Д.ОЮУНЧИМЭГ
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын Үндэсний зөвлөл жил бүр хуралдаж, нэгтгэл тайлангаа баталдаг. Энэ удаад 2014 оны нэгтгэл тайлан, 2015 оны ажлын төлөвлөгөөний биелэлтээ хэлэлцэв. Түүнчлэн энэ оны ажлаа төлөвлөжээ. Энэ талаар Уул, уурхайн яамны газрын дарга Н.Энхбаяр, ОҮИТБС-ын ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон, Байгаль орчны иргэний зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батболд, Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа нар өчигдөр мэдээлэл хийлээ.
Франц, Монголын хамтарсан “Кэй Пи Эм Жи” аудитын консорциум ОҮИТБС-ын 2014 оны нэгтгэл тайланг тулган, баталгаажуулалт хийсэн байна. Тайланд олборлох үйлдвэрлэлийн төлбөр, орлогыг нэгтгэн баталгаажуулсан бөгөөд тусгай зөвшөөрлийн ил тод байдал, үйлдвэрлэл, борлуулалт, хайгуул, компаниудын ашиг хүртэгч эзэд, ажиллах хүч, орон нутгийн засаг захиргаатай байгуулсан гэрээ, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ил тод байдал, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, байгаль орчны нөхөн сэргээлт, төсвийн хуваарилалт зэрэг өргөн хүрээний судалгаа, хөндлөнгийн дүгнэлтийг багтаажээ.
Дэлхийн 48 улс ОҮИТБС-д нэгдсэн бөгөөд уул уурхай, газрын тосны салбарын ил тод байдлыг багтаасан тайланг жил бүр гаргадаг байна. Монгол Улс 2006 онд анхны тайлангаа гаргасан байдаг. Энэ жил ес дэх тайлангаа гаргаж буй юм. 2014 оны нэгтгэл тайлан нь стандарт жишгийн дагуу гаргасан хоёр дахь тайлан бөгөөд цахим тайлангийн системийг нэвтрүүлж, бичил уурхай эрхлэгчдийн мэдээллийг анх удаа багтааснаараа онцлог болсныг албаныхан хэллээ.
2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар ашигт малтмалын 2736 тусгай зөвшөөрлийг 1553 компани эзэмшиж, газрын тосны бүтээгдэхүүн хуваах 22 гэрээг 16 компани байгуулжээ. Компаниуд хуулийн дагуу 2014 оны ОҮИТБС-ын тайлангаа гаргаж, нийтэд ил тод мэдээлэх үүрэгтэй. Энэ дагуу 992 компани тайлангаа хугацаандаа гаргаж, бусад компаниуд нь тайлан гаргаагүй, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй гэдгийг судалгааны дүнгээс харж болох юм. Хэдийгээр зарим аж ахуйн нэгж тайлан өгөхгүй байгаа ч анх 64 компани хамрагдаж байсантай харьцуулахад нэлээдгүй ахицтай байгааг хурлын үеэр оролцогчид хэлж байлаа.
Мөн онд 496 хувийн компани 804 тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд хайгуулын ажил хийж, улсын төсвийн хөрөнгөөр 62 хайгуулын төсөл хэрэгжсэн байна. “Алтандорнод Монгол”, “Багануур”, “Шивээ Овоо”, “Оюутолгой” компаниуд нь нөхөн сэргээлтэд хамгийн өндөр зардал гаргасан бөгөөд эдгээр компаниудын гаргасан зардал нь 2014 оны нийт нөхөн сэргээлтийн зардлын 74.1 хувийг эзэлж байна. ОҮИТБС-ыг хэрэгжүүлснээр баялгийн хуваарилалт зөв голдиролд орж, үйл ажиллагаа ил тод болж байгааг сүүлийн 10-аад жилийн туршлагаас харж болох юм байна. Түүнчлэн зорилтот бүлэгт нэгдсэн мэдээллийг хүргэж, орон нутгийн дэд зөвлөлийг чадавхижуулах талаар гурван тал харилцан уялдаатай ажиллах боломжийг бүрдүүлж байгаа ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин