Э.ӨНӨР

Валютын ханш өсч, гадны хөрөнгө оруулалт буурсан зэрэг манай эдийн засагт таагүй нөхцлүүд үүсээд байна. Үүнийг зарим эдийн засагч хямралын дохио гэж байгаа. Энэ бүхнээс гарах ямар гарц байгаа талаар МУИС-ийн профессор Л.Оюун, “MIH” группын ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, дэд профессор, эдийн засагч Г.Рагчаасүрэн нар байр сууриа илэрхийллээ.

Д.Жаргалсайхан: ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ХУВААРЬТ ОРОХ БОЛОМЖ БИЙ

-Монголын эдийн засаг өссөн нь ямар ч улстөрч, эдийн засагч, Засгийн газрын буян биш. Харин уул уурхайн түүхий эдийн үнэ өмнө нь байгаагүй өндөр байсанд л гол учир байна. Тэгвэл өнөөдөр нүүрсний үнэ 50 орчим хувиар уначихлаа. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ угаасаа  ингэж савладаг. Тиймээс бид заавал байгаль орчноо ухаж сүйдлэхийн оронд арай өөр аргаар эдийн засгаа тэтгэх арга бий. Тухайлбал, монголчууд Олон улсын хөдөлмөрийн хуваарьт орох боломж байна. Хойд, урд хоёр том хөршийг холбосон төмөр зам тавих хэрэгтэй.

 

Л.Оюун:  УЛС ТӨРИЙН ШАХАЛТААС АНГИД БАЙХ ХЭРЭГТЭЙ 

-Гадаадын хөрөнгө оруулалт буурснаар ам.долларын нийлүүлэлт багасаад, эрэлтээ гүйцэхгүй болсноор ханш өсч байна. Энэ мэт таагүй байдал эдийн засагт үүссэн. Энэ байдлаас гарах ямар нэг гарц байж л таарна. Дунд, болон урт хугацааны стратегийн бодлого баримталж, ямар нэг шахалтад орохгүйгээр гарцыг хайвал илүү үр дүнд хүрнэ. Манайд улстөрийн шахалт нэлээд бий. Нөхцөл байдлыг өнгөлөн далдалсан, иргэдээс оноо цуглуулах гэсэн улстөрийн шахалтууд ажиглагддаг. Улс төрийн хүчнүүд эдийн засгийн нөхцөл байдлыг байгаагаар нь иргэдэд хэлж, тухайн байдалд авах арга хэмжээ, бодлогоо тодорхой тайлбарлаад явбал бидэнд гарц ойр байна.

 

Г.Рагчаасүрэн: ИМПОРТЫН ХЭМЖЭЭ БУУРАХГҮЙ БАЙНА

-Нүүрсний экспорт буурч, зэс болон нүүрсийн үнэ унаж, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь эдийн засгийг хямралд хүргэх хангалттай шалтгаан болох байлаа. Гэсэн ч 2008 оных шиг эдийн засгийн хямрал болоогүй байна. ДНБ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12 хувийн өсөлттэй байна. Өөрөөр хэлбэл, экспортын орлого, гаднын хөрөнгө оруулалтын бууралтыг төрийн хөрөнгө оруулалтаар буюу Чингис бондын хөрөнгөөр бий болгож байгаа бүтээн байгуулалтын төслүүд нөхөж байгаа нь эдийн засгийг хямралаас хамгаалж байна. Экспорт, гадаадын хөрөнгө оруулалт үлэмж багассан боловч импортын хэмжээ буурахгүй байгаа нь ДНБ өсч байгаатай холбоотой. Ингэснээрээ ам.долларын хомсдол үүсч улмаар ханш нь өсөж байна. Түүнээс эдийн засаг хямарч, нөхцөл байдал хүндрээгүй. Ажилгүйдэл өсөөгүй, инфляц харьцангуй тогтвортой байна. Гэхдээ энэ нь зөвхөн богино хугацаанд бий болж байгаа нөхцөл байдал гэдгийг мартаж болохгүй.