Ж.ЦОГЗОЛМАА
Ингэж асуувал бидний хэд нь “Тийм” гэж хариулах бол. Бидний өдөр тутмын хэрэглээнд уул уурхайн бүтээгдэхүүн тэр чигтээ нэвт шингэсэн байдгийг анзааралгүй өнгөрөх тусам энэ хэрэглээ улам бүр нэмэгдэж байна. Бодоод үзье л дээ, бидний хамгийн сайн мэдэх автомашины цахилгаан эд ангийн бүрдүүлэхэд зэсийг ашигладаг. Эрүүл мэндийн салбарт гэхэд эм тариа, зүү, шил, хуванцар гээд бүхий л зүйлсийг газраас ухаж гаргасан ашигт малтмалаараа үйлдвэрлэж байна. Харин гэр оронд яадаг вэ. Ус дамжуулах хоолойг зэвэрдэггүй гангаар хийдэг, тэр нь бас л газрын хэвлийгээс ухаж гаргасан ашигт малтмал. Тодруулж хэлбэл, хүн бүр амьдралынхаа хугацаанд дунджаар 200 тонн нүүрс хэрэглэдэг байна. Ингэхдээ пластмас, дулаан, цахилгаан, битум, тос гэх зэргийн бүтээгдэхүүнээр энэхүү хэрэглээ харагдаж байна. Энэ хэрэглээнд 50 тонн төмрийн хүдэр нэмэгдэж байна. Төмөр болон ган бүтээгдэхүүн хэрэглэж буй нь ийм тоон үзүүлэлтийг бий болгожээ. Бас дөрвөн тонн цайр хэрэглэдэг юм байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, машины аккумлятор, дуу тусгаарлагч хана гээд олон зүйлээр хэмжигдэж байна.
Монголчуудын хувьд уул уурхай ямар үүрэгтэй байна вэ. Хүн бүрийн хэлэх эхний үг бол манай улсын эдийн засаг тэр чигтээ уул уурхайн салбараас бүрэн хамааралтай болчихсон. Зэс, алт, нүүрсээ гадаадуудад зарж, олсон орлогоороо улс орноо тэжээж байгаа нь бидний хувьд энэ ашиг тус гэж хэлж болохоор байна. Зөвхөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ гацахад л валютын ханш 2009 оноос хойш анх удаа чангарч, ам.доллар 1630 төгрөгт хүрэхэд ойрхон байна. Гадаадаас голдуу уул уурхайд чиглэсэн хөрөнгө оруулалт урсан орж ирдэг болохоор яах аргагүй бидэнд энэ салбар хамгийн их хамаатай болчихсныг дээр дооргүй л хүлээн зөвшөөрөхөд хүрээд байгаа юм.
Өөрөөр нөлөөлж буй хэсэг нь гэвэл түлшний хэрэглээ. Манай улс өвөлдөө хамгийн их нүүрс түлдэг улсуудын тоонд зүй ёсоор багтах биз. Гэр хорооллын утаатай тэмцээд тусыг эс олсон болохоор энэ жил ч ялгаагүй нүүрсний хэрэглээ дээд амжилтаа эвдэхээр байна. Гадаад худалдааны салбарт ч ялгаагүй нүүрс данхайж байлаа. Гэвч энэ жилийн хувьд шатдаг “чулуу”-ны борлуулалт эрс буурснаас манайд орох валютын урсгал огцом багасч, төгрөгийн ханш суларсан байна. Үүнийг статистик мэдээллээр харуулах гээд үзье. Манай улс өнгөрсөн сард дэлхийн 122 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6038.7 сая ам.доллар болж үүнээс экспорт 2353.6 сая, импорт 3685 сая ам.долларт хүрсэн байна лээ. Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн сард 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 98.4 сая ам.доллар буюу 6.9 хувиар буурчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 467.5 сая ам.доллар буюу 7.2 хувь, үүний дотор импортын хэмжээ 283 сая ам.долл буюу 7.1 хувь, экспортын хэмжээ 184.5 сая ам.доллар буюу 7.3 хувиар буурсан байна.
Манай улс 2005 оноос нүүрсээ экспортолж эхэлсэн Монголын нүүрс экспортлогч компаниуд нэг тонн нүүрсийг дээд тал нь 117 ам.доллараар худалдаалж байгаа аж. Манай улс 2010 онд 18.3 сая тонн, 2011 онд 22.5 сая тонн нүүрс Хятад руу эксптортолсон аж. Харин энэ онд өмнө байгаагүйгээрээ унажээ. Он гарсны дараа нэг тонн нь 120 ам.долларт хүрч байсан нүүрсний үнэ одоогийн байдлаар 50-60 ам.доллар болтлоо буурчихаад байгаа бөгөөд шинжээчдийн хэлж буйгаар нүүрсний үнэ 2016 он хүртэл сэргэхгүй аж.