Ж.ЦОГЗОЛМАА

10 ХУВИЙН УРЬДЧИЛГАА ТӨЛЬЕ

Арилжааны зарим банк орон сууцны зээлийн урьдчилгаагаа өсгөсөн мэдээлэл өчигдөр хэвлэлээр тарлаа. Ах, дүү хамаатан садныхаа байрыг барьцаалж, бараг л хулгай хийхээс наахнуур урьдчилгаанд өгөх 30 хувиа бүрдүүлж байсан хүмүүс дахиад 30 хувийн урьдчилгааг нэмж олох хатуу босгыг арилжааны зарим банк тавьсан нь энэ. Найман хувийн хүүтэй зээл дундаж давхаргынханд чиглэсэн анхны зорилтоо өөр тийш залахад хүрэх нь хэмээн эдийн засагчид бас шүүмжилж байна. Хамгийн хямддаа л 40 сая гэж байгаа ганц өрөө байр авахын тулд урьдчилгаанд нь 12 сая төгрөг олох гэж байдгаа барсан хүмүүст дахиад ийм хэмжээний мөнгө олж ир гээд буцаавал энэ зээлийг авах хүний тоо төдий хэрээр буурах нь тодорхой. Банкууд энэ гэнэтийн мэдээг дуулгахаас хоёр долоо хоногийн өмнө “Миний хаяг Улаанбаатар” хөдөлгөөнөөс 800 хүний дунд санал асуулга явуулжээ. Оролцогчдын ихэнх нь “30 хувийн урьдчилгааг бүрдүүлэхэд бэрх. Иймд анх Засгийн газраас ярьж байсан 10 хувийн урьдчилгаа төлмөөр байна” хэмээн хариулсан юм. Үүнтэй зэрэгцээд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “Урьдчилгаанд 10 хувь өгөх тухайд Засгийн газар бодлогын баримт бичиг гаргана. Гэр бүлийн хоёр зэрэг ажиллаж байгаа мөртлөө 30 хувийн урьдчилгаа өгч чадахгүй айл олон бий. Тиймээс бид 10 хувийг тухайн гэр бүлээс гаргаад, банкны тавьж байгаа шалгуурт хүргэж, урьдчилгааг 30 болгохын тулд “Орон сууц хөгжүүлэх сан”-гаас дэмжлэг үзүүлэх асуудлыг ярилцаж байна” гэсэн нь иргэдэд бас хүлээлт үүсгээд байсан юм.

Уг нь найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш иргэдийн нуруун дээрээс багагүй ачаа хөнгөрсөн. Зургаан хувийн зээл хөөцөлдөж байдгаа барсан олон хүний хэтэвчийг хэмнэлтээр тэтгэсэн болохоор энэ хөтөлбөрт манайхан ам сайтай байв. Өмнө нь орон сууцны зээлдээ 400-500 мянган төгрөг төлж байсан анд маань найман хувийн зээлд шилжээд төлөх мөнгө нь хоёр дахин багассанд баахан хөөрчихсөн явсан. Хүүхдийн живх, хоол хүнс гээд хэрэглээнийхээ зардалд толгой бага өвтгөх болчихоор арга ч үгүй биз.

 

20, 30, 40 ТЭГЭЭД 60

ХАС банк орон сууцны зээлийн урьдчилгааг 60, Төрийн банк 30-50, Худалдаа хөгжлийн банк 20-40, “Капитал” банк 30-50 хувь болгон өсгөсөн байна. Ийн өсгөсөн шалтгааныг ХАС банкны Маркетингийн албаны мэргэжилтэн С.Сайнбаяр “Манай банкны орон сууцны урьдчилгаа нийслэлд 50, орон нутагт 60 хувь болсон. Засгийн газар ипотекийн зээлийн нөхцлийг тогтоохдоо арилжааны банкууд эрсдэлээ тооцож урьдчилгааг 30 хувиас дээш тогтоох эрхийг нь өгсөн байдаг. Манайх хуулийн хүрээнд ийм шийдвэр гаргасан” гэж тайлбарлалаа. Засгийн газарт ойр зарим эх сурвалжийн үзэж буйгаар урьдчилгааны хэмжээг өсгөж буй нь арилжааны банкууд эрсдэлээ тооцоолсон гэх шалтгаанаар хөтөлбөрөөс гарах сонирхлоо илэрхийлж байж болох аж. Учир нь найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх Засгийн газрын журмын 2.4-т “Орон сууцны урьдчилгаа төлбөрийн хэмжээ орон сууцны үнийн дүнгийн 10-30 хүртэлх хувь байна. Монголбанкнаас тогтоосон урьдчилгаа төлбөрийн хувь хэмжээнээс бага хэмжээний урьдчилгаа төлбөр төлөх зорилтот бүлэгт үзүүлэх хөнгөлөлтийн үйл ажиллагааг Засгийн газар тусгайлан тодорхойлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна” гэж заасан. Ингэхээр арилжааны банкууд анхнаасаа энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд урьдчилгаагаа хамаагүй өндөр хэмжээнд барих сонирхолтой байсан гэх таамаг ч бий.  

