Ө.СОНОР

v  Монгол Улс, Өмнөговь  аймаг, Ханбогд  сумын нутаг  дахь Оюутолгой орд.  Энэхүү  ордыг  анх Канадын “Туркойз  Хилл  Ресурс”  компанийнхан  хайгуулын  судалгааг нь  хийж 2001 онд нээжээ.

 

 

v  Оюутолгой ордын нөөцийн талаар мэдээлэл зөрүүтэй гардаг.  2010 оны гуравдугаар сард батлагдсан ТЭЗҮ-д тусгагдсанаар тус ордын үр ашигтай буюу олборлолтын нөөц нь 3 тэрбум 380 сая тонн хүдэр, 31,1 сая тонн зэс, 1328 тонн алт, 7601 тонн мөнгө, 81600 тонн молибдени хэмээн тооцогджээ. Үүн дээр тодорхой нөхцөлд ашигтай нөөц нь 3 тэрбум 775 сая тонн хүдэр, 19,664 сая тонн зэс, 810 тонн алт, 5905 тонн мөнгө, 75500 тонн молибдени гэсэн  байна.

 

 

v  Оюутолгойн ордыг  ашиглах  төслийн 66 хувийг “Туркойз  Хилл  Ресурс”  компаниар дамжуулан Лондонд төвтэй  “Рио  Тинто” компани  эзэмшдэг. Харин 34 хувийг Монголын Засгийн газрын харъяа  төрийн  өмчит  “Эрдэнэс  Оюутолгой” компани эзэмшиж байна.

 

 

v  Уг төслөөс Монгол Улс  53 хувь  буюу 30 гаруй  тэрбум, хөрөнгө  оруулагч  тал 47  хувь  буюу 25 гаруй тэрбум  ам.долларын  ашиг олохоор төлөвлөжээ.

 

 

v  Зургаан жилийн турш хэлэлцэж, УИХ-аар батласны дараа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр гарын үсэг зурсан.  Энэхүү гэрээ нь 4-4,5  тэрбум ам. долларын хөрөнгө оруулалтыг эхний  ээлжинд  хийхээр 30 жилийн хугацаатай байгуулагдсан юм.

 

 

v  Гэрээ байгуулагд­санаас хойш  Оюутолгойн бүтээн  байгуулалтын ажил  эрчимжиж өнгөрсөн  ил  уурхай,  баяжуулах үйлдвэрүүд  ашиглалтад  орлоо.  Энэ  хугацаанд  тус ордод  хийсэн хөрөнгө  оруулалтын хэмжээ 4,4 тэрбум ам.доллараас 6,7 тэрбум ам.долларт хүрсэн гэж “Рио Тинто” мэдэгдэв.

 

 

v  Оюутолгойн  Зэс  баяжуулах үйлдвэрээс анхны  зэсийн  баяжмал  экспортод  гарлаа. Өнгөрсөн зургадугаар сард  576 тонн зэсийн  баяжмал  ачсан  цуваа  Гашуун сухайтыг  зорив. Ерөнхий сайд  Н.Алтанхуяг “ Баяжуулах үйлдвэр  бүрэн  ашиглалтад  орсноор манай  экспортын орлого 30-40  хувиар  нэмэгдэнэ. Энэ бол “Хөгжилд  хөтөлсөн  баяжмалын цуваа” хэмээж байсан юм.

 

 

v  “Рио Тинто”-гийн Оюутолгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ  анх  төлөвлөж байснаасаа даруй 2  тэрбум ам.доллараар  өссөн шалтгааныг УИХ-ын  нэр  бүхий  гишүүд болон Засгийн газрын  зүгээс удаа  дараа  тодруулж өгөхийг  хүсэв. Гэвч тэд энэхүү  зарцуулалтын  бүрэн задаргааг өнөөг хүртэл гаргаж өгөөгүй байна.  

 

 

v  Оюутолгойн хөрөнгө оруулалт өсөхийн хэрээр  уурхайн  олборлолт эхэлснээс  хойш  авах бидний  ашиг  багасна.  Оюутолгойд  эзэмшиж  буй  34  хувийнхаа төлбөрийг монголчууд бид  ногдол ашгаасаа  төлөх  юм.  Тэгээд ч  “Рио-Тинто”гийнхны манай талтай ойлголцохгүй байгаа тухай хэд, хэдэн удаагийн мэдэгдэлд  Ерөнхий сайд  болон  Уул уурхайн  сайд нар олон  үзүүргүй хариу хэлж, нэгэнт  гэрээ  хийгдсэн тул  бүх ажлыг  компанийн дүрмийн дагуу үргэлжлүүлнэ  гэдгээ  мэдэгдсэн.  “Оюутолгойн тухай  УИХ-аар дахин хэлэлцэхгүй, компанийн ТУЗ шийдвэрээ  гаргаад явна” гэхийг Ерөнхий  сайдаас нь  сонсохоос өөр  зөөлөн  хариуг “Рио-Тинто” хүсээд байсан юм.

