Э.ӨНӨР

“Рио Тинто” Монголын Засгийн газар хамтдаа эхлүүлсэн ажилдаа гар нийлэхгүй байгааг ойрын өдрүүдэд үргэлжилж буй үг, үйлдэл гэрчилж байна. Засгийн газрын хувьд энэ төслийг гэрээнд заасан дүнгээр нь өндөр үр ашигтай байлгахыг зорьж  байгаа. Гэвч нөгөө тал зардлыг хэтрүүлэн тооцоод байгаа шалтгаанаа тайлагнахыг хүсэхгүй хэвээр. Оюутолгойн далд уурхайг ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг “Оюутолгой”-н ТУЗ болон хувь нийлүүлэгчдийн хурал шийдвэрлэдэг. Энэ хурал хаяанд ирсэн энэ цаг үед тус компанийн ТУЗ-ийн гишүүд ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчихлөө. “Оюутолгой”-н ТУЗ-д Монголын талыг төлөөлж байсан П.Цагаан, Ч.Ганболд нар өргөдлөө өнгөрсөн долоо хоногт өгсөн. Тэдний орыг залгах гишүүдийг томилоод байгаа.ТУЗ-ийн хуучин гишүүдийг өнгөрсөн гурван жилд өмнийн говь дахь баялгийг дэлхийн зах зээлд гаргаж, ямар үр дүн авчирсныг Монголын иргэд өөр өөрсдийн байр сууринаас тайлбарладаг. Нэг хэсэг нь “Оюутолгойн зэс, алтны ордын баяжмалын экспорт энэ оны долдугаар сард эхэлсэн. Ил уурхайн төсөл хүчин чадалдаа хүрч, хоногт 100-гаад мянган тонн хүдэр олборлож байна. Төсөл хэрэгжих явцад хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монголд ашигтай өөрчлөлт оруулахад, Монголын талын төлөх зээлийн жилийн хүүг таван хувиар бууруулж зээлийн дарамтын хэмжээ 1.5 тэрбум ам.доллараар багассан” зэргээр  тооцоолж суухад үүнээс эсрэг байр суурьтай хүмүүс ч бий. Тухайлбал,  “Оюутолгой”-н ТУЗ-ийн өмнөх гурвыг “Зөвхөн Оюутолгойг ашиглалтад оруулах түүхэн гол зорилго өмнөө тавихаас өөр алсыг харсан бодлого өвөртлөөгүй” гэж шүүмжилдэг. Тэднийг алсдаа Монгол Улсад учирч болзошгүй эрсдэлийг тооцоолоогүй гэж дүгнэх хүмүүс ч байна. Гадныхны шахалтыг урьдчилж тооцоогүйгээс их мөнгө, арвин туршлагатай хөрөнгө оруулагчийн өмнө хүчин мөхөсдөж байгааг ийн харууллаа. Харин ТУЗ-ийн шинэ гишүүнээр томилогдсон “Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирал Да.Ганболд, “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал Г.Тэмүүлэн, Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу нар ирэх жилүүдэд тэдний үүргийг хэрхэн үргэлжлүүлэх нь хамгаас чухал болоод байна. Оюутолгой дахь Монголын талын хуучин төлөөллүүд Ерөнхийлөгч, сайд байсан хүмүүс бол энэ удаагийнх залуу боловсон хүчнээс бүрдсэн баг.  Да.Ганболдын хувьд өмнө нь УИХ-ын гишүүн байсан. Одоо “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлын ажлаа аваад удаагүй байгаа. Г.Тэмүүлэнг Оюутолгой төслийн үйл явц, хөрөнгө оруулалтын гэрээг сайн мэдэх хүмүүсийн нэг гэдэг. “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал. Ч.Отгочулуу өмнө нь Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх, Эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал байсан юм. Тэгэхээр ирэх жилүүдэд Монгол Улсын төсвийн гол эх үүсвэр болох “Оюутолгой” төсөлд хэр чадвартай төлөөллүүд очиж, ямар үр дүн авчрахыг хүлээх үлдэж байна.