Ч.ҮЛ-ОЛДОХ
Тавантолгойн коксжих нүүрсний ордын Баруун цанхиас нүүрс олборлон экспортолж эхэлсэн тухайгаа өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс Тавантолгой” компани зарласнаар тус бүлэг ордод дахин нэг уурхай шинээр нэмэгдлээ. Гацаа үүсч зогсонги байдалд ороод байсан нүүрсний экспорт сэргэж байгаа нь сайн талтай боловч бодлогын хувьд хэр зөв алхам болохыг цаг хугацаа харуулах болов уу. Уул геологийн энгийн тогтоцтой Тавантолгойн бүлэг ордын нүүрсийг ийнхүү хэсэгчилж, сорчлон олборлож, төрийн, хувийн, орон нутгийн компаниуд нь харилцан адилгүй үнэ, нөхцлөөр хоорондоо өрсөлдөн, хятадуудын хэлсэн үнээр худалдаад эхэлвэл Монгол Улсын нүүрсний салбарын ирээдүйн хөгжилд хортой үр дагавар авчрах нь тодорхой.
Өнөөгийн байдлаар экспорт хийгдэж байгаа Монголын нүүрсний дотроос Тавантолгойн ордын нүүрс хамгийн сайн чанартай нь төдийгүй олборлолт хийхэд хамгийн хялбар, Хятадын нүүрсний гол зах зээлд ойрхон, тэр талдаа дэд бүтэц хамгийн сайн хөгжсөн зэрэг олон давуу талтай орд. Гэтэл нүүрсний чанараараа Монголдоо гэлтгүй дэлхийд дээгүүр тооцогдох энэ ордынхоо нүүрсний үнийг дотооддоо өрсөлдөн унагаж байгаа нь бусад бүс нутгийн жижиг ордуудаас нүүрс экспортлож байгаа компаниудад “үхлийн цохилт” өгснөөс өөрцгүй юм.
Тавантолгойн орд олборлолт, боловсруулалтаараа үлгэр жишээ, үнэ ханшийн хувьд Монгол Улсын нүүрсний зах зээлийн луужин болж явах учиртай орд. Гэтэл харин ч эсрэгээрээ зах зээлийг боомилогч чөдөр тушаа, үнэ ханшийг унагагч “хадны мангаа” болгон хувиргаж байна.
Үүний нэг тод жишээ нь, Монголын төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК, Хятадын төрийн өмчит “Чалко” компанитай нүүрс худалдах гэрээ байгуулсан явдал юм. Монголын нүүрсийг урт хугацаанд, өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, хямд үнээр авч ашиглах гэсэн Хятадын төр, засгийн бодлогод бэлэн өгөөш болсны горыг өнөөдөр Монголын ард түмэн амсч, нүүрсний экспорт буурч, эдийн засгийн гүн хямралд ороход ойрхон байна. Аливаа төрийн мэдлийн компани бизнесийн үйл ажиллагаанд түрэмгийлэн оролцох нь бизнесийн салбарт улс төрийн уур амьсгал оруулж хямруулах, зах зээлийн зарчмаар үйл ажиллагаагаа явуулж байгаа хувийн хэвшлийнхнээ хөлдөө чирж үрэгдүүлэх, улмаар улс хоорондын харилцаанд сэв суулган эдийн засгийн хүнд гарз хохирол амсах хүртэл аюул дагуулдгийг бид хангалттай харж байна. Тавантолгойн ордыг төрийн болон хувийн өмчит хэд хэдэн компаниудад хуваасныг олон эрдэмтэн зэмлэн буруушаасаар ирсэн. Гэтэл төрийн өмчит компани нь эзэмшлийн ордоо дахин хэсэгчлэн олборлолт борлуулалт хийж эхэлж байгаа нь бүр ч харамсалтай. Бүлэг ордын нүүрсийг хэсэгчлэн олборлож борлуулах нь байгаль орчин, эдийн засгийн үр өгөөж, олборлолт боловсруулалтын технологийн хувьд ч, зах зээлийн өрсөлдөөний зохицуулалтын хувьд ч сөрөг үр дагавар авчирна гэдгийг судлаачид хэлдэг. Нүүрсний олборлолт борлуулалтаар дэлхийд тэргүүлэгч Австрали улс тухайн бүс нутгийн олон арван уурхайн нүүрсийг нэг боомтод хуримтлуулан чанарын холилт хийсний дараа үнэ хүргэн экспортлож байгааг манай төр засгийнхан судалж анхаармаар.
