Э.СОЛОНГО

“Рио Тинто”-гийнхон гэрээгээ зөрчиж эхэлснээр Оюутолгойн хөрөнгө оруулалт царцаж эхэлсэн. Үүнээс өмнө гаднаас орж ирэх мөнгөний урсгалыг нэмэх замыг хайж байсан монголчуудад канадуудын шийдвэр даарин дээр давс нэмнэ гэгч болов. 42 хувиар буурсан хөрөнгө оруулалтад Оюутолгойн гацаа багагүй хувийг эзэлж байгааг эдийн засагчид хэлж байна.

 

ОЮУТОЛГОЙ ГАЦАВ

Оюутолгой төслийн хоёр дахь шатны олборлолтоор Монголд үйлдвэрлэж байгаа зэсийн баяжмалыг 80, нийт экспортын өсөлтийг 30-40, ДНБ-нд эзлэх уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг 20 хувиар, манай улс зэс олборлогч 50 гаруй орноос эхний 15 дугаар байрт жагсана гэсэн төлөвлөгөө үндсэндээ нураад байна. Оюутолгой төслийн хоёрдугаар үе шат болох далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хойшлуулж байгаагаа “Рио Тинто”-чууд албан ёсоор мэдэгдээд хоёр сар болох гэж байна. Тэд энэ шийдвэрээ “Монголын Засгийн газар амарч байгаа тул санхүүжилтийг баталж, зөвшөөрөл өгөх хүртэл төслийн хоёрдугаар үе шатны бүтээн байгуулалтад шаардагдах таван тэрбум ам.долларын санхүүжилт орж ирэхгүй” гэж тайлбарласан. Ийнхүү “Рио Тинто” Засгийн газрын амралтыг далимдуулж гэрээнд зааснаас гажууд шийдвэр гаргаснаар Монголын говьд өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулж, жилдээ нэг сая тонн орчим зэсийн баяжмал экспортлох төлөвлөгөөтэй байсан хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр зогссон юм.

 

ШИНЭ ТУЗ НАЙДЛАГА АВЧРАХ УУ?

Оюутолгойн далд уурхай хаалгаа бариад удаагүй байтал ТУЗ-ийн гишүүдээ шинэчиллээ. Ерөнхийлөгч, сайд байсан ТУЗ-ийн гишүүд залуу боловсон хүчнээр байр солигдсон юм. Өмнөх гишүүдийг эдийн засгийн салбараас хол хүмүүс гэж шүүмжилдэг байсан. Харин ТУЗ-ийн шинэ гишүүд гурвуулаа эдийн засгийн чигийн. Тэднээс найдлага хүлээж байгаа талаар судлаач, эдийн засагчид байр сууриа илэрхийлсэн. Шинэ гишүүдийн хоёр нь Оюутолгойн  талаар нэлээд мэдээлэлтэй  залуухан эдийн засагчид, Да.Ганболдын хувьд шийдвэр гаргах төвшинд олон жил ажилласан, эдийн засгийг макро түвшинд нь харж чаддаг туршлагатай, мэргэшсэн эдийн засагч гэгддэг.  Тэднийг ерөнхийд нь салбараа мэддэг, уул уурхайн шилжилтээс өмнө 1990-ээд оноос чөлөөт эдийн засаг ярьдаг байсан хүмүүс ч гэдэг. Эдийн засагт төрийн оролцоо бага, хувийн оролцоо жин дарж байж  эрүүл хөгжинө гэдгийг илүүд үздгээр нь олон нийт Оюутолгойд найдлага тээж байгаа юм. 

 

ТОМ ДАРГАА ТОМИЛОВ

Валютын хомсдолтой зэрэгцээд хөрөнгө оруулалтаа татсан “Рио Тинто” Оюутолгойн шинэ захирлыг хугацаанаас нь өмнө сонгов. Гэрээнд зааснаар ноён Камерон МакРейн ирэх арван нэгдүгээр сарын эхээр суудлаа өгнө гэж гадны хэвлэлүүд мэдээлж байсан. Харин Оюутолгой төслийн үргэлжлэл замдаа саатаж, Монголын талын удирдлагуудын халаа сэлгээ явахтай зэрэгцээд ерөнхий  захирлын суудалд мөн салхи оров. Тус компанийн шинэ гүйцэтгэх ерөнхий захирлаар өнгөрсөн долоо хоногт ноён Крэйг Киннелийг дэмжиж баталсан. Тэрээр “Рио Тинто”-гийн зэсийн салбарын маркетингийн захирлын албыг хашиж байжээ.

ТУЗ түүнийг “Рио Тинто” группийн зэсийн бизнесийн орлогыг нэмэгдүүлэх стратегийг хэрэгжүүлэх, түүний дотор Оюутолгойн зэсийн баяжмалыг олон улсын нөхцлөөр худалдаалах гэрээ байгуулахад сүүлийн гурван жил чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзжээ.

“Өмнө нь хэд хэдэн уурхайг удирдаж, уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд үнэ хүргэж борлуулж ирсэн арвин туршлага өвөртөлсөн Крэйг Киннел Оюутолгойг ойрын ирээдүйд амжилттай удирдаж чадна” гэж бас онцолсон юм. Тэгэхээр ирэх өдрүүдэд монголчууд олон улсын зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүнийг үнэд хүргэх туршлагатай ноён  Крэйг Киннел, энэ салбарт хүчтэй дуугарч өөрийн гэсэн байр сууриа олсон залуу боловсон хүчнүүдээс ихийг хүлээх нь тодорхой.