- Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн мөрөөр -
Ж.ЦОГЗОЛМАА
Монголын эдийн засаг цочир хүйтэрч, санхүүгийн хөрсөнд дөнгөж цухуйж байгаа жижигчүүл гэнэтийн хуульд “унаж бэртэхээс” сэрэмжлэхийг нөхцөл байдал сануулж байна. Жижиг, дунд бизнес эхлэх гэж дэнжигнэж байгаа хүмүүсийг жагсаалаас хасч, аваргуудын армиар зах зээлийг бүрдүүлэх, шинэ бизнес, шинэ санаа орох зай завсар үлдээгээгүй нэгэн хуулийг парламентын “тогооч” нар захиалагчдад нь хүргэхээр яарч байна.
ТАТВАРЫН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨС УРЬТАЖ ХАЯАГАА МАНАХ ТӨЛӨВЛӨГӨӨ
Хөрөнгө оруулалтын хуулийг яаруулахын учир нь Татварын багц хуулийг УИХ-д оруулахаар шуурч эхэлсэнтэй холбоотой хэмээн эх сурвалж үзэж байгаа юм.
“Үндсэндээ энэ хууль бол олигархиудыг буюу том аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор гарч байгаа. Татварын багц хууль өөрчлөгдөх гэж байгаа учраас өмнө нь амжиж энэ хуулийг батлуулж аваад хэдэн том компани өөртөө татварын таатай орчин үлдээх гэсэн санаа яваад байна” гэж тэрээр ярьж байна. Түүний тайлбарласнаар томоохон компаниуд хүссэн хүсээгүй улстөрч эздийнхээ дэмжлэгээр болоод байдаг бол нийт зах зээлийн дийлэнхийг бүрдүүлж буй жижиг дунд бизнес эрхлэгчдийг “мөрөөрөө дампуур” гээд зөнд нь орхиж буй хэрэг юм. Бүр тодруулбал, дотоодын хөрөнгө оруулагч гэсэн нэр томъёог энэ хуульд тусгайлан оруулсан бөгөөд амин сүнс нь тэр үгэнд оршиж байна. Ингэхдээ тухайн бизнесийнх нь 50-иас дээш хувийн өмчлөгч нь Монгол Улсын иргэн бас Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх учиртай. Харин дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэхээр хувьцааных нь 75 ба түүнээс дээш хувийг монголчууд эзэмшдэг байх гэнэ. Дээрх тодорхойлолтод багтаж буй аж ахуйн нэгжүүдэд тавих шаардлага нь хэтэрхий өндөр буюу өнөөх жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс бараа сураггүй орхигдсон байх юм. Эсгий үйлдвэрлэлийн цех, эсвэл хөнгөн блок үйлдвэрлэх гэж зээл хөөцөлдөж буй Дорж, Дулмаа нар Монгол Улсын дотоодын хөрөнгө оруулагч, бизнесмэн ерөөсөө биш. Орлогынхоо ихэнхийг татварт суутгуулаад дампуурна уу, хоосорно уу тэр нь иргэнийхээ төлөө гэж сонгогдсон парламентчдад энэ хуулиар бол хамаагүй. Яагаад гэхээр нийслэлийн төвийн дүүргүүдэд 50-500 тэрбум, харин Багануур, Багахангай, Налайх болон бусад хот, орон нутагт 1-15 тэрбум, уул уурхайд 100 тэрбумаас таван их наяд төгрөг хүртэлх хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бол бидний дагаж мөрддөг татваруудаас 10-15 жилийн хугацаанд хөнгөлөлт эдлэх эрх ямбаар шагнагдах юм. Ийм хэмжээний том бизнес эрхлэгчид нь бүгд төрд төлөөлөлтэй, дээрээсээ дээвэр, туургатай бизнес эрхлэгчид. Гэтэл жижигчүүл буюу жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зээл нь ганц зуун сая төгрөгт ч хүрдэггүй бадар баригсад болохоор энэ хууль тэдэнд хаяглагдаагүй. Ингэхээр энэ хуулийг хэрхэн хүлээж авах вэ. Эдийн засгийн судлаачид, шүүмжлэгчид амаа үдүүлчихсэн юм шиг таг чимээгүй суугаагийн учир юу вэ. Үйлдвэржсэн улс болъё гэж ирээд л эх орончдын дүр эсгэгчид харин энэ удаад хаачив. Эдийн засгийг хэдхэн том компани, цөөхөн гэр бүл телевизийн суваг сольж байгаа юм шиг дураараа удирдаж байхад өнөөх алдарт хувьсгалчид нь энэ хуулийг “Нохой хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг” гэдэг шиг өнгөрөөх нь бололтой.
