Ж.ЦОГЗОЛМАА
Уул уурхайн сайд Д.Ганхуяг УИХ-ын даргад Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн бариад байгаа. Эдгээрээс хүлээж буй хамгийн эхний үр дүн бол алтны олборлолтыг ил тод болгох явдал юм.
2005 онд 24 тонн алт олборлож байсан бол 68 хувийн татварын нөлөөгөөр энэ тоо зургаан тонн болж дөрөв дахин буурсан байдаг. Шар металлын эрэлчид татварт байдгаа туучихгүйн тулд энэ зах зээлийг далд хэлбэрт оруулснаар ийнхүү Төвбанкинд тушаах хэмжээ нь эрс багассан хэрэг. Гэтэл энэ металлын үнэ 2000 оноос хойш зургаа дахин өссөн байх юм. Ийм болохоор дээрх хуулиудыг баталж гаргавал манай алтны зах зээл ил тод болно хэмээн эдийн засагчид үзэж байна.
Ингэхдээ алтны нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувиар тооцож, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг тэг хувьтай байхаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ. Мөн хуулийн төсөлд алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх талаарх УИХ, Засгийн газар, Монголбанк, Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх, алт олборлогчдын эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг заасан байна. Ингэснээр алт олборлогчид олборлосон алтыг Монголбанкинд тушаахаар хуулийн төсөлд тусгаж, хууль зөрчсөн компани, аж ахуйн нэгжид зөрчлийн шинж байдлыг харгалзан тусгай зөвшөөрлийг цуцлах, хууль бусаар олборлосон, худалдсан алтыг улсын орлого болгох, 20 хүртэл сая төгрөгөөр торгох, бичил уурхайчдын олборлосон, худалдсан, хил гаалиар нэвтрүүлэхийг завдсан алтыг улсын орлого болгох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль хүлээлгэж, зөрчил нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бол холбогдох зүйл, заалтаар хариуцлага тооцохоор зааж өгчээ.
УРТ НЭРТЭЙ ХУУЛЬ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨХ ВЭ?
УИХ-аас 2009 онд баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, мөн түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй билээ. Учир нь Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар уг хуулиар хориглосон талбайд хамаарах ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн хилийн заагийг тогтоох ажил удааширснаас ийн гацсан юм. Түүнчлэн компаниудад олгох нөхөн олговор, түүний эх үүсвэр тодорхойгүй байснаас өдий хүргэсэн билээ.
Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол агуулга нь хууль батлагдан гарч дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид тухайн ордыг ашиглаад нөхөн сэргээх баталгааг гаргах ба тодорхой шалгуурт тэнцэж байвал орон нутагтай хамтран гурвалсан гэрээ байгуулан, мэргэжлийн олон нийтийн хяналтын дор ажиллаж улмаар байгаль орчныг унаган төрхөнд нь оруулж хүлээлгэж өгөхөд оршжээ. Хамгийн том үр дүн нь гол мөрний урсац бүрэлдэх эх хамгаалагдах, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааг зогсоох, цаашдаа ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг зогсоох нөхцөл бүрдэж, хууль улсын төсөвт ачаалал, хүндрэл харьцангуй багатайгаар хэрэгжих боломж бүрдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзэж байна.