Б.СОЛОНГО
Манай сонины сурвалжлах хэсэг өдгөөгөөс гурван жилийн өмнө Төв аймгийн Заамар суманд ажиллаж байлаа. Тэр үед унаган байгалиа алдаж, нүд халтирам болсон уул тал, хятад мотоцикл хөлөглөн хөөгдөж, туугдсан алтны нинжа нарыг сурвалжлахаар очиж байсан юм. Харин хамгийн сүүлд очсон бидний зорилго өөр байв. Хариуцлагатай уул уурхай, хариуцлагатай бичил уурхайчдыг сурвалжлахаар явсан хэрэг. Төв аймгийн Заамар сумынхан бичил уурхайн зохион байгуулалтад орж эхэлсэн тэр л үеэс тун ч идэвхтэй оролцож эхэлсэн юм. Орон нутаг, уул уурхайн компанитайгаа харилцан ойлголцож, гурван гэрээний анхдагчийг тэнд үзэглэж байлаа. Заамар суманд зохион байгуулалтад орсон бичил уурхайчдын 18 төрийн бус байгууллага бий. Тэдний гуравтай нь гэрээ хийж 100 гаруй хүнийг аюулгүй ажлын байртай байхад нь туслалцаа үзүүлж буй “Алтандорнод Монгол” компанийн үйл ажиллагаатай бид эхлээд танилцлаа. Тус компани өнгөрсөн оны наймдугаар сараас бичил уурхайчидтай хамтран ажиллаж эхэлжээ. Тодруулбал, тус бүр 25-40 гишүүнтэй “Тосон заамар ундарга”, “Өгөөмөр эрдэнийн тал” гэсэн хоёр төрийн бус байгууллагын бичил уурхайчдыг компанийн олборлож дууссан ул талбайд ажиллуулж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, уул уурхайн компанийн ашиглаж дууссан талбайд бичил уурхайчид тодорхой хуваарийн дагуу ажиллана гэсэн үг юм. Техникийн хүчээр олборлох боломжгүй алтыг бичил уурхайчид олборлож дуусгадгаараа эрхзүйн талаас ч тэр, эдийн засгийн хувьд ч тэр хэн хэндээ ашигтай. Хамгийн гол нь бичил уурхайчид эвлэлдэн нэгдэж, өөрсдийгөө алтнаас үнэтэй гэдгийг мэдэрч чадсанд гол нь байгаа юм. Тэд орон нутгийн удирдлага, уул уурхайн компаниудтай тохиролцож хэн хэндээ ашигтай энэхүү гэрээг хийж чадсанаар баталгаат орлогоо хамгаалж үлдсэн гэсэн үг. Тэд яг л компанийн үндсэн ажилчин шиг цагийн хуваариа баримталж, хөдөлмөр хамгааллыг тодорхой дүрмийн дагуу хангана. Нэгнийх нь хариуцлагагүй байдал нөгөөг нь ажилгүй болгох учраас дор бүрнээ ч хичээнэ. Компанийн ажилчид тэдний аюулгүй байдлыг хянаж, туслалцаа үзүүлнэ. Оронд нь компанийн зүгээс элдэв төлбөр нэхэхгүй. Тэд бичил уурхайчидтай хийсэн гэрээний дагуу өдөрт нь олсон алтыг нь зах зээлийн ханшаар нь худалдаж авна. Ийм л энгийн дүрэм гурвалсан гэрээнд үйлчилдэг. Биднийг очих үеэр баярт явдал давхцсан юм. Юу гэвэл дөнгөж гэрээгээ хийсэн “Үйлдвэрлэлийн бус аргаар ашигт малтмал олборлогчдын нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын “Алтан бумбат” нөхөрлөлийн 40 бичил уурхайчин ул талбайд анхны өдрөө ажиллаж байлаа. Бичил уурхайчдаа тогтвортой ажлын байртай болгосондоо одоо л нэг сэтгэл амарсан шинжтэй н.Цогтгэрэл ахын /төрийн бус байгууллагын тэргүүн/ царай баяртай харагдана. “Манай нутагт ажлын байр хомс. Уул уурхай голлосон учраас аргагүй л дээ. Өмнө нь энэ хүмүүсийн ихэнх нь нинжа байсан. Карьер руу орчих гээд хүнд байлаа. Анхны бичил уурхайчидтай гурвалсан гэрээ байгуулснаас хойш нэг жил өнгөрлөө. Энэ хугацаанд элдэв зөрчил гарсангүй. Бид ч бие биенээ хүндэтгэн ойлголцдог болсон” гэж “Алтандорнод Монгол” компанийн Аюулгүй байдал, хяналт шалгалтын албаны дарга Н.