Б.БАРС
Д.Менделеевийн химийн үелэх системд атомын 78 дугаартай мөнгөлөг цагаан өнгийн металлыг Платин гэдэг. Манайхны цагаан алт гэж нэрлэдэг энэ металл дэлхийд ховор тохиолддог бөгөөд алтнаас ч илүү үнэтэй.
Ази, Европт энэ металлыг 1700-аад он хүртэл мэддэггүй байсан боловч Өмнөд Америкийн Андын нурууны хавиар нутагладаг индианууд эрт дээр үеэс хэрэглэсээр иржээ. Америк тивийн индиануудыг эзлэн түрэмгийлсэн Испанийн конкистадорууд анх энэ металлтай учраад мөнгөтэй ижилхэн учир “платин” буюу “мөнгөтэй ижил” гэсэн нэр өгсөн аж.
Платин алттай хялбар урвалд ордог тул Испанийн хаан 1735 онд зарлиг гарган энэ металлыг Европ руу оруулж ирэхийг хориглож байжээ. Учир нь платиныг ашиглан хуурамч алт үйлдвэрлэл эрчээ авч Испанийн сан хөмрөгт ноцтойгоор нөлөөлөх болсон гэнэ.
Гэхдээ Платин нэлээд өндөр хэмд хайлдаг онцлогоосоо үүдэн тэр үед мөнгөнөөс хоёр дахин бага үнээр борлогддог байжээ. Ийм ч учир энэ үнэт металлын олборлолт 1800-гаад он хүртэл дан ганц Өмнөд Америкт төвлөрч байсан юм.
Харин 1835 онд Италийн эрдэмтэн Ж.Скаллигер платиныг бие даасан химийн элемент болохыг нотолсны дараа эрэлт хэрэгцээ, үнэ ханш нь ч өсөх болжээ. Үүний улмаас Европт, нэн ялангуяа Оросын Уралын нуруунаас хэд хэдэн Платины орд газар илэрч, аж үйлдвэрийн олборлолт эхэлсэн түүхтэй.
Үнэт эдлэлийн үйлдвэрлэлд платин алтнаас илүү үнэлэгдсэнээр эл ашигт малтмалын геологийн эрэл хайгуул дэлхий даяар өрнөжээ. Гэвч өнөөг хүртэл платины олборлолт ердөө зургаан оронд төвлөрсөөр удсан аж. Тэдгээр зургаан орон нь ӨАБНУ, ОХУ, Канад, Зимбабве, АНУ, Колумби юм байна.
Дэлхийд одоогоор жилд 200 орчим тонн л цагаан алт олборлодгоос ӨАБНУ 75 хувь буюу 150 тонныг дангаараа хангадаг ажээ. Ер нь дэлхийн платины одоогоор мэдэгдээд буй нөөц ердөө 80 мянган тонн бөгөөд үүний 87.5 хувь нь өнөөх л ӨАБНУ-д илэрчээ. Платины нөөцөөрөө ОХУ (дэлхийн нийт нөөцний 8.3 хувь), АНУ (2.5 хувь) удаалдаг байна.