Ц.БАЯР
УИХ, Засгийн газрын тогтоолын дагуу хувьчлагдах найман компаниас “Монгол шуудан” ТӨХК цахиур хагалж олон нийтэд хувьцаагаа нээлттэй арилжлаа. Тус компанийн анхдагч зах зээлийн арилжааг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг,Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа, Монголын Хөрөнгийн биржийн захирал М.Болор нар морин цагт цан цохилоо. Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах тухай УИХ-ын тогтоол, Засгийн газрын “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай” тогтоолын дагуу “Монгол шуудан” ТӨХК-ийн нийт хувьцааны тоог 99,586,363 ширхэг байхаар тогтоож нийт хувьцааны 34 хувийг олон нийтэд нээлттэй санал болгон арилжих ажил амжилттай явагдлаа. Нэг бүр нь 185 төгрөгийн доод үнэ бүхий нийт 6,3 тэрбум төгрөгийн хувьцааг олон нийтэд санал болгосон ч 12,6 тэрбум төгрөгийн арилжааны захиалга ирсэн нь олон нийтэд төрийн өмчийн компанийн хувьчлалд оролцох, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх сонирхол боломж их байгааг харуулж буй юм.
Анхдагч зах зээлийн арилжааны нээлтийн үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа, “Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудыг хувьчлах ажилд манай мэргэжлийн байгууллагууд маш сайн оролцож буйг онцолмоор байна. Үнэт цаасны Гаулет компани гэхэд бэлтгэл ажил дээр маш сайн ажилласан. Төрийн өмчийн хороо бусад байгууллагуудад талархаж байна. Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржийн тухайд арилжааг аль болох нээлттэй шударга явуулах дэд бүтцийг бэлдэхийн төлөө чармайж ажиллалаа. Бүртгэлийн журмаа шинэчилсэн. Арилжааны журам, Хөрөнгийн биржийн гишүүнчлэлийн журам өөрчлөгдөж байна. Мөн MIT систем дээр хийгддэг арилжааны программууд дээрээ тодорхой хэмжээний өөрчлөлт оруулахаар ажиллаж байна” гэж онцлон тэмдэглэлээгэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.