“Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих төр, үндэсний үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн”-ий үеэр “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяртай ярицлаа.
-Баялаг бүтээгчдийг өнцөг булан бүрээс олж телевизээр таниулсны үр дүнд өнөөдрийн төр засгийн бодлого байгаа онож байх шиг. Үүнд таны санал нийлэх биз ээ?
-Тийм ээ. 2014, 2015 оны эдийн засгийн хүндрэлүүд монголчууд бидэнд олон зүйлийг хангалттай ойлгуулсан жил байлаа. Зөвхөн уул уурхайн салбараар улс орон тогтвортой хөгжихгүй. Харин бусад салбаруудаа сайн хөгжүүлэх хэрэгтэйг биеэр нь мэдрүүллээ. Монгол Улс солонгорсон эдийн засагтай байж гэмээнэ хүчирхэг, тогтвортой эдийн засгийн хөгжлийн замд орно гэдгийг харууллаа. Өөрөөр хэлбэл олсноо хувааж идэх биш өсгөж үржүүлэх бодлого хэрэгтэйг тод харууллаа. Бодлого зөв болсноор үндэсний үйлдвэрлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчид, өрхийн үйлдвэрлэл сэргэж эхэллээ. Өнөөдөр 800 мянга гаруй хүн жижиг дунд үйлдвэрлэлд ажиллаж байна. Энэ олон ажлын байрыг бий болгож улсад татвараа төлж чухал салбарыг олон нийтийн анхаарлын төвд оруулах “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” 2015 онд бүтэн жил ажиллаж эх орны өнцөг булан бүрт гэртээ юм оёж баялгийг бүтээж байгаа хөгшнийг хүртэл бид цэнхэр дэлгэцээр харууллаа. Тэр хүнд нэгдүгээрт, их урам зориг орж, хоёрдугаарт тэр хүн өөрөө маш чухал салбарт ажиллаж байдаг юм байна гэсэн итгэл, үнэмшил төрсөн. Шийдвэр гаргачид ард түмэн айл өрх бүрт хүрч уулзахгүй ч гэсэн телевизээр уулзуулж байгаа нь бодлогын чанарт нөлөөлсөн. “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны хийсэн ажлын үр дүнд төр засгийн бодлого шийдвэр энэ салбарт хүчтэй нөлөөлөх алхам болсон. Түүнчлэн өнгөрсөн онд баялаг бүтээгчдийг дэмжих жил болгон дөрвөн аймаг, нэг дүүрэг зарлаж байсан бол өнөөдөр төрийн яамд 2016 оныг үндэсний үйлдвэрлэлийг дэмжих дотоодын бүтээгдэхүүнийг худалдан авах санамж бичигт гарын үсэг зурлаа. Үүнийг би түүхэн үйл явдал гэж харж байна. Мөн 7-8 мянган ажилтантай MCS групп, төрийн өмчит улс үйлдвэрийн газрууд тухайлбал, МИАТ, Говь, Төмөр зам гээд том компаниуд үндэсний бүтээгдэхүүнийг худалдан авах тухай санамж бичигт гарын үсэг зурж уриалж байгаа нь төрийн бодлого том компани жижиг аж ахуйн нэгж өрхийн үйлдвэрлэлд системтэйгээр хэрэгжих боллоо. Ингэснээр Монгол Улсын эдийн засаг тогтворжих, хүчирхэг болох том галт тэргэнд суулаа гэж харж байна. 2016 оны эхэнд ийм чухал шийдвэрүүд гарч байгаа нь маш чухал ач холбогдолтой. Төр тэднийг ажлын байраар хангаж, ажилтай орлоготой байлгах ёстой байтал тэд өөрсдөө ажлын байраа бий болгож улсад татвараа төлөөд, чадан ядан явж нэг ёсондоо 20-оод жил хаягдсан 800 мянга гаруй ажилтантай жижиг дунд үйлдвэрлэгчдийн салбар амь орлоо. Монгол Улс солонгорсон эдийн засагтай байна гэдгийг энэ салбар нотоллоо.
-Монголын жалга, дов, баг, сум бүрт баялаг бүтээгчид байна. Гагцхүү тэднийг ойлгож дэмжих бүтээгдэхүүнийг нь худалдан авах хэрэглэгч бэлэн байна уу?