Энэ хууль энэ чигээрээ батлагдсан тохиолдолд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлнэ гэж Засгийн газар худал амлахаа бүр болих хэрэг гарах нь. Угаасаа ч жижиг бизнес эрхлэгчдийг төр дэмжээд, татвараас чөлөөлөөд байсан олигтой жишээ манай улсад байхгүй. Дандаа гадаадын төсөл хөтөлбөрүүд л энэ чиглэлд урсдаг байсан нь нууц биш. 2011 онд гэхэд үйлдвэрлэгчид 960 тэрбум төгрөгийн зээл хүсэхэд Засгийн газар ердөө л 60 тэрбумыг гаргаж өгсөн түүх бий. Уг нь жижиг, дунд үйлдвэрлэл гээч жижигхэн нэртэй ч бэлчээр томтой энэ талбар нь улс орны хөгжлийн түүчээ болдгийг дэлхийн улс орнууд ээлж дараагаараа батлаад байна.
ЭМНЭЛЭГ, СУРГУУЛИУДЫН ЭЗДИЙГ ТАТВАРААС ХӨНГӨЛӨХ ШАЛТГААН
Энэ хуульд тусгасан бас нэгэн хачирхалтай заалт бол эрүүл мэнд, боловсролын байгууллагад хөрөнгө оруулалтын дээрх нөхцлийг биелүүлсэн компанид нийслэлд бол найман жил, орон нутагт бол 30 жилийн хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөхөөр заасан байна. Энэ заалт нь өөрөө энэ хуулийн захиалагчдыг хэлээд өгч байгаа хэрэг гэж хардах хүн ч олон. Монголд эмнэлэг, сургуулийг эзэмшдэг боссууд нь өнөөх л томчуул. “Сонгдо” эмнэлэг, “Орчлон” сургууль гээд MCS-ийн бизнесмэнүүдээс эхлээд дурдахад энэ хууль анхнаасаа томчуудыг татварын диваажинд хүргэх тийз болсон хэмээх олны хардлагыг улам тодруулаад өгч байна.
Бас нэг заалт нь бүр ч толгой эргүүлмээр. Татварын энэ хөнгөлөлт эдэлж байгаа компаниуд нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэл эрхлэн бүтээгдэхүүнээ экспортолж байгаа бол татвараас чөлөөлөх хугацааг 1.5 дахин уртасгаж тооцохоор тусгасан байх юм. Гадаадын хөрөнгө оруулагчдыг тахиж, хоймортоо залахаас өөр сонголтгүй болохоос сэргийлж үндэсний хөрөнгө оруулагчдад өгөөжтэй нөхцөл амалж буй нь энэ хуульд сайн хэрэг. Гэвч “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчээр эдийн засгаа өөд татах гээд иргэдийг ажлын байр, шинэ санаа, орлого ашгаар нь тэтгэж байгаа жижиг болон дунд бизнесээ дэгээдэж унагах хууль болчихож. Энэ зуурт нь үндэсний хөрөнгө оруулагч гэж өөрсдийгөө өргөмжилсөн монополь компаниуд нь охин компаниудынхаа хамт татварын диваажинд морилж, бусад нь тамд унах нь. Учир нь Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн 16.2.2-т “Хөрөнгө оруулагч этгээдээс Компанийн тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.13-т заасан компанийн нэгдэлд оруулсан хөрөнгө оруулалт нь нийлбэр дүнгээрээ энэ хуулийн шалгуурыг хангах тохиолдолд тогтворжуулах гэрчилгээг тухайн нэгдлийн толгой компанид олгож, уг толгой компани болон түүний 50 буюу түүнээс дээш хувь оролцоо бүхий компанийн татварын орчинг хамтад нь тогтворжуулна” гэсэн байна. Цаашлаад 16.2.3-т “Хөрөнгө оруулагч этгээдээс энэ хуулийн 16.2.2-т заасан компанийн нэгдэлд үл хамаарах бусад хуулийн этгээдэд оруулсан хөрөнгө оруулалтын нийлбэр дүн энэ хуулийн шалгуурыг хангах тохиолдолд тухайн хөрөнгө оруулагчид тогтворжуулах гэрчилгээг олгож, уг хөрөнгө оруулагч болон түүний 50 буюу түүнээс дээш хувь оролцоо бүхий компанийн орчинг хамтад нь тогтворжуулна” гэжээ. Үнэхээр л эдгээр компани ийм эрх эдлэх үндсэн шалтгаан юу байгааг эхлээд хууль тогтоогчид олон нийтэд зарлах учиртай. Зөвхөн валютын ханш өссөн шалтгаанаар өнгөрсөн өдрүүдэд “Сүү” компани эх орны бүтээгдэхүүн гэж сүржин сурталчилдаг тарагныхаа үнийг 100 төгрөгөөр нэмчихээд байна. Таргаа ам.доллараар худалдаж аваад исгэдэггүйгээс хойш энэ мэт ядчихсан компаниудыг иргэдийн хэтэвчийг “зусардаж” буйнх нь төлөө татварын хөнгөлөлт эдлүүлнэ гэвэл түүн шиг утгагүй зүйл үгүй.
