Ж.ЦОГЗОЛМАА,
Э.СОЛОНГО
Өнгөрсөн хоёр жилийн турш иргэдийн тархийг угаасан хөтөлбөрийн шошгон дээр “Байрны үнийг нэг сая төгрөгт барина” гэсэн өгүүлбэр бичээстэй байлаа. Орон сууцны ам метр талбайн үнийг нэг сая төгрөгт багтааж, хамгийн хямд сууцны үнэ 850 мянган төгрөгөөс эхлэх учиртай хэмээн тэд амлаж байв. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 29-нд буюу одоогоос 18 сарын өмнө Барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар “Таван сар л хүлээчих, орон сууцны үнэ хоёр дахин хямдарна” гэж мэдэгдэж байв. Барилгачдын үндэсний зөвлөгөөнөөр БХБ-ын сайд нь хүртэл орон сууцны үнийг нэг сая төгрөгт багтаана гэсэн мэдэгдэл хийж, хэвлэлийн гол сэдэв болгоод байсан тэр цагаас хойш хэдэн таван сар өнгөрлөө. Үнэ өндрөө авлаа, харин тухайн үед хамжааргагүй үнийг хазаарлана гэсэн нөхөд таг чиг. Оронд нь найман хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөр зарлаад байгаа. Улсын төсөв тасалдаж, валютын ханш өндрөө авч, гаднаас орох мөнгөний урсгал царцчихаар энэ хөтөлбөр цаашид хэрхэн хэрэгжих нь оньсого болов. Сайд нар нь энэ хөтөлбөрийг амь бөхтэй, найдвартайг нь гайхах зуур ард иргэдийн дунд богино настай амлалт гэсэн яриа тархаад удаж байна.
Н.Алтанхуяг: БАЙРНЫ ҮНЭ ЦААШИД БУУРАХ БОЛОМЖТОЙ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг ингэж мэдэгдэж байлаа. Байрны ам метр талбайн үнийг нэг сая төгрөгт багтаана гэж амлаад Засгийн газар иргэдийг баахан төөрөгдүүлсний гор одоо үнийн өсөлтөөр гарч байна. Албаны хүмүүсийн орон сууцны үнийг нэг сая төгрөгт багтааж болдгийг яруу тодоор харуулна гэж мэдэгдсэн мэдэгдлүүд одоо хэр нь хуучраагүй ч үнийн өсөлт шинэ хэвээрээ л байна. “Бид удаан хугацаанд судалгаа хийсэн. Үүгээр орон сууцны ам метрийг нэг сая төгрөг байж болно гэсэн бодит байдлыг тогтоосон. Орон сууцны үнийг буурлах тал дээр Монголбанк БХБЯ хамтарч ажиллахаар болжээ. БХБЯ болон барилгын компаниудын хооронд орон сууцны үнийг нэг ам метрийн үнийг нэг саяас доош байна гэсэн гэрээ хийнэ. Үүнд нь манай газар хяналт тавих болно. Орон сууцны үнийн “хөөс” хагарна, бодитой үнэ тогтоно” гэсэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайгийн мэдэгдэл бас л хүлээлт, эргэлзээ дагуулсан хэвээрээ үлдэж байна.
Манай улсад ам метр талбайг бодож гаргадаг аргачлал байдаг ч үнийг нь зохицуулах боломжгүй юм байх. Улсаас тогтоож өгсөн үнийн тогтолцоо гэж байхгvй. Гэтэл манай урд хөршид орон сууцны талбайн үнийг тэдээс тэдэн юанийн хооронд барина гэж үнэ тогтворжуулах хороогоороо тогтоосон байдаг. Иймээс компаниуд үнээ өөрийн дураараа өсгөх боломж муутай. Харин манайд компанийн эзэд юу л гэж хэлнэ тэр зоргоор нь үнэ өсдөг. Тэгээд ч одоо барилгын компанийнхны тогтоогоод байгаа 2000 ам.доллар бодитой ханш мөн үү гэдэг эргэлзээтэй. “Бодит зардлаар нь тооцвол ам метр талбайн vнэ 500-700 ам.долларт хэлбэлзэхээр байгаа юм. Бодит үнээсээ 2-3 дахин нэмэгдчихээд байгаа нь бусад хvчин зvйлтэй холбоотой. Тэгэхээр нарийн судлах ёстой. Энд их гаж зүйл болоод байна” гэж МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Б.Сайнжаргал хэлсэн юм.
Гэтэл өнгөрсөн жил БХБ-ын сайд асан Ц.Дашдорж “Байрны үнэ 1.1 саяас илүү гарахгүй” гэж мэдэгдсэн нь ор үндэслэлгүй, эсвэл санаанд орсон тоогоо хэлчихсэн хэрэг үү гэсэн асуулт гарч байна. Тэрээр “Ам метр талбайн үнэ 1193000 төгрөгөөс дээш байвал үнийн хөөрөгдөлтэй байна гэж ойлгож болно. Барилгын бүтэц хийцээс хамаарч үнэ өөр, өөр гарч ирэх учраас өндөр нарийвчлалтай судалж үзсэний эцэст дунджаар 1193000 төгрөгийг гаргаж ирсэн” гэсэн. Харин өнөөдөр түүний халааг авсан сайд Ц.Баярсайхан тэвч итгэ хүлээ, тэгвэл чи ялна гэсэн ухааны ямар нэгэн эдийн засгийн үндэслэл тооцоогүй мэдэгдэл хийгээд сууж байгааг юу гэж ойлгох вэ.
ХАМГИЙН ХЯМД БАЙРНЫ ҮНЭ 1.7 САЯ ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА
“Сүхбаатар дүүрэг зургадугаар хороо. Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн хойно “Эх булаг” компанийн барьсан байранд хоёр өрөө байр зарна. Ам.метр нь нэг сая 200 мянган төгрөг”. Энэ бол жилийн өмнөх “Зар мэдээ” сонинд гарсан зарлал.
Өнгөрсөн онд хотын төвд байрлалтай орон сууцны ам метрийн үнэ өнөөдрийнхөөс 400-600 мянган төгрөгөөр хямд байжээ. Харин одоо Сүхбаатар дүүрэгт орон сууцны ам метрийг ханш хамгийн хямддаа 1.5-3 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Жилийн өмнө Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр орчимд байрны ам метрийн үнэ 1.2-1.4 сая төгрөг байсан бол өнөөдөр 1.7-2 сая төгрөгт хүрээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, байрны үнэ 1-3 сая төгрөгөөр өсчээ. Энэ хугацаанд инфляц хоёр оронтой тооноос нэг оронтой тоонд шилжсэн гэх албаны байгууллагуудын судалгаа байгаа ч байрны үнэ энэ хооронд хэдэн саяар “өгссөн” байх юм.
Засгийн газраас барилгын салбарт “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр зарлаж барилгын компаниудад 800 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, материалынх нь татварыг хөнгөлөөд ч үнийн өсөлтийг хазаарлаж чадсангүй. Буухаа мэддэггүй энэ үнийн өсөлтийг дарга, сайд нар эрэлт өссөнийх гэж тайлбарладаг юм билээ. Бодит байдал дээр нэг нь хайгаад, нөгөө нь хайлгаад байгаадаа биш, зүгээр л компанийн эздийн зусарч зангийн зөвхөн өнгөц хэсэг дэх өнгөлөн далдлалт. Тийм л юм бол, эрж хайгаад олддоггүй эрдэнэ болсон болоод орон сууцны шинэ үзэсгэлэнгүүд энд тэндгүй цэлийтэл нээгдэж, байр авбал элдэв бонус урамшуулал зарлаад байх уу.
Сайдын амнаас унадаггүй үнэнийг Монголын ипотекийн корпорациас судалгаагаараа илрүүлж гаргах гэж оролджээ. Тэдний судалгаанд хамрагдсан хүмүүсийн 42 хувь нь орон сууц худалдаж авах иргэдийн эрэлт үнэд нөлөөлж байна гэсэн бол 19 хувь нь төрөөс барилгын компаниудыг хангалтгүй дэмжиж байгаа, дөрвөн хувь нь барилгын материалаас шалтгаалж байна гэж хариулжээ.