Б.ОНОН

“Ийгл телевиз”-ийн “Бадарчийн Жаргалмаа” шууд ярилцлагын энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн М.Батчимэг оролцсон юм. Тэрээр УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар байр сууриа илэрхийлжээ.

-Хөрөнгө оруулалтын тухай хууль зөвхөн том­чуудад зориулагдсан өө­рөөр хэлбэл жижиг дунд үйлдвэрлэгчдийг орхигдуулсан төсөл болчихов уу?

-Юуны өмнө яагаад энэ хууль гарах болов гэдэг талаар ярих нь зөв байх. Засгийн газраас өргөн барьж, УИХ-аар хэлэлцэгдэж байгаа энэ хуулийг Хөрөнгө оруулалтын тухай хууль гэхээс илүү хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах хууль гэж харж байгаа. Яагаад ийм хууль гарах болсон шалтгааныг бүгдээрээ мэдэж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбоотойгоор валютын эх үүсвэр хомсдож байна. Гэхдээ энэ бүхэн гэнэт, зөвхөн энэ жил бий болчихсон асуудал биш. 2006 оноос хойш батлагсан 10 гаруй хууль бүгдээрээ хөрөнгө оруулалтын орчныг муутгасан гэж манай зарим судлаачид бичсэн байна. Жил дараалан ийм олон хууль гараад, хөрөнгө оруулалтын орчинг тогтворгүй болоод байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэл буурах, хумигдах шалтгаан болсон. Цаашлаад энэ нь Монголыг хууль эрхзүйн орчин нь баталгаагүй гэсэн дүгнэлтэд хүргэсэн. Өнөөдөр бол энэ алдсан итгэлийг бий болгохын тулд Монгол Улс татвараа хамаагүй хөдлөхгүй гэсэн баталгаа гаргаж, тогтворжуулалтыг бий болгох зорилготой хууль оруулж байна. Харьцангуй тогтвортой эдийн засагтай, хөрөнгө оруулалтад бүх бодлого нь чиглэгдсэн, улс төр нь тогтвортой оронд тусгайлан ийм хууль гаргах шаардлагагүй.

Харин манайх бол өнөөдрийнхөө нөхцөл байдлыг эмчлэх зорилгоор зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай. Энэ үүднээс Засгийн газраас ийм хууль оруулж байгааг зөв алхам гэж үзэж байна. Гэхдээ яг өнөөдрийн өргөн барьсан төслөөр хөрөнгө оруулалтын тогтворжуулалтын нөхцлийг хангаж чадах уу гэдэгт гишүүд саналаа илэрхийлж байгаа.

-Хөрөнгө оруулалтын хууль зөвхөн уул уурхайн салбарт хамаатай биш. Тэр дундаа эдийн засаг хүнд байгаа энэ үед бүхий л салбарт чиглэгдэх ёстой байх. Энэ талаар хуулийн төсөлд хэр тодорхой тусгасан байгаа вэ?

-Хөрөнгө оруулалтын бодлого гэдэг бол төрөөс эдийн засгаа хөгжүүлэх, цаашилбал эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн маш чухал арга хэрэгслийн нэг. Татвар, санхүү, хөрөнгө оруулалт зэрэг тодорхой бодлогоор эдийн засгийн хөгжлийг хангаж байх ёстой. Бодлогын гэж онцолж байгаа нь төр аж ахуйн үйл ажиллагаанд хутгалдаад байх биш бодлогын арга хэрэгслээр эдийн засгаа хөгжүүлэх ёстой. Энэ утгаар хөрөнгө оруулалтын бодлого маш өргөн цар хүрээг хамардаг. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын бодлогод маш чухал зүйл бол үндэсний хөрөнгө оруулалтаа хамгаалах, дэмжих асуудал. 1990-ээд оны эхэн үеийг бодвол манайхан өөрсдөө хөрөнгө оруулж, бизнес эрхлэх боломжтой болж, жижиг дунд үйлдвэрлэгчид бий болсон. Тэр хүмүүсээ хамгаалахад чиглэгдсэн зохицуулалт хэрэгтэй. Ер нь жижиг дунд хөрөнгө оруулалтаа хамгаалах зохицуулалт хийхгүйгээр Хөрөнгө оруулалтын хууль нэрээр баталж болохгүй. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, энэ хуулийг бид ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа. Тэгэхээр ээлжит бус чуулган асуудлыг эхэлсэн бол хэлэлцэж дуусгах ёстой. Хуулийн үндсэн агуулга нь татварын тогтворжуулал. Миний бодлоор хөрөнгө оруулалтын татварын орчинг тогтворжуулах хууль гэсэн агуулгаар гаргах хэрэгтэй. Харин хөрөнгө оруулалтын суурь зохицуулалтуудаа хийж чадаагүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөөд намрын чуулганы хугацаанд судалгаа сайтайгаар суурь хуультайгаа ажилламаар байна.