 

УРЬДЧИЛГААГ ӨСГӨСӨН ШАЛТГААН

Банк бүр харилцан адилгүй нөхцөлд байгаа болохоор зарим нь өсгөж байхад үлдсэн хэд нь урьдчилгааны хэмжээг хэвээр үлдээх бодолтой байгаа аж. “Магадгүй урьдчилгаа төлбөрийн хэмжээг өсгөөгүй банкууд санхүүгийн зах зээлийн өрсөлдөөнд тэсч үлдэх байх. Урьдчилгаагаа өсгөсөн банкийг иргэд зүглэхгүй байсан нь дээр” хэмээн “Миний хаяг Улаанбаатар” хөдөлгөөнийхөн үзэж байна. Дэлхий дахинд моргэжийн зээлийн хүү 4-9, харин урьдчилгаа нь дээд тал нь 30 хувьтай байдаг юм байна. Ийм байхад Монголд дэлхийн жишгээс хальсан зээлийн нөхцөл санал болговол тухайн банк харилцагчдаа үргээхээс цаашгүй хэмээн тэд тайлбарлалаа. Харин гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг “Банкууд эрсдэл багатай зээл өгье гэж байгаа юм болов уу. Тэгэхээр урьдчилгаагаа 60 хувьд хүргэсэн ХАС банкнаас зээл авах хүмүүс цөөрнө гэсэн үг. Ер нь банкууд энэ зээлд сонирхол багатай байгаагаа ингэж илэрхийлж байгаа юм байна” гэсэн юм. Түүний тааварлаж буйгаар бусад банк үүнийг дагаад урьдчилгааныхаа хэмжээг өсгөх магадлалтай. Иймдээ тулвал Засгийн газар ондоо хувилбарыг цаг алдалгүй санал болгож, эсвэл журмаа мөрдүүлэх биз гэсэн хүлээлт хүмүүсийн дунд байна.

 

ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ БАНКУУДАД НӨЛӨӨЛСӨН ҮҮ?

Зээлийн урьдчилгааг өсгөх эсэх нь зөвхөн арилжааны банкуудын асуудал биш гэдгийг эдийн засагчид хэлж байна. Учир нь урьдчилгаа өсөхийн хэрээр барьсан барилгууд борлогдохгүй удах, цаашлаад Монголбанк орон сууцаар барьцаалсан үнэт цаасаа хоёр дахь зах зээлд арилжаалахад хүндрэл үүсгэнэ хэмээн тэд харж байгаа юм. Найман хувийн хүүтэй орон сууцны зээлээр барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг Монголбанк цааш нь хоёр дахь зах зээлд зарах замаар энэ зээлийн урт хугацааны санхүүжилтийг тасралтгүй эргэлдүүлэх үүрэгтэй. Тэгэхээр урьдчилгаагаа өсгөх нэг хэрэг, цаана нь хөтөлбөрийн үндсэн зорилго өөр тийш хазайж буй нь өөрөө асуудал болон хувирах эрсдэлтэй аж.

Нөгөө талаар урьдчилгаагаа өсгөж буй арилжааны банкуудад эдийн засгийн хүндрэл бэрхшээл нөлөөлсөн байхыг зарим эх сурвалж үгүйсгэхгүй байна. Эрсдэлээс зайлсхийхийн тулд урьдчилгаагаа өсгөх замаар зээл олголтоо хазаарлах гэсэн алхам энэ байж болох. “Ам.долларын ханшийн өсөлт тогтворжихыг арилжааны банкууд хүлээж байж мэдэх юм. Валют сулраад ирэхээр урьдчилгаагаа бууруулах байх” гэж тайлбарлах хүн ч байна.

Ямартаа ч Засгийн газрын журам арилжааны зарим банкинд ийнхүү эсрэгээрээ хэрэгжиж эхлээд байна. Орон гэртэй болох гэж өдөр шөнөгүй ажиллаж байгаа дундаж давхаргынхныг дэмжсэн хөтөлбөр ийн баячуудад хаяглагдах нь. Хөтөлбөрийг хамт хэрэгжүүлнэ гэж татвар төлөгчдийн мөнгөөр багагүй ашиг хураачихаад “ус үзээгүй байж өмдөө шуух”-ын үлгэрээр аашаа хувиргасан банкуудаас татгалзвал яасан юм. Ярьж тохирсноо өөрчлөлгүй байрандаа үлдсэн бусдаар нь үйлчлүүлээд байхад гэм нь юу байхав.