 

 

v  Үндэсний  их  баяр наадмын  дараах Оюутолгойн  Далд  уурхайн бүтээн  байгуулалтад зарцуулах 5,1 тэрбум ам.долларын санхүүжилтээ тодорхойгүй  хугацаагаар хойшлуулах шийдвэрийг “Рио Тинто” гаргасаныг  дэлхийн хэвлэл мэдээллийнхэн зарлав.

 

 

v  Тун удалгүй Оюутолгойд ажиллаж  буй 1700 гаруй  монгол ажилчдыг  ажлаас нь  чөлөөлөх  болсон тухай мэдээлэл гарав.  Гэвч  ийм олон тоогоор биш арай цөөн тооны хүн  ажлаас  чөлөөлөгдөв.

 

 

v  Хөрөнгө оруулагч  болон манай Засгийн газрын төлөөллүүд, Ажлын хэсгийнхэн хэд хэдэн  удаа уулзалдсан боловч Оюутолгойн  цаашдын ирээдүйн  талаарх  бодитой мэдээлэл гарсангүй. 

 

 

v  УИХ-ын  ээлжит  бус чуулгантай зэрэгцэн намын  намын  төлөөллөөс бүрдсэн 24  гишүүн Ерөнхий сайдад хандан шаардлага хүргүүллээ. Энэ шаардлагыг нь  товчилбол “Оюутолгой  ордыг ашиглах хоёр  дахь  ээлжийн  санхүүжилтэд  4 тэрбум  ам.долларыг  15  жилийн  хугацаатай  зээлэх  гэж байна. Бидний баялгийг  барьцаа  болгохыг  тулгалаа. Энэ нь талуудын  байгуулсан гэрээгээ  зөрчиж байна, бид  тэдний  нөхцлийг  хүлээн зөвшөөрснөөр  олох  ашгаасаа  хэдийг алдах тухай  асууя хэмээцгээж байв.

 

 

v  Манай Засгийн газрын төлөөллүүд  Оюутолгой  төслийн  гацааг  арилгахаар өнгөрсөн бямба гаригт  Лондон явлаа.

 

 

v  Монголчуудын байр  суурь  ерөнхийдөө  тодорхой  байв. “Эрдэнэс  Оюутолгой” компанийн  захиралаар  ажиллаж байсан Ц.Сэдванчигийг дур  мэдэн  захидал  бичсэн, багийн биш хувийн тоглолт хийсэн гэх  мэт  шалтгаанаар  ажлаа  хийж  чадаагүй  хэмээн  албан тушаалаас нь чөлөөлөв. Түүний  оронд Да.Ганболдыг тавилаа. Хоёр улсын,  цаашлаад үндэстэн дамнасан  компаниудын асуудалд  хувь  хүний  хандлага ч нөлөө  үзүүлэх  тул  “Эрдэнэс Оюутолгой” компанийн удирдлагыг  сольж, туршлага сайтай  гэж  үзээд Ч.Отгочулуу, Г.Тэмүүлэн нарыг ТУЗ-д  оруулж  Лондон явуулжээ.

 

 

v  Цаашид хэл амаа хурдан  ололцох  нь  хэн, хэндээ ашигтай гэх зарчмыг  Засгийн газар  баримтлаж  байна. ТУЗ-ийн  бүрэлдэхүүнээ  өөрчилж, нөхцөл  байдлаа илүү тодорхой болгов. Бидний  дотоод үл  ойлголцлыг  ашиглан хувьцааны  үнийг  унагах аргыг айл хэрэглэж байна гэж үзэв.  Тиймээс дотооддоо нэг  зүг рүү  харахын  чухлыг  онцолж байна. Өөрөөр  хэлбэл одоо  бүх зүйл  “Рио Тинто”-гоос  хамаарах  болсон  байна. 

 

 

v  Лондон  явсан  ТУЗ-ийн  гишүүдээс сайн, муу мэдээний  аль нь ч ирээгүй  байна. Өнөөдрөөс  зарим  зүйл  тодорхой болох  байх  гэж  найдъя.