-1993 онд хөрөнгө оруулалтын хууль батлагдсанаас хойш нийтдээ  112 аж ахуйн нэгж бүртгэгдэж, 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оржээ. Өнөөдрийн хэлэлцэж байгаа хуулиар  15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгж дөрвөн төрлийн татварын тогтвортой байдлыг хэлэлцэх гээд байгаа шүү дээ. 15 тэрбум гэдэг хэр их мөнгө юм бол?

-Өнөөдрийн ханшаар бол 10 сая хүрэхгүй ам.доллар. Харин өдгөө Монгол Улсын эдийн засагт ямар хөрөнгө оруулалт хэрэгтэй вэ гэдгээ бодох хэрэгтэй. Дэд бүтэц, хот байгуулалттай холбоотой, эрчим хүчний томоохон төслүүд яригдаж байна. Ингэж бодохоор 10 сая ам.доллар томд тооцогдохгүй. Томоохон хэмжээний төслүүдэд 10 жил гэдэг бол урт хугацаа биш. Тиймээс хугацаан дээр авч үзэх ёстой. Хөрөнгө оруулалт тооцоо судалгаа, ТЭЗҮ хийж, хөрөнгөө босгож орж ирэх гэсээр 2-3 жил болдог. Бас зардлаа нөхөж, ашиг олох гэсээр 10 жил нь өнгөрчихдөг. Тиймээс бонд, өр зээл тавих замаар бус хөрөнгө оруулалт татаж, эдийн засгаа босгох гэж байгаа бол татварын тогтвортой орчинг 15 жилээр ч юм уу, хугацааг нь харж үзэх хэрэгтэй.

-Тэгэхээр хугацааны асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой юм бол. Хэд байвал хамгийн зохистой хугацаа болох вэ?

-Хамгийн зөв хувилбарыг хэлэх боломжгүй. Аливаа хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжил нь тооцоо, хариуцлагатай судалгаан дээр үндэслэгдэх ёстой. Тухайн асуудлыг хариуцдаг яам, агентлаг маш нарийн тооцоо судалгаа хийх ёстой. Боломжтой бол сонирхлын зөрчилгүй, хөндлөнгийн үнэлгээний байгууллагуудаар үнэлгээ хийлгэх  хэрэгтэй. Тэгээд үнэхээр энэ хөрөнгө оруулагч 10 жилийн хугацаанд оруулсан зардлаа нөхөөд ашиг олж эхлэх боломжтой эсэхийг хараад, найдаж болох тооцоо нь болохгүй гэж байгаа бол хугацааг авч үзэхээс өөр аргагүй.

-Засгийн газраас аж ахуйн нэгжүүдэд концессын гэрээгээр ажил өгөхдөө 20 жилийн хугацаа олгодог. Хөрөнгө оруулалтын хууль дахь тогтворжилтын хугацааг үүнтэй уялдуулах ёстой байх?

-Оруулж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ, цар хүрээ, салбар гээд олон зүйлтэй уялдах ёстой. Бүх салбарт бүх зүйл  10, 20 жил гэж тогтоох боломжгүй. Эдийн засгийн тооцоо судалгаан дээр үндэслэх ёстой. Нөгөө талд нь нийтийн эрх ашиг бий. Тиймээс нийтийн болон хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хохироохгүй байх хугацаа  арав уу, арван таван жил үү гэдгийг салбар, чиглэл бүрээр авч үзэх ёстой.

-Асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой юм бол? Энэ талаар таньтай санал нийлж байгаа гишүүд байна уу?

-Гишүүд өөр өөрийнхөө байр суурийг янз бүрээр илэрхийлсэн. Төсөлд хууль батлагдсанаас хойш хийгдэх хөрөнгө оруулалтыг тогтворжуулж, баталгаа олгоно гэсэн  заалт байгаа. Энд хувь хүнийхээ үүднээс шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ хуулийн зорилго юу вэ. Бид татвар бууруулах тухай огт ярихгүй байгаа. Монгол Улсын хууль эрхзүйн орчин хэтэрхий тогтворгүй байгаа учраас таныг хэтэрхий хөндөж зовоохгүй л гэсэн хууль гаргах гээд байгаа юм. Өнөөдрөөс хойш бүртгүүлсэн хүмүүст ийм баталгаа өгнө, өчигдрийн хөрөнгө оруулалт баталгаагүй гэж хэлэх нь хэтэрхий шударга бус байна.  15-аас дээш тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчид миний оруулсан хөрөнгийг өнөөдрийн татварын нөхцөлөөр 5-10 жил тогтворжуулж өгөөч гээд өргөдлөө гаргаг л дээ. Тэгээд хариуцсан агентлаг нь шалгаж үзээд 5 эсвэл 10 жилийн баталгаа гаргаад өгөхөд болохгүй зүйл байхгүй гэж бодож байна. Харин ч бизнес эрхэлж байгаа хүмүүст илүү тодорхой орчин, ажлаа тайван хийх боломжийг олгоно. Засгийн газар, Эдийн засгийн хөгжлийн сайдын илэрхийлж байгаа байр суурь бол буцаж үйлчлэхэд хэцүү, маргаан гарна гэж байгаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд 15 тэрбум төгрөгөөс дээш хэчнээн тооны хөрөнгө оруулалт бүртгэгдчихээд буцааж тооцоход хэцүү гээд байгаа юм бэ. Тэр судалгаагаа өгөөч гэж хөрөнгө оруулалтын газраас хүссэн. Би бол судалгаа хангалттай биш байна гэж бодож байгаа. Улс төрийн нам хэцүү ажлыг хийнэ гэж сонгуульд ялдаг шүү дээ. Тийм учраас шударга, адилхан нөхцөл, хөрөнгө оруулагчдад илүү тайван орчин бүрдүүлэхийг хэцүү гэж хашгирах биш судалгаа хийгээд, өчигдөр өнөөдөр бүртгүүлсэн гэж ялгаварлахгүй нөхцөл бүрдүүлэх ёстой.

- Та бид хоёрын ярилцаж буй хуулийн төсөл нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой асуудал ч улстөржих хандлага нэлээд ажиглагдаж байна?

-Өдөржингөө ярилцсан хэрнээ хуулийн энэ заалт, энэ зарчмыг ингэе гэсэн ажил хэрэгч санал тодорхой хувийг л эзэлж байсан. Ихэнх нь хавтгайруулсан улс төржилт болсон. Хүчтэй сөрөг хүчинтэй байх нь маш чухал байна. Гэтэл өнөөдрийн сөрөг хүчин асуудлыг нялж, улс төржүүлэх байдлаар  хандаж байна.  Хуулиас хазайсан хэлэлцүүлэг 60-70 хувийг нь эзэлсэн. Бид яагаад өнөөдөр хөрөнгө оруулалтыг тогтворжуулах асуудлыг хуулиар шийдэх гээд зовоод сууж байгаа вэ гэхээр Монголын нийгэмд улс төржилт хэтэрхий их байна. Үүнийг монголчууд бидний өөрсдийн хандлагатай холбоотой гэж боддог. Асуудлыг авч үзэхдээ хэтэрхий улс төрждөг хандлагаа болиод, ажил хэргээ ярья. Тодорхой асуудал, тодорхой судалгаа яримаар байна.