ХЯТАД УЛС ТОМЧУУДАА БИШ ЖИЖГҮҮДЭЭ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛЛӨӨ
Хятад, Солонгос, Япон гээд бидний үлгэр дууриал авах дуртай улсуудын бэлээхэн жишээг сийрүүлье. Зөвхөн Бээжинд гэхэд жижиг, дунд үйлдвэрлэлээ татвараас нь чөлөөлчихсөн. Хангалттай татвар төлж, төсөвтөө нэмэр болох цээнд хүртэл нь төр нь хүлээдэг жишигтэй. Харин томоохон компаниудаас бол өндөр татвар авах нь энгийн үзэгдэл. Өөрөөр хэлбэл, томоос нь их, жижгээс нь бага татвар авдаг болохоор бизнес эрхлэлтийн зохистой төвшинг бий болгосон байна.
Урд хөрш маань жижиг, дунд бизнесмэнүүдээ нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад татвараас чөлөөлснөөр зургаан сая бизнес эрхлэгчдэд дэм болох шийдвэр гаргасан тухай нийтлэлийг “ЧайнаДэйли” сонинд өнгөрсөн сарын 3-нд нийтэлжээ. Өнгөрсөн сарын 1-нээс эхлэн энэхүү арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн байна. Нэг аж ахуйн нэгж гэхэд сардаа эдгээр татварт 20 мянган юань буюу 3230 ам.доллар төлөхөд хүрдэг байжээ. Өнгөрсөн долдугаар сарын 24-нд Ерөнхий сайд Ли Кецян Төрийн консулын төлөөлөгчидтэй уулзах үеэр энэ тухай мэдэгдэл хийсэн юм. Ингэснээр жижиг, дунд бизнесийн хөгжилд томоохон түлхэц болно хэмээн эдийн засагчид нь найдаж байна. Энэхүү татварын чөлөөлөлт нь зургаан сая жижиг бизнесмэнүүдэд дэмжлэг болоод зогсохгүй 20 сая хүний орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийг тогтворжуулах юм. Өөрөөр хэлбэл, сар тутамдаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орлогыг 600-1000 юаниар нэмэгдүүлэхэд энэ хөтөлбөр чиглэж байгаа юм. Санхүүгийн яамнаас нь мэдээлснээр татварын энэ чөлөөлөлт 30 тэрбум юаньд хүрсэн бөгөөд энэ нь тус улсын нийт татварын орлогын багахан хэсэг. Тус улсын эдийн засагт өнгөрсөн оны байдлаар 10.6 их наяд юань эргэлдэж байв.
Харин манай улс жижигчүүлээ дэвсэлж, томчуулаа толгойдоо залаад авлига, хээл хахуулийг жинхэнэ утгаар нь цэцэглүүлэх хуулийг батлахаар улайрч байна. Монгол Улс “Топ 50 авлигач улсын нэг” гэж дэлхийд цоллогдоод байхад энэ мэт хууль улам “ташуур” өгсөн хэрэг болох нь. “Олон улсын ил тод байдлыг дэмжих” байгууллагын судалгаагаар энэ онд манай улс 95 улсаас авлигаараа эхний 50-д багтаж байгаа нь энэ юм. Иймд Хөрөнгө оруулалтын шинэ хуульд улайрахаасаа урьтаж ядаж л Нэмэгдсэн өртгийн албан татварын 10 сая босгоо 200 сая төгрөг болгочихсон бол бизнесийн орчныг тэнцвэржүүлсэн алхам болох байлаа.Ганц өрөө байрны түрээсийн жилийн төлбөр хүртэл 10 сая төгрөгт багтаж байхад ийм дүнгээр босго тогтоосон нь жижиг, дунд бизнесмэнүүд Нэмэгдсэн өртгийн албан татвар зэрэгт “хуйхлагдах” эхний шалтгаан хэвээр үлдэж байна.