Ж.ЦОГЗОЛМАА

“Дисковер Монголиа” чуулга уулзалтын зохион байгуулах хорооны дарга П.Очирбаттай ярилцлаа. 

-Юуны өмнө энэ удаагийн “Дисковер Монголиа” чуулга уул­залтын талаарх таны сэтгэгдлийг сонсмоор байна?

-Энэ удаагийн уул­залтад хүмүүс их л цөөхөн оролцох байх гэсэн болгоомжлолтой байсан юм. Гадаад нөхцөл байдал, дэлхийн эдийн засгийн хямрал, дэлхийн уул уурхайнханд гарч байгаа хүндрэлээс өгсүүлээд болгоомжлол байлаа. Нөгөө талаас манай хууль эрх зүйн орчин, Ашигт малтмалын тухай болоод Хөрөнгө оруулалтын тухай хуулиуд нь гадаадын хөрөнгө оруулагчдын эрсдэлийг нэмэгдүүлсэн их тогтворгүй, байнга өөрчлөгддөг зэргээс үүдээд ингэж бодож байсан юм. Харин санасныг бодоход овоо байна. Энэ удаагийн уулзалтад 130-аад байгууллага, 300-400-гаад хүн оролцсон байна. Тиймээс энэ удаагийнх нэлээд боломжийн чуулга уулзалт болох нь.

-Зарим хэвлэлд дэлхийн ашигт малтмалын хэрэгцээ удахгүй буурна, өөр түүхий эдээр орлуулна гэх зэргээр мэдээлэх боллоо. Энэ ер нь ямар учиртай юм бэ?

-Дэлхийн эрдэс баялгийн хэрэгцээ буурна гэж огт байхгүй. Яагаад гэвэл манай гаригийн хүн ам өсч байгаа. Энэ чинь хэрэглээг өсгөнө гэсэн үг. Хоёрдугаарт, дэлхийн хүн амын амьдралын чанар дээшилж байна. Хэрэглээ өснө. Харин одоо үнэ буураад байгаа шалтгаан нь цаг үеийн зүйл юм. Үнийн өсөлт, бууралт чинь мөчлөгтэй шүү дээ. Зарим жилд их өсч байхад заримд нь унадаг. Тэгэхээр энэ бол зүй тогтол. Гагцхүү бидний хүсэж, горьдож байгаа зүйл бол энэ уналтын хугацаа аль болох богино байгаасай, нэг хоёр жил байгаасай гэж хүсч байна. Уг нь энэ мөчлөг чинь 5-7 жил байдаг юм шүү дээ. Бас үнэ унах хувь нь аль болох бага байгаасай. Уналт 10-20 хувиар биш, хоёр эсвэл гурван хувиар алгуурхан унаасай гэж мөрөөдөж байна.

-Манай улсад хөрөнгө оруулагчид итгэл үзүүлэх үү гэдгийг энэ удаагийн чуулганаар ярьж байна. Ер нь итгэлцэл нь ямархуу төвшинд байна вэ?

-Хөрөнгө оруулагч болоод тухайн хөрөнгө оруулалтыг татаж буй улс орны хоорондын бие биедээ итгэх итгэл нь их өндөр байх ёстой юм. Энэ итгэлцэл дээр тулгуурлаж бизнес явна. Тэгэхгүй бол урагшлахгүй шүү дээ.

-УИХ-аар удахгүй хэлэлцэхээр зэхэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар та ямар бодолтой байна вэ?

-Өмнөх хуульд тусгасан шиг хөрөнгө оруулагчдын ашиг сонирхолд нийцэхгүй янз бүрийн хориг, дэлхийн бизнесийн ерөнхий зарчмаас хальсан заалтуудыг энэ удаагийн хуулиараа битгий гаргаасай. Аль болохоор чөлөөтэй, зах зээлийг өөрөөр нь ажиллуулах, төрийн оролцоог аль болох бага байлгах хэрэгтэй. Төр хэрэв оролцоно гэвэл маш оновчтой байлгах хэлбэрийг сонгох хэрэгтэй.