Хятадын нүүрсний хэрэгцээ хэдийгээр ёроолгүй сав мэт боловч Монголоос авах нүүрсний хэмжээ хязгаартай, дээр нь бодлогоор зохицуулагддаг гэдгийг бид хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Монголын нүүрс газар зүйн байрлал, нүүрсний чанар зэрэг хүчин зүйлээрээ Хятадын зах зээл дээр давуу тал эзэлж, Хятадын коксжих нүүрсний импортын 50 хувь дангаараа хангана гэж төсөөлөхөд л ердөө 20-30 сая тн нүүрс л экспортлох боломжтой гэнэ. Гэтэл манай улс коксжих нүүрсний олборлолтын хүчин чадалыг ойрын хугацаанд 70 сая тонн-д хүргэнэ гэсэн төсөөлөлтэй байх юм. ( Эрдэнэс Тавантолгой 20 сая тонн, Энержи Ресурс 15 сая тонн, МАК 10 сая тонн, МонЭнКо 10 сая тонн, Саусгоби Сэндс найман сая тонн, Тавантолгой ХК таван сая тонн, нийт 68 сая тонн.) Өөрөөр хэлбэл, ойрын ирээдүйд манай улс зах зээлийн багтаамжаасаа хоёр дахин өндөр хүчин чадалтай уурхайнуудтай болох нь. Ингэснээр энд тэнд эмх замбраагүй овоолго үүсгэн байгаль орчноо бохирдуулж, дор бүрнээ жижиг оврын угаах үйлдвэр барих төсөл хэрэгжүүлж хөрөнгө мөнгөө үргүй зарцуулж, эцэстээ зах зээлээ булаацалдан нүүрснийхээ үнэ цэнийг унагах эрсдэл бий болох дүр зураг харагдаж байна.
Зах зээл нь хязгаарлагдмал, цорын ганц орноос бүрэн хамааралтай нь тов тодорхой атал төр, засгийн зүгээс оновчтой зөв бодлого хэрэгжүүлэхгүй байсаар нүүрсний салбараа бүхэлд нь элгээр нь хэвтүүлж, экспортын орлого буурч, валютын ханш огцом өсөх үндэс суурийг тавьчихлаа. Эсрэгээрээ нүүрсний тээвэрлэлтийн явцад гарах үргүй зардлыг хэмнэх, байгаль орчны бохирдлыг бууруулах гээд олон давуу талтай төмөр замын ажлыг улстөржүүлэн хойш татсаар өнөөг хүргэв. Экспортын нүүрсэнд бодит бус хийсвэр жишиг үнэ тогтоон үндэсний хэдэн экспортлогч компаниа татварын өрөнд оруулж зогсонги байдалд оруулав. Худал үнэ тогтоож, хоосон орлого бүртгэж, хий татвар оногдуулж, хуурамч статистик гаргасаар эцэс сүүлдээ макро эдийн засгийн бодлогоо буруу тооцоолоход хүргэв. Иймд юуны өмнө манай төр засаг Таван толгойн бүлэг ордыг олборлох, боловсруулах, тээвэрлэх, экспортлох нэгдсэн цогц бодлого боловсруулах нэн шаардлагатай байна. Үүний зэрэгцээ төрийн мэдлийн оролцоог бууруулж, үндэсний хэмжээний томоохон аж ахуйн нэгжүүдээс бүрдсэн консерциумаар бизнесийн үйл ажиллагааг нь хариуцуулан гүйцэтгүүлэх нь нүүрсний салбарт дотоод гадаадын улс төрийн нөлөө тусахаас сэргийлж чадна. Ингэж гэмээнэ сая бид Тавантолгойн ордын төдийгүй Монголын бусад ордын нүүрсний үр шимийг бодитоор хүртэх боломж бүрдэх юм. Түүнчлэн уул уурхай тэргүүтэй үндэсний компаниуд нэгдсэнээр олборлолтын явцад гарах хаягдал бүтээгдэхүүнийг дахин боловсруулах, цахилгаан станц, нүүрс-химийн үйлдвэр барьж байгуулах, түлш, шатахуунаа дотооддоо үйлдвэрлэх зэрэг олон ажилд ахиц дэвшил гарах нь дамжиггүй.