-“Баялаг бүтээгчдийн холбоо” бүтэн жилийн турш хэн юу хийж байгааг бүх салбарт нь төлөөлөл болгон сурталчилсан учраас монголчууд бид эхлээд бие биенийхээ юу үйлдвэрлэж чаддагийг мэдэх нь чухал. Тэгээд зах зээлийн зарчмаар сонголтоо хийх ёстой. Чанартай бараа бүтээгдэхүүн боломжийн үнийг санал болгож байгаа үндэсний үйлдвэрлэлийн компаниуд зах зээлийн өрсөлдөөний зарчмаар өрсөлдөх жамтай. Гагцхүү Монголын ард түмэн төр маань тэдний бараа бүтээгдэхүүнийг сонгон авснаар тэдэнд урам өгч дэмжлэг үзүүлэх юм. Борлуулалт нь нэмэгдэх хэрээр ажилчдынхаа цалинг нэмнэ. Татвараа төлж тоног төхөөрөмжөө худалдан авна. Хөрөнгө оруулалт хийж үзэсгэлэн яармаг худалдаанд оролцоно. Баялаг бүтээгчдэд ажил, асуудал ар араасаа ундарч төр түүнийг нь бодлогоор шийдсэнээр хамтдаа хөгжинө. Мэдээж гадаадын үнэтэй брендийг хэрэглэх нь сонголт, эрх чөлөө. Гэхдээ үндэсний үзэл санаа гэдэг тухайн орны оршин тогтнох үндэс. Бусад улс оронд үндэсний, эх оронч үзлийг хар багаас нь сургаж сургуульд нь зааж төлөвшүүлдэг. Үндэсний үзэл гэдэгт үйлдвэрлэлээс гадна үндэсний соёл, үндэсний үйлчилгээ, үндэсний худалдаа гэсэн том салбаруудтай. Энэ салбараараа бид үйлчлүүлэх ёстой. Солонгос салоноор үйлчлүүлээд монгол салоноор орохгүй ч юм уу, европ эмнэлгээр ороод монгол эмнэлгээр үйлчлүүлэхгүй байна гэдэг ч юм уу ийм байж болохгүй. Тэгэхээр монголчууд өөрсдөө үндэсний баялаг бүтээгчдийн бүтээгдэхүүнийг худалдан авч хөрөнгө оруулалт хийж, хэрэглэж, үйлчлүүлж байж цааш хөгжих жамтай. Тиймээс хүүхэд байхаасаа л эх оронч худалдан авалтыг хийх хэрэгтэй. Хэрэглэгчийг бэлэн болгох ажлыг өнгөрсөн жил хийсэн бол энэ жил “Монголд үйлдвэрлэв- миний хэрэглээ” гэсэн уриалга дэвшүүлж байна.
- Мэдээж чанартай бүтээгдэхүүн хийгээд эхлэхээр ард түмэн авна. Бүтээгдэхүүнээ чанаржуулах тал дээр баялаг бүтээгчид хичээх ёстой байх?
- Баялаг бүтээгчдээ чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг бас уриалж байна. Энэ сарын 21-нд баялаг бүтээгчид чуулж энэ тухай бодлого зорилтоо тодорхойлно. Үндэсний худалдан авагч, баялаг бүтээгчид чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж хоёр талаасаа зорилгоо нэгтгэж гэмээнэ үйлдвэрлэгчид худалдан авагчид сэтгэл ханамжтай байж улс орны эдийн засгийн сан хөмрөг арвижна. Миний бүтээгдэхүүнийг ав гэж тулгаж болохгүй. Чанар стандартад тэнцтэл үйлдвэрлэ. Тэнцэхгүй бол санаагаар бүү уна. Дараагийн удаа тэнцэнэ. Тэнцтэл чинь төр, болоод ТББ бодлогоор дэмжинэ гэсэн уриалга дэвшүүллээ. Сонгон шалгаруулалтад тэнцтэл та хөдөлмөрлө гэсэн л санаа.
-ЖДҮ, сум хөгжүүлэх сангийн төсөл хөтөлбөр, зээл эзэндээ очиж чадахгүй байна. Үүнд танай холбоо хэрхэн нөлөөлж, хяналт тавьж чадах вэ?