Энхбаатар хэлсэн юм. Үнэхээр өмнө нь нинжа, харуул хоёр өстөн мэт үзэлцдэг байсан бол одоо тэд нэг газар ажилладаг анд нөхөд болжээ. Бичил уурхайчдын ажиллаж буй энэхүү талбайд дараа нь 10 мянган чацарганын мод тарина гэнэ. Заамар суманд өмнөх үеэ бодвол хариуцлагатай уул уурхайг хэн хэн нь ойлгодог болж нөхөн сэргээлтийг хийж эхэлжээ. “Алтандорнод Монгол” компани өмнө нь 45 метр гүн байсан уурхайн аманд биологийн нөхөн сэргээлт хэрхэн хийснээ танилцууллаа. Тэр уулын амыг өмнө нь уурхайн компани ашиглаж байсан гэж хэлэхээргүй болжээ. 1000 ширхэг чацарганын мод тарьсан нь хэдхэн сарын дотор жимсээ өгчихөж. Одоо энэ талбайгаа орон нутагт хүлээлгэж өгнө гэсэн үг. Тэд бичил уурхайчидтай нөхөн сэргээлт хийхдээ ч хамтарч ажилладаг гэсэн юм. Тус компани өнгөрсөн онд л гэхэд 150 га газарт биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийжээ. Дараагийн очсон газар бол тус суманд үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын нэг болох “MNO” юм. Тус компани нь бичил уурхайчидтай гурвалсан гэрээ хийсэн анхны компани гэдгээрээ онцлогтой. “Энх мөнх эргэх холбоо” төрийн бус байгууллага 2008 онд байгуулагдаад 2011 оны есдүгээр сараас энэ компанитай гурвалсан гэрээ байгуулж байсан юм. Энэ нь Монгол Улсад анхны сайн жишээ болсон түүхтэй. Энэ хугацаанд нийт 50 бичил уурхайчин уурхайн хаягдал талбайд орж ажилласаар ирсэн билээ. Биднийг тус компанийн баазад очиход уул уурхайн бааз гэхээс илүү амралтын газар хүрээд ирэв үү гэсэн сэтгэгдэл төрлөө. Тэнд бичил уурхайчид хашааны хайснуудыг янзалж, зүлэг ногоогоо тордож байсан юм. Яг л уурхайн ажилчид шиг хоолоо тэндээ идчихнэ, шаардлагатай бол тэндээ хоночихно. Биднийг очих үеэр бороо орсноос болж талбайдаа ажиллаагүй байлаа. “Манай компани аюулгүй ажиллагааны тал дээр маш их сургалт хийдэг. Өмнө нь бид алтны төлөө амь тэмцэж байсан бол өнөөдөр өөрсдийгөө алтнаас илүү үнэ цэнэтэй гэдгийг мэдэрсэн” гэж “Энх мөнх эргэх холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн О.Баярмаа ярилаа. Бичил уурхайчид сарын 15 хоногт талбайд ажиллаад, бусад үед нь хүлээдэг байсан бол одоо тэгэх шаардлагагүй болжээ. Компанийн удирдлагууд тэдэнд зөвхөн алт олборлох биш нөхөн сэргээлт гэх мэт бусад ажилд хамтран ажиллаач гэсэн саналыг тавьжээ. Ингэхдээ цалинтайгаар. Бичил уурхайчид ч тун баяртай байгаагаа хэллээ. Ерөөс компанийн үндсэн ажилчнаас ямар ч ялгаагүй болсон гэсэн үг. Каск малгай, төмөр хоншоортой гутал, гэрэл ойлгогч хантааз гээд бүх шаардлагатай зүйлсийг тэд өмсөнө. “MNO” компани мөн л нөхөн сэргээлтэд анхаарч байна. Тэд 2013 онд 30 га газарт нөхөн сэргээлт хийхээр төлөвлөснөөс 37 га газрыг нөхөн сэргээчихээд байна. Царгас, арвай, хошгоор зэргийг тарихдаа бичил уурхайчидтай хамтарч байгаагаа ч дуулгасан юм. Ямартаа ч алт дагасан амьдрал хар бараанаар бичигддэг байсан үе улиран өнгөрчээ. Нинжа хэмээн адлуулж явсан тэд ч өөрсдийгөө алтнаас үнэтэй гэдгийг мэдэрсэн байна.