Ж.ЦОГЗОЛМАА

Өнгөрсөн баасан гаригт Худалдаа хөгжлийн банкны цахим хуудаст дурдсанаар ам.долларыг бэлнээр 1687-оор авч 1712 төгрөгөөр зарж байлаа. Энэ бол 2009 онд анх удаа 1700 төгрөгт хүрсэн дээд амжилтыг таван жилийн дараа анх удаа эвдсэн үзүүлэлт байв. Ийнхүү ханш өссөнийг эсэргүүцэж цахим ертөнцийн жиргээчид Сүх жанжны талбайд салаавчтай цуглаан хүртэл хийгээд авсан нь олны анхаарлын төвд байна. Нэг үгээр хэлбэл, төгрөг суларч, “ногоон” үнэрхэж буйг хэвлэл мэдээлэл болоод улс төрийн ертөнцийнхөн сүйрэл хэмээн тайлбарлаж байгаа.

Тэдний хэлсэн ортой л зүйл. Ядаж л Эрээний наймаачдын зардаг хэдэн эрээн даавууны үнэ өсчихөөр хятад заводын хувцсанд дассан манайхны хувьд асуудал. Бас Бээжингийн жимс, ногоогүйгээр хоолны цэсээ төсөөлж чадахаа больтлоо импортод хувь заяагаа даатгасан цөөхөн монголчуудын хувьд нэг ёсондоо эмгэнэл. 40 сая малтай, хоёрхон сая хүн амтай, өргөн уудам газар нутаг, үржил шимтэй хөрс гээд үлгэрт гардаг дайраад ирэхэд далай шиг баян цатгалан байгалийн эх булаг уг нь бидэнд бий. Тэгэхдээ л урд, хойд хөршдөө амин чухал хэрэгцээгээ тэр чигт нь даатгачихаад ам.долларын ханш өсөхөөр шатахуун, хүнсний үнэ өслөө, импортын бараа ховордлоо зэргээр аюулын харанга дэлдэж буй нь өнөө цагийн эдийн засгийн хөгжлөөс ухарсан хэрэг л дээ, уг нь. Яаж ч бодсон өөрсдөө ганц оймс үйлдвэрлэе гэхэд утсаа хүртэл “сайн найзууд”-аасаа импортолдог болохоор яах аргагүй эдийн засгийн гүн эмгэнэл энэ. 

Ингээд бодохоор ам.долларын ханшийн өсөлтийн цаана аюул биш харин шинэ эхлэл нуугдаж байж болох юм. Үргэлж бусдын гар харж, ногоон мөнгөний үнэ ганц хоёрхон хувиар чангарахад л захын хүний даралт ихэсдэг замбараагүй эдийн засгийн мухардлаас гарах гарц энэ байж ч болох. Ерөөсөө дотоодоосоо хамааралтай эдийн засгийг өөрсдийн гараар барьж байгуулах цаг ирснийг ам.долларын ханшийн өсөлт хэлээд байх шиг. Үнэн үг гашуун сонсогддог гэдэг дээ. Бодит нөхцөл байдал биднийг иддэг, уудаг, өмсдөг, түлдэг гээд бүхий л хэрэгцээгээ өөрсдөө хангаж, гадаад хүчин зүйлийн хамаарлаас гар гэж хэлээд байна. Бас өөрөөр зүйрлэвэл манай эдийн засаг импорт хэмээх “хар тамхи”-нд донтчихоод одоо бодит нөхцөл байдалд эрүүл мэнд нь хүндэрэхээр хорт зуршлаасаа гарч чадахгүй, амь бөхтэй наалдаад байгаа хэрэг. Ингэхээр яалт ч үгүй Монголын эдийн засагт эмчилгээ хэрэгтэй, тэр нь үндэсний үйлдвэрлэл. Ам.долларын ханш хэчнээн ч чангарсан бай тэр тоолонд бачуурч, түргэн тусламж дуудахын наагуур болдог хачин зуршлаасаа салах цаг болж. 