- Манай холбоо Аж үйлдвэрийн яамтай маш нягт холбоотой ажилладаг. Чингис, Самурай бондын мөнгийг авсан том аж ахуйн нэгжүүд жижиг үйлдвэрлэгчдээ дэмжих кластерийн системийг нэвтрүүлж ажиллах болсон. Энэ үүднээс өнгөрсөн оны төгсгөлд Засгийн газрын хуралдааны шийдвэрээр “ Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-г Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг хяналт тавих зөвлөлд тус бүр нэг хүн оруулна гэж заасан. Энэ бол маш том дэмжлэг. Тэгэхээр баялаг бүтээгчдэд зориулсан санхүүжилтийг эзэнд нь өгөх үүд нээгдсэн. Цүнхэн доторх цаасанд өгдөг мөнгийг жинхэнэ баялаг бүтээгчдэд өгөхөөр болоо. Үүнийг зөв гольдролд нь оруулахын тулд нийгмийн захиалгаар бий болсон манай холбоо ажиллалаа. Одоо манайх 30 гаруй мянган гишүүнтэй. Өнөөдрөөс эхлээд 21 аймгийн сумдын салбар холбоодын төлөөллөө “Сум хөгжүүлэх сан”-гийн төсөл сонгон шалгаруулах багт оруулж эхлэнэ. Мөн зах зээлийн өрсөлдөөнд баялаг бүтээгчдийг өрсөлдүүлэх чадварт сургах сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөлөө. Хүний юмыг дуурайж төсөл бичиж санхүүжилт авснаар хэн ч хөгжихгүй. Сумандаа өрсөлдөх биш өөр зах зээлд өрсөлдөхөд сургана. Сум, аймагт байхгүй үйлдвэрлэл, үйлчилгээг нээх нь чухал. Ер нь жирийн нэг өрхийн үйлдвэрлэгчийг хэн л тоож сурталчилдаг билээ. Гэтэл энэ өөрөө улс орны маш чухал салбар гэдгийг ойлгуулж чадсандаа бид баяртай байдаг. Тэдний нуруундаа үүрсэн банк, сангийн зээлийн барьцаанд байгаа хэт их ачааг хөнгөлөхийн тулд бид ажилладаг. Сум хөгжүүлэх санд 2-3 тэрбум төгрөг төсөвлөсөн.
-ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийг 100 сая төгрөгөөс дээш орлоготой том компанийн охин компани дундаас нь авч зориулалтын бусаар ашигласаар ирсэн. Хуульд ялгаж сайн зааж өгөөгүйгээс үүдэлтэй гэдэг. Энэ тухайд?
- Энэ жилийн тухайд 200 тэрбум төгрөгийг ЖДҮ-ийн сангаар дамжуулан зээл олгоно. Энэ нь эзэндээ очиж байна уу гэдэгт бас хяналт тавина. Төрийн бодлого, санхүүжилт баялаг бүтээгчдэд чиглэх тусам хийх ажил улам ихсэж байна. Үнэхээр том компанийн охин компаниуд, дарга нар гурван хувийн хүүтэй зээлийг дундаас нь авч 20 хувийн зээлийн хүүгээ төлж зориулалтын бусаар ашигласаар ирсэн. Үүнийг арилгахын тулд хуульд нь өөрчлөлт оруулахаар бид ажиллана. Багаас Монгол Улсын хөгжил эхэлдэг. Сум, багад байгаа өрхийн үйлдвэрлэгчийг, үндэсний том компанийн хэмжээнд үзэж төр бодлогоор дэмжих шаардлагатай. Төр хэдийгээр үндэсний том компаниудаа дэмжих нь зөв ч кластерийн систем буюу том үйлдвэрүүд жижиг компаниудаа чирж, дэмжиж явах ёстой бодлого алдагдаад байна. Төр хичнээн бодлого санхүүжилтээр дэмжиж буй ч улс орон ард түмний хөгжил урагшлахгүй байгаа нь энэ гажуудалтай холбоотой. “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” хийхээр төлөвлөсөн олон ажил байна. Цаашид юун дээр анхаарч ажиллах вэ гэдгээ 2015 онд мэдэрсэн болохоор энэ оны ажил тодорхой байна. “Монголд үйлдвэрлэв, миний хэрэглээ” аяныг монголчууд дэмжиж хүлээн авлаа. Өнөөдөр төрийн байгууллагууд дэмжихээ илэрхийллээ. Монголд үндэсний үйлдвэрлэл сэргэхэд ойрхон байгааг гэрчилж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин