Ж.ЦОГЗОЛМАА
“Монголчууд хөрөнгө оруулагчдыг сонгожээ” нийтлэл “Уолл стрийт журнал”-ын сайтад нийтлэгдсэн байна. Энэ нийтлэлийг хүргэж байна.
Урт хугацаанд эдийн засгаа тогтвортой хөгжүүлэхийн тулд Монгол Улсын удирдагчид уул уурхайтай холбоотой хууль тогтоомжуудаа эргэн харж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд эдийн засгийн өсөлтөд жин дарж ирсэн Монгол Улсад одоо хямрал бий болжээ. Энэ хямрал нь гадаадын хөрөнгө оруулалт буурсан, 10 тэрбум ам.доллараар үнэлэгдэж буй Оюутолгой ордод Засгийн газар болоод “Рио тинто”-гийн хооронд гарсан маргаан зэргээс үүдэлтэй юм. Ойрын хэдэн долоо хоногт хямралд хаягласан уулзалтууд Монголд өрнөж, урт хугацааны хөгжлийн шийдэл, цаг алдалгүй хямралаас гарах төлөвлөгөөг хэлэлцэхэд хүргэсэн байна.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 10 хувиас давж, томоохон өөрчлөлтийг улс оронд нь авчирсан. Энэ хугацаанд зөвхөн гадаадаас орж ирэх орлого нь халиад зогсоогүй Улаанбаатарт бүтээн байгуулалт “үерлэж”, дэлхий дахины анхаарлыг Монголд соронз мэт татсан юм. Эдийн засгийн энэ өсөлт нь Оюутолгойн уул уурхайн хайгуул, олборлолт бас нүүрсний үйлдвэрлэл, уурхайн бүтээн байгуулалтаас эхтэй. Гэвч одоо өсөлтөд томоохон гурван сорилт заналхийлж байна. Энэ бол гадаадын хөрөнгө оруулагчдын айдас, Хятадын нүүрсний эрэлт буурсан явдал, эцэст нь Оюутолгойн өнөөгийн таагүй уур амьсгал. Өнгөрсөн оны тавдугаар сард баталсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль нь хилийн чанадаас Оюутолгойн их бүтээн байгуулалтыг амдсан олон бизнесмэнийг мухардуулсан юм. Уг нь энэ хууль нь Хятадын төрийн өмчит компаниудаас зах зээлээ авч үлдэх зорилготой байсан ч бусад хөрөнгө оруулагч үүнийг айдастай хүлээн авсан билээ. Энэ зуур Хятадын эдийн засаг дахь өсөлт саарч Монголоос авдаг нүүрснийх нь импорт харьцангуй багассан. Монголын хувьд уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр нь ашигт малтмалын үйлдвэрлэлийн зөвхөн нэг хэсэг нь байлаа. Эцэст нь Монголын улстөрчид болоод олон нийт Оюутолгой төслөө цааш үргэлжлүүлэхээр зөвшилцөлд хүрч байна. Оюутолгой үйлдвэрлэлээ эхлэх үед дангаараа Монголын ДНБ-ий 30 хувьтай тэнцэх баялгийг бүтээх юм.
Гэвч гадаадын мэдлэг туршлага, санхүүжилтээр баялгаа хугацаа алдалгүй бас шударгаар хэрхэн дэлхийд хүргэх вэ гэсэн олон нийтийн санаа бодлыг тэнцвэржүүлэх нь бэрх даваа. Ялангуяа, байгаль орчноо сүйдүүлчихэлгүй ашигт малтмалаараа хөл дээрээ босно гэдэг тэнцвэртэй байдлыг шаардаж байна.
“Рио тинто”-г чиглэсэн олон нийтийн маргаан мэтгэлцээн нь бүтээн байгуулалтын төсөв, төслийн бүтээгдэхүүнтэй холбоотой урган гарч байна. Санхүүжилтээс үүдсэн маргаан явсаар “Рио тинто” далд уурхайн бүтээн байгуулалтын ажлаа түр зогсоож, 1700 ажилтнаа халснаар үргэлжиллээ. Ингэхээр Монголыг хүлээж буй хоёр томоохон сорилт нь Оюутолгой зогссон явдал, харин нөгөө нь өнгөрсөн арваннэгдүгээр сард Чингис бондын ялгуусан амжилт тохиосноос хойш төгрөгийн ханш бараг 20 хувиар унасан явдал юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүсэлтээр Дэлхийн эдийн засгийн форум Монгол Улсад болж, хугацааны хөгжлийн загварын стратегийг хэлэлцсэн. Энэ уулзалтаар оролцогчид ирээдүйн Монгол Улсын хөгжил уул уурхайн үйлдвэрлэлийг “онилсон” бөгөөд гол хэрэглэгч нь Хятад улс байх ч илүү олон түнштэй болох боломж буйг ч бас онцолсон. Энэхүү загвар нь Монголын парламентчдад болоод бодлого боловсруулагч бусад хүмүүс, олон талын оролцогчдод шийдвэр гаргахад нь хөшүүрэг болох аж.
Харин одоо парламент Гадаадын хөрөнгө оруулалтын хууль болоод Ашигт малтмалын хуулиудын талаар хэлэлцэх юм. Хөрөнгө оруулалтын хууль нь төрийн өмчийн компанид хяналтыг хэвээр үлдээж байгаа боловч гадаадын хөрөнгө оруулалттай төрийн өмчийн бус компанид хувь, хувьцаагаа худалдахад гарч буй бартаа саадыг багасгаж буй. Энэ нь хөрөнгө оруулалтын салхи эргүүлэхэд хангалттай хэмээн хууль тогтоогчид харж байгаа. Ялангуяа, Ашигт малтмалын хуулийг хэлэлцвэл байдал улам дээрдэх аж. Энэхүү санаачлага нь Оюутолгойн өнөөгийн нөхцөл байдлыг эергээр нөлөөлнө гэж зарим нь харж байгаа. Өмнө нь шийдвэр гаргахад судалгаа дутмагаас болж харамсахад хүрдэг байсан бол одоо яригдаж буй яриа хэлэлцээрээр Монгол Улс дэлхийн санхүүгийн урсгалд нэгдэх бэлтгэлийг баталгаажуулах юм.
Ийнхүү Монгол Улсад ямартаа ч шинэ хууль хэрхэн батлагдахыг харах үлдэж байна.