Японы жишээ магадгүй бидэнд арай ойр байж болох юм. Тэд манайх шиг хамаг юмаа импортолдоггүй, харин дотоодоосоо үйлдвэрлэж, илүү гарснаа гадаадад экспортолж ашиг олдог улс. Түүнээс биш зэс, алтны үнэ уналаа, валют чангарлаа гэж Засгийн газар нь дээр доороо орж, хэдэн томоохон компаниас бадар бариад гүйдэггүй л юм билээ. Иенийн ханш чангарахаар эдийн засаг нь элгээрээ мөлхөж, гадаадад экспортолж олсон ам.доллар бүр нь хямдхан арилжигдана гэсэн үг. Өнгөрсөн оны турш иенийн ам.доллартай харьцах ханш хамаагүй нам дор байснаас болоод экспортлогчдынх нь ашиг төдийлөн өсөөгүй. Улмаар томоохон үйлдвэрлэгчид нь хэдэн мянгаар нь ажиллах хүчнээ цомхотгож байсан түүх мартагдаагүй байна. Өнгөрсөн онд нэг ам.доллар 90-97 иентэй тэнцэж байлаа. Харин энэ сарын 5-ны байдлаар 100 давсан юм. Энэ бол япончуудын хувьд сайн мэдээ байв. Гадаадад экспортолж олсон ам.доллараар илүү үнэтэй иенээр борлуулаад буцаагаад ажилчдаа цалинжуулах, бааз сууриа нэмэгдүүлэх гээд арвин ургацтай жил болох нь.

Тэгвэл МУИС-ийн доктор, судлаач Б.Эрдэнэбат “Нэгэнт ам.долларын ханш чангарч байгаа бол одоо импортоо бууруулах хэрэгтэй” гэж хэлсэн юм. Манай эдийн засагт импорт давамгайлж, экспорт хоцролттой явдаг бичигдээгүй хууль үйлчлээд удаж байна. “Нарантуул”-аар л ороход харагдана даа. Захын лангуун дээрээс хятад эзэгтэйн оёдлын машинаараа хэдхэн цагийн дотор урлаад гаргачих цамц, өмд тэргүүтэй хялбархан бүтэцтэй бараа хаа сайгүй. Харин бид тэр бүгдийг өөрсдөө үйлдвэрлэчих хангалттай ажиллах хүч, нөөц бололцоо байсаар байтал түүнийгээ олж харахгүй байгаад учир бий. Импортыг хазаарлаж, экспортоо түргэтгэж, дотоодоосоо бийлэгжих төлөвлөгөө бидэнд яг одоо хэрэгтэй байна. Энэ үнэнийг илүү төвшитгөж өгсөн ам.долларын ханшийн өсөлтөд талархах хэрэгтэй ч юм шиг бас санагдчихав. Үнэн үг гашуун байдаг гэдэг дээ.

 

Ханшийн өсөлт Монголд ашигтай юу?

 

MIH группийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан: ЭКСПОРТОД АШИГТАЙ

 

-Экспорт гаргаж буй компаниудад төгрөгийн ханшийн уналт ашигтай. Ялангуяа, цахилгаан станцад нүүрсээ нийлүүлэхээс бусад уул уурхайн компаниудад энэ нь сайнаар тусч байгаа. Тэгэхээр экспорт хийж байгаа хүмүүст энэ маш сайнаар нөлөөлж байгаа.

 

“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурь: ХАНШ СУЛАРСНААС ЧАНГАРСАН НЬ МОНГОЛД АШИГТАЙ

 

-Манай компанийн хувьд ашигтай байна. Ам.долларын ханш өсч байвал экспорт нэмэгдэж байгаа юм. Хямдхан төгрөгөөр олборлосон нүүрсээ ам.доллараар зараад, түүнээс олсон ам.доллараа төгрөг болгохдоо хамаагүй өндөр ханшаар зарж байгаа юм. Тэгэхээр бараг ам.долларын ханш өсөх нь унаснаасаа дээр байгаа юм. Хүмүүс ам.долларын ханш уналаа яанаа гээд л байдаг. Яг хэрэг дээрээ эдийн засгийн эцсийн үр дүнгээ үзвэл ам.долларын ханш өсч байгаа нь манай орны экспорт нэмэгдэнэ.