Ж.ЦОГЗОЛМАА

“Магнай шиг бай л даа” гэж валютын ханшийг өсгөж буй ченжүүд болоод банкуудад нэг сайн хэлэх юмсан. Таксины үнийг өсгөх болчимгүй мэдэгдлийнхээ араас баахан баалуулсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга ард түмнээсээ уучлал гуйж, үнэ өсгөхөө азналаа. Тэгвэл ам.долларыг тэргүүндээ залаад төгрөгөө “булсан” банкууд, ченжүүд жаахан ч гэсэн суралцаасай. Манай улсад орж ирдэг мөнгөний цорго Оюутолгой гэдэг үгээр “бөглөрөөд” наашаа ч үгүй цаашаа ч үгүй болчихсон байхад ард иргэдээ бодож ханшийн өсөлтийг түр зөөллөж болдоггүй юм болов уу. Монголбанк арилжааны банкуудад долоо хоног бүр л ам.доллар нийлүүлж байна гэж зарлах юм. Өнгөрсөн пүрэв гаригт гэхэд 48 мянган ам.долларыг банкууд Төвбанкнаас худалдаж авсан байна лээ. Уг нь зах зээл “ширгээд” байхааргүйгээр боломжийн хэмжээний валютын хур энэ мэтээр бууж байна. Гэвч цаад талд нь ханш өсгөсөн бол буулгадаггүй гэдэг “эрхэм зорилготой” валютын ченжүүд хөдлөх шинжгүй сууж байна.

Шатахууны үнийг хазаарлах гэж Засгийн газар, Монголбанк хамтраад мөнгөний авдраасаа хэдэн тэрбум “ногоон”-ы хөнгөлөлттэй зээл, тусламжийг бензин импортлогчдод өгдөг юм билээ. Тэгвэл энэ удаад валютын худалдаа хийж байгаа ченжүүд болоод арилжааны банкуудтай хэлэлцээрийн ширээний ард суух гээд үзвэл яадаг юм бол. Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хэмээх сүржин нэртэй хөтөлбөрөөр олон зуун сая төгрөг барилгын компаниуд болоод банкууд, шатахуун импортлогч компанийн эздийн халаасанд орсон. Гэтэл тэд өнөөдөр валютын ханшийн хөөрөгдлөөр түрий барьж орон сууцны үнийг ам метр тутамд нь 500 мянгаас нэг сая төгрөгөөр өсгөөд амжсан бол шатахуун импортлогчид үнээ өсгөх гэж бичиг барьж гүйсэн ч юм шиг, үгүй ч юм шиг үнэн худал нь мэдэгдэхгүй яриа хуучраагүй байна. Ингээд бодохоор анхнаасаа байр сав барьдаг хүмүүсийн хэтэвчийг түнтийлгэх гэж Засгийн газар яарч байхаар хамаг үнийн өсөлтийн эхлэл болсон валют ханшийг атгаж байгаа эздэд нь хандсан “эмчилгээ” төлөвлөсөн бол онох байж.

40 мянган ам.доллар “Нарантуул”-ын түймэрт шатсан мэдээг үзэж суухдаа тэр мөнгийг банкинд хадгалуулчихсан бол өнөөдрийн валютын ханш ингэж “сагсуураа” ч уу, үгүй ч үү гэж бодогдох боллоо. Нарийн тоотой данс, тооцоог нь судалж мэдэхгүй ч далайд дусал гэгчээр оодроод байгаа ханшийг бага ч атугай барих л байсан биз. Уг нь иргэдийн банкин дахь 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хадгаламжийг Хадгаламжийн даатгалын корпораци даатгачихсан юм чинь тэр 40 мянган “ногоон”-ыг хоёр хуваагаад хадгалчихдаг газар даа, уг нь. Даанч үүргээ гүйцэтгэхээсээ өмнө нуувчинд удсан валют түлэнхий цаас болон хувирлаа.

Сампинтай нөхөрлө­сөн настай судлаачдын үгийг сонсохнээ манай улсаас өнөөх доллар гээч нь дайжаад зугатаах гэж эртнээс төлөвлөсөн юм байх. Шалтгаан нь хэд хэдэн хэсэгт хуваагдаж байгаа бөгөөд бусдаасаа жин дарж буй хэсэг нь гадаадын бизнесмэнүүд монголчууд бидэнд итгэж мөнгөө манайд үүцлэхээ больсных гэнэ. Оюутолгой ордын хөрөнгө оруулалтын дүнд сэтгэл дундуур үлдсэн “Рио тинто” компанийнхан өмнийн говиос түр холдоод Лондонд бууриа сахиад сууж байгаа юм байх. Тийм болохоор манай сайд, дарга нар тэднийг аргадах, гуйхын дунд томилолт аваад замд гарахаар зэхэж байгаа гэнэ лээ. Английн бороотой нийслэлээс сайн мэдээтэй ирж чадвал Оюутолгойгоор овогло­сон олон сая “ногоон” урсан ороход мөнгөний цорго маань гацах зүйлгүй болох бололтой. Гэхдээ энэ бол асуудлын зөвхөн өнгөн тал аж. Яагаад гэвэл “Рио тинто” гэдэг энэ уул уурхайн олборлогч компаниас бүхэл улсын хувь заяа хамаарахаар хэмжээнд хүрчихсэн нь өөрөө асуудал. Монголд орох ам.доллар бүрийн нэг цент тутам нь тэднээс хамааралтай болчихоор улс орон, Засгийн газар гэж өөрсдийгөө дөвийлгөх хэрэг байгаа ч юм уу. Ерөөсөө “Рио тинто” гэдэг нэртэй Монгол Улс гээд цоллочихвол яадаг юм бол. Нэгэнт л тэднээс болж валютын урсгал саатаад, импортоор “угжуулдаг” монголчуудын хэтэвч нимгэрээд, цайны газарт ордог хүний тоо хүртэл цөөрөөд эхлэхээр үнэн төрхөө нуух хэрэг байна уу.     

Ерөнхий сайд маань ч гэсэн өнгөрсөн долоо хоногт Өвөрхангайд хагас цагийн хэртэй уулзалт зохиохдоо Монгол Улс мөнгөгүй болчихсон ухааны мэдэгдлийг дэлхий даяар тараачихсан биш билүү. “Бондын мөнгөнөөс 300-400 сая ам.доллар үлдсэн. Төвлөрөлийг багасгах үүднээс аймгуудад томоохон орон сууцны хороолол барих бодлого баримталж байгаа. Орон сууцны санхүүжилтэд гэхэд 300 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн. Үүний 150 гаруй тэрбум төгрөгийг аймгийн төвд орон сууцжуулахад зарцуулна. Баянхонгор, Өвөрхангай аймагт гэхэд 1000 айлын орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн” гэж байна лээ. Дэд бүтцээ сайжруулж гадаадын том зочдоо хүлээж авахад нүүр улайхааргүй замтай болно гэж уг нь энэ бондыг гаргасан юм билээ. Харин одоо ганц км замын ард гараагүй байтал мөнгө нь “ууршчихлаа”. Энэ мэтээр л Монголоос дайжсан мөнгөний эрэл мухардаж орхив.