа хүн өөр банкинд үл хөдлөхийн лавлагааны 5000 төгрөгөө ХАС-аар шилжүүлэхдээ харилцагч нь биш бол нийт 7000 төгрөг төлөх болоод байна. Үүн дээрээ нэмээд урьдчилгаагаа хоёр дахин өсгөсөн нь иргэдэд асуулт болон үлдсэн юм.

 

“ИЧСЭН” БАНК ХУДЛАА МЭДЭЭЛНЭ

“ХАС бол ХААН, Төрийн банк шиг том банк биш шүү дээ. Төрийн банк эсвэл Хаан банк ийм асуудал үүсгэсэн бол бас яахав” гэж Ерөнхий сайд өнгөрсөн пүрэв гаригт хэвлэлийнхэнд ярьсны маргааш нь ХАС-ынхан “Ичсэн хүн хүн ална” гээчийн үлгэрийг яруу тодоор харууллаа. Өдөр тутмын хэвлэлийн эхний нүүрэнд сурталчилгаа байрлуулж, битүү хатуу бөөрөнхийлсөн өгүүлбэрүүд чулуудаад, “Манай банкны урьдчилгаа 30 хувь хэвээрээ байгаа” гэж улайм цайм бас дурайлгажээ. Зээлийнхээ чанарт зохицуулалт хийх зорилгоор, зээл олголтыг сааруулах гэж... гэх хүнд хүнд албаны үг “тэрлэсэн” тэдний мэдэгдэл олон нийтэд одоо ч хангалттай тайлбар болж чадахгүй байна. Ингэхээр ХАС банк монголчуудын санхүүгийн тогтвортой, бас сайн түнш эсэх нь эргэлзээтэй бөгөөд харин ч цус харвуулах гэнэтийн мэдээг хэзээ ч бариад гүйж мэдэх барьцгүй нөхөд гэж хардахад хүргэж байгаа юм. Бас манайдаа л томхон банкуудын нэг гэсэн олон нийтийн бодол эндүү байсныг гэнэтийн шийдвэрээрээ тэд хэлээд өгөв үү.

 

БАЯЛГИЙН ЭРЭЛЧДЭЭ ЯЛГАВАРЛАВ

Монголын эдийн засгийн тулах цэг болсон уул уурхайн салбарынхныг найман хувийн зээлийн гадна үлдээсэн нь ХАС-ынхны барьсан ээлжит гэнэтийн бэлэг байлаа. Эдийн засаг хүндэрч, уул уурхайн салбарынхан эрсдэлд орсон гэж үзээд ийн шийдвэр гаргасан хэмээх тэдний тайлбар ажилтай, орлоготой л бол хэн бүхэн авч болох уриатай найман хувийн зээлийн хөтөлбөрөөс иргэдийг ялгаварлан гадуурхаж буй хэрэг. Манайдаа хамгийн том компани болох “Оюутолгой”-д ажилладаг байлаа гээд ч энэ зээлийг ХАС-аас хөөцөлдвөл мухардаад дуусах нь. Уул уурхайнхан хамгийн эрсдэлтэй бизнес юм бол тэднээс орлого, ашгийнхаа эх ундаргыг залгуулдаг манай улс тэр чигээрээ тэсрэх бөмбөгөн дээр байгаа юм байна л даа. Энэ утгаараа бол ХАС-ынхнаас бусад нь, Ерөнхийлөгчөөсөө авахуулаад малчин хүртлээ эрсдэлтэй бас зээл авах чадал чансаагүй оронд амьдарч байгаа бололтой.

Уул уурхайнхан манай ДНБ-ий бараг тэн хагастай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Энэ л салбарт ажиллаж байгаа хүмүүс манай улсын валютын эргэлтийг өдөр бүр залгуулж, хэвлэлийн хуудасны эхний нүүрнээс л хардаг алт, зэсийн олборлолтыг хийх хүнд хүчир ажилтай зууралддаг. Бүр тодруулбал, өнөөдөр иргэд банкнаас зээл авч түүнийгээ эргэлдүүлэх бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын дардан замыг уурхайчид, уул уурхайн салбарынхны хүчин чармайлтгүйгээр төсөөлөх аргагүй. Ашигт малтмалын эрэлчдийн эгнээнд ажилласныхаа төлөө найман хувийн зээлээс хоцорч үлдэнэ гэдэг иргэдийн хувьд дэндүү хатуу шаардлага болоод байна. Монголбак болоод эдийн засагчид энэ хөтөлбөр лав л ойрын арван жилдээ ямар ч эрсдэлгүй хэрэгжих бололцоотойг батлаад байхад арилжааны аль нэг банк нь ийм шийдвэр гаргаж буйг хэрхэн тайлбарлах вэ. Ингэхээр “Зөв банк” уриатай ХАС банкинд тэгвэл иргэдийн тэгш эрхийн талаар хэлэх ч үг алга.

 

БАНКУУДЫН ӨРСӨЛДӨӨН ХААНА БАЙНА?

Гадаад улсуудад орон сууцны зээлийн хүү 3-4 хувьтай байна. Санхүүгийн зах зээлийн өрсөлдөөн жинхэнэ утгаараа хөгжсөн болохоор манайх шиг банкаас өөр санхүүгийн сурвалж байхгүй данхар бүтэц ховор. Өнөөдрийн байдлаар АНУ-д 30 жилийн хугацаатай орон сууцны зээл 4.8 хувийн хүүтэй бол нийт америкчуудын 75 хувь нь ийм зээлд хамрагдсан байна. Харин Японд орон сууцны 10 жилийн хугацаатай зээлийн хүү нь 1.4-1.6 хувьтай бөгөөд нийт зээлийнх нь 46 хувийг орон сууцны зээл эзэлсэн байна.

Манай улсад нийт зээлд эзлэх орон сууцны зээл 10 хувьд ч хүрэхгүй. Энэ нь арилжааны банкуудын өрсөлдөөн газар булаатай, зээлийн хүү тэнгэрт тулсныг илэрхийлж буй тоо юм. Эцэстээ арилжааны зарим банк нь дур дураараа урьдчилгаагаа өсгөж, бүр иргэдээ ажил мэргэжлээр нь ялгаварлан гадуурхаж байна. Үүний оронд гадаадын томоохон банкуудыг оруулж ирээд зээлийг хямд хүүгээр хэрхэн олгодгийг харуулах цаг болсны шинж тэмдэг байж мэдэх юм. Манай улсад гадаадын хэд хэдэн банкны төлөөлөгчийн газар нээгдсэн. “Банк оф Чайна”, “Mицуй”, “Стандарт Чартер”, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэргийн төлөөлөгчийн газар бий. Манай банкны систем их жижиг, эзмэг болохоор гадаадын банкны системийг шууд оруулах нь зөв эсэхэд одоо хэр нь шийдэл олоогүй байна. ХАС мэтийн дотоодын арилжааны банкууд иргэдээ хайр найргүй алагчилж байхад заавал дотоодын зах зээлээ хамгаална гэж хэдэн банкирийг өмгөөлж өрсөлдөөнийг хүчээр барьсаар байх нь зөв эсэхэд бодох цаг болжээ.