Ж.ЦОГЗОЛМАА
Эрчим хүчний их өлсгөлөн манай гаригт хаа сайгүй нүүрлэчихээд буйг Европоос Ази хүртэлх хөндлөн гулдгүй улс орнуудын өнөөгийн байдал харуулаад байна. Үйлдвэржилтээр хэтэвчээ түнтийлгэж, тог цахилгаанаар хөдөлгүүрээ унтраалгүй эргэлдүүлэх учиртай болохоор улаан, хар, шар арьстнууд өдөр шөнөгүй биржийн ханшийн самбарт найдлага тавин хүлээдэг.
Харин монголчуудын хувьд биржийн үнэ гэж том ярихаасаа өмнө шийдэх асуудал мундахгүй их. Дэлхийн энтэй сэтгэж, гадаад ертөнцтэй өрсөлдье гэхийн өмнө дотоод асуудлаа шийдэхгүй бол урагшлах янзгүйг түншүүд маань манай улсын статистик мэдээг ганц эргүүлээд л мэдчихдэг юм билээ. Оюутолгой хийгээд Тавантолгойд байгуулсан гэрээ хэлэлцээрүүдийнхээ буруу булхайтайг гайхсаар хагас жилийг үдэж эцэст нь зогсоож санаа нь амарсан. Үүнээс улбаатай гадаад валютын урсгал татарч, ногоон мөнгө магнаг болохоо дөхсөн юм. Төгрөгийн тухай бол бүр ярилтгүй. Үндэсний валют маань шалдаа бууж, импортоор маргаашаа төсөөлдөг монголчууд хоёрхон ордоос болж үнийн өсөлт нэртэй гав гинжинд хүлэгдсэн. Ингэхээр уул уурхай гэдэг энэ салбар Монгол Улсын Төрийн ордноос халиад айл хотлын тогоотой хоолонд хүртэл холигдоод хүн амын амьдралын нэгэн хэсэг болчихжээ. Дээдчүүл маань ганц салбараас хамааралтай эдийн засгийн хүлээсийг тайлъя гэж баахан бужигнаад байгаа ч одоо хэр нь олигтой шийдэл олоогүй л байна. Гацсан шийдвэрүүдээ хэрэгжүүлэхийн тулд зарим хуулийн журмаа хүртэл өөрчлөхдөө тулсан нь иргэний хөдөлгөөнүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, буун дуу хүртэл хадааж орхилоо. Үүнийг олон нийт янз бүрээр л тайлбарлаж байна. Нэг хэсэг нь гадаадынхны явуулга гэж байгаа бол нөгөө хэсэг нь угаас хууль нь учир дутагдалтай байсных гэж оношилж байна лээ.
Төрийн ордонд мэндлэхээр “дуншиж” буй бас нэгэн хууль нь Хөрөнгө оруулалтын хууль. Парламентчдыг багагүй тэмцэлд дуудаад байгаа энэ хуулийг улстөрчид маань цагаа олсон шийдвэр хэмээн сайшааж байгаа бол хууль тогтоогч зарим нь хүчтэй эсэргүүцэж байгаа. Лав л УИХ-ын гишүүн Г.Уянга “Олигархиуд өөрсдийгөө татвараас чөлөөлөх хууль батлах гэж байна” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан нь энэ хуулийн талаар бас нэгийг хэлээд байна. Үүнээс гадна энэ хуулийн талаар гадаад ертөнцөд тарж байгаа мэдээлэлд манай парламентчдын яриад байгаагаас бас зөрүүтэй тал бий. Юу гэхээр, хөрөнгө оруулалт хийхэд тулгарч байсан хэдэн саадыг арилгаснаас өөр зүйл бараг алга гэсэн тайлбар зарим харь хэвлэлийн хуудаснаа тууж явна лээ. Уг нь энэ хууль Оюутолгойг дагаж Монголд урсан орж ирэх хөрөнгө оруулалтын урсгалыг саадгүй урагшлахад нэмэр болох юм гэсэн, парламентчдын тайлбарласнаар шүү дээ.
Тэгэхээр одоо бидний гарц юу байх вэ. Энэ асуултад хариулт олохын тулд дахиад л Оюутолгой, Тавантолгойнхоо гарааны цэгт буцаж “шагайх” хэрэг гарах нь. Анхнаасаа л өр тавьж, яаруу сандруу энэ төслүүдийг эхлүүлээгүй бол, анхнаасаа энэ төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээг олон нийтэд нээлттэй байлгаж олноороо хэлэлцүүлж шийдсэн бол өнөөдөр хоёрхон ордоос болж нийтээрээ “донслох” байсан болов уу. Анхнаасаа энэ ордуудын гэрээ “бушуу туулай борвиндоо баастай”-н үлгэрээр хийгдсэн болохоор одоо эргэж харахад нэгэнт оройтжээ. Монгол хэмээх нэгэн улсын эдийн засаг тэр чигтээ хоёр ордын өнөө, маргаашаас хамаарах хүртлээ агшчихаж. Хоёр гэдэг тоо хоёр сая хүнтэй харьцуулахад жижиг ч тэдгээрийн агуулга, үнэ цэнэ, багтаамжаар нь ярьвал яах аргагүй монголчуудын өнөөдрийг шийдэхдээ тулсан том шалтгаан боллоо.
Эргэж буцахааргүй гэрээ хийчихсэн бол өнөөдрийнх шиг бид хуулиа эрээчиж, баллуурдахгүй байсан биз. Нэгэнт хөдөлсөн галт тэрэг зогсохгүй урагшлах ч урдаа байгаа бартаа саадыг харах сөхөө үлдсэн гэж найдъя. Магадгүй дараагийн томоохон гэрээ хэлэлцээнд энэ алдаа бүү доншуучлаасай. Үгүй бол Оюутолгой, Тавантолгойн сохор төөрөг дахин давтагдана.