Ц.БАЯР

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид хамтран Монгол хэлний их тайлбар толийг нэг жилийн хугацаанд бүтээсэн билээ. Уг их тайлбар цахим толийн гар утасны хувилбарын нээлт өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Энэхүү хувилбарыг “Unlimited idea” компанийн ажилтнууд нэг сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Энэ их тайлбар толийн нэг онцлог нь ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн мэргэд гол үүрэг гүйцэтгэн зөвхөн Монголдоо байгаа монголчууд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд цахимаар оролцон хамтарч бүтээсэн юм. Нэг жил бүтээх явцад 1900 үг шинээр нэмж оруулсан, гол онцлог нь хамтын бүтээл юм. Энэ толийг цаашид ч байнга баяжуулж хөгжүүлж байх боломжтой. Ингэхийн тулд www.монголтоль.мон, www.mongoltoli.mn гэсэн хаяг бүхий веб сайт руу орж бүртгүүлээд хэн ч гэсэн шинэ үг нэмж оруулах боломжтой. Энэ тольд нутгийн аялгууны хоршоо үг, холбоо үг, хэлц үгүүдийг оруулсан. Цаашид энэ толио хамтын оюун ухаанаар баяжуулаад явах юм.

Эх сурвалж:www